Хурга тойны хурдан хээр

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 09 -нд

XV жарны могой жил 1917 онд Шанхын хэц, Дэл хөнжлийн хэцэд гарсан хээр унага хожмоо аймаг, хошуундаа алдартай хурдан хүлэг болсон байна.  Энэ морийг бага насанд Шанхын хэцийн “сахал” хэмээх Лувсандорж гэдэг хүн танин авч их, бага наадам олон удаа түрүүлгэж улмаар 1922 оны хар нохой жил Хан-Уулыг тахиж сумын занги Дэлэг залан, Сүрэн занги гэдэг хоёр ноёны хошууны тушаал хүлээлцүүлэхэд зориулан хийсэн Хан Уулын энгэрийн наадамд 574 бүдүүн морь уралдахад хавчиг настай хээр морийг Лувсандорж гуай уяж ирэхэд орон нутгийн эрхтэн дархтнууд газар сунгаж Гэдэрэгийн хэцийн Улаан овоо, Хадан усны зүүн хойд элсэн гүвээний араас баруун хойш нь уралдуулсан гэдэг. Энэ үед Лувсандорж гуай аархан асарын өмнө шүдлэн байдас унаж очоод “та нар муусайн баячууд, миний хавчиг морийг хавчиж газар сунгалаа. Миний морь газрын холдоо ч улам сайн даа” гэж байжээ. Энэ одоогоор 30 гаруй км газар байсан байна. Гэтэл Лувсандоржийн хээр морь гараанаасаа эхлэн ганцаараа тасран улам холдон зугтсаар эгэлгүй хол түрүүлж хурдаа гайхуулсан гэдэг. Энэ жилийн наадамд түүнийг 16 настай Ишгэнхүү гэдэг эмэгтэй хүүхэд унаж уралдан түрүүлгэсэн бөгөөд энэ наадамд хамт морь унаж уралдсан өвөөгөө Сэрээ гуай саяхан болтол амьд сэрүүндээ хуучлан ярьдаг байлаа. Хээр морь их хол уяатай бахим чийрэг, дөрвөн талаасаа тэгш сайхан харагддаг, энгийн задгай, унахад хашин юм шиг, уяа орох тусмаа хөнгөрдөг, гайхам сайхан хийц бүрдсэн ажнай байсан гэдэг. Хавчиг хээр морийг энэ наадмаас хойш одоогийн Ханхонгор сумын хацрын хэцээр нутагтай Хурга тойн гэдэг хүн тухайн үед хургатай хонь 300, хомтой 8 атаар худалдан авч олон жил уралдуулсан бөгөөд 1932 онд Өмнөговь аймгийн анхны наадамд хүү Цэмбэл тойн уяж түрүүлгэсэн,  бол 1935 онд мөн л түрүүлгэжээ. Үүнээс хоёр жилийн дараа 21 настайдаа аймгийнхаа наадамд 3 дахь удаагаа түрүүлсэн хурдан хүлэг юм. Өмнөговь аймгийн түүхэнд хавчиг морь түрүүлсэн өөр тохиол байхгүй бөгөөд энэ морь Хануулын наадмаас эхлэн аймаг даяар алдаршиж олон жил тогтмол хурдалсан түүхтэй бөгөөд ард түмний дунд “Хурга тойны хээр” гэдэг нэрээр одоог хүртэл домог болон яригдсаар ирлээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна