Хятадууд 2.6 тэрбум доллараар морин тойруулга барина

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 11 -нд

Манай урд хөрш БНХАУ сүүлийн жилүүдэд эдийн засгийн үсрэнгүй хөгжилдөө тулгуурлан бүхий л салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоод байгаа билээ. Тэд эдийн засаг, цэрэг, улс төр, урлаг спорт гээд бүх салбарт дэлхийн тэргүүлэгч их гүрний нэг болоод байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Тэгвэл энэ удаа Хятадууд хурдан морины ертөнцөд шуугиан тарьж эхэллээ.
 БНХАУ-н Засгийн Газраас улсынхаа 4 дэх том хот Тянжинд морин уралдааны иж бүрэн цогцолбор барихаа зарлаад байна. Энэхүү цогцолбор нь 2.6 тэрбум долларын төсөвтэй бөгөөд ирэх жил гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. “Tianjin Equine Culture Center” нэртэй цогцолбор нь уралдааны 2 зам, сургалтын 5 зам, адууны эмнэлэг, дуудлага худалдааны төв, 4000 жүчээ бүхий адууны байр, сургалтын талбай, Олон улсын адуу судлалын коллеж зэрэг хэсгээс бүрдэх юм байна. Цогцолборын нийт талбай нь 3.3 сая кв.метр.
Гайхамшиг гэгддэг Дубайн Мейдан цогцолбороос ч илүү төсөвтэй энэхүү төсөл нь Хятадууд хурдан морины уралдаанд хүч түрэн орох гэж байгааг харуулж байгаа юм.
Хятадууд дэлхий даяар шуугиан тарьж байгаа энэ төслийнхөө хамтрагчаар Ирландын Күүлмоор жүчээг сонгож 40 сая еврогийн төсөв бүхий, 3 жил хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Хамтран ажиллах гэрээний дагуу Ирландаас Хятад руу цэвэр цусны буюу англи адууг оруулж ирэх бөгөөд Хятадын адууны мэргэжилтнүүдийг Ирландад 2 сарын хугацаатай сургалтанд хамруулах юм байна.
Асар хурдтай хөгжиж байгаа БНХАУ-н хурдан морины салбарт гол тоглогч нь болж байгаадаа Ирландчууд сэтгэлэн хангалуун байгааг тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ирландын ХАА-н сайд Саймон Күүвни болон Күүлмоор жүчээний Жи Пи Магниер нарын мэдэгдлээс харж болно.
Мөн Тянжиний Хөдөө аж ахуйн бизнес группын захирал Бай Ши Шен гадаад хамтрагчдынхаа тусламжтайгаар энэ төслийг хурдан хугацаанд амжилттай хийж дуусгах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. (Тянжиний Хөдөө аж ахуйн бизнес групп нь төрийн өмчит компани юм байна)
Тянжинд морин уралдааны цогцолборт эхний жилдээ 40 уралдаан зохиохоор төлөвлөж байгаа бөгөөд эдгээр уралдаануудад 600-800 адууг оролцуулах юм байна. Дашрамд сонирхуулахад БНХАУ нь хурдан морь уралдуулж, бооцоо тавихыг 1949 оноос хойш хориглож байснаа өнгөрсөн жил цуцалсан юм.

Эх сурвалж: www.mongoljockeyclub.com 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна