Яруу найрагч Батмөнхийн Чулуунцэцэг Ембүү хээр

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 04 -нд

Хотгойдын ван Чингүүнжавын мэндэлсний 300 жилийн ой, “Хотгойдын хурд-2” хойд бүсийн наадамд сул давхин манлайлсаар дөрөвт хурдалсан Элбэгзаяагийн Ембүү хээр азарганд зориулав.

Хотгойдын наадам эхэлж байна
Хотол түмнээрээ аясаж байна
Хөхрөн сугсрах талын хэвлийг
Хүлэг морьд нь тэмтэрч байна
Зул задарч, талын энгээр цуварсан
Зуу зуун ажнай барианы зүг довтолж байна
Эрдэнэт сүргийн манлай даамайдуухан даялах нь
Элбэгзаяагийн хээр магнайдаа тоосгүй өнгөлж байна
Хөвсгөлийн уулс өндийж дэмнэнэ
Хөх өвс мярааж түшнэ
Хүүхдээ мартсан хээр азарга
Хэц хөндий, хэвгий гүвээг эвхэж хурдална
Харсан бүгдийн нулимс энгэр хавж
Хан тэнгэрийн хүлэг мөн байна хэмээн уулога алдана
Хотгойдын наадмыг чимж хурдалсан сул ажнай
Хотлын наадмыг баясгаж хурдалсан жигүүртэн ажнай
Араас нь нэхэж яваа морьдын давхил ташуур нь юм
Алдрай багачуудын гуургийн дуу урам нь юм, түүнд
Намирсан тугтай чиглүүлэгчийн унаа унаач нь юм, түүнд
Нартай, хуртай наадмын дэвжээ угаас заяасан эх орон нь юм, түүнд
Ширээтийн цагааны угшилтай
Сүмэн Асгатын гаралтай
Ерөөл холын эзэнтэй
Ембүү хээр хийморь далласан хүлэг ээ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна