Наадмын чимэг Нарансолонго

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 03 -нд

Монгол төрийн наадмын торгон ногоон дэвжээг үе дамжин чимж буй удамт уяачдын нэг нь М.Данзанням Манлайн үр сад. Морин тойруулгат хөтлөн оруулсан хүү нь төрийн наадамд хамгийн олон морь түрүүлж айрагдуулсан хорьдугаар зууны Манлай уяачаар тодорч, ач хүү  Д. Баянбат нь хонгор үрээгээ аман хүзүүнд хурдлуулан  дэнж хотойтол наадаж буйг буурал уяач тэнгэрийн орноос тольдон суугаа бизээ.
Буурлуудын буян заяаг түшиж хурдан хүлгийн уяа эвлүүлдэг Д.Баянбат бүсийн наадмаас ???? хүртсэн аймгийн Алдарт уяач.  Харин өнөөдөр монгол төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан бахдам амжилтын эзэн болж, зууны Манлайн мэлмийг чийгтүүлж сууна.
Монголын хурдан морины  түүхэнд бас нэгэн шинэ амжилтын эзэн болсон хонгор  үрээ Их хурдын  түрүү  Цолмон халтар азарганы төлийнх нь төл юм. Бүр тодруулбал бүсийн наадмын нэг айргийн эзэн Хөх цавьдар азарганых нь төл.
Харин эх нь алдарт Зул хонгор азарганых нь төл юм. Ийнхүү хоёр талын хурдны удамтай хонгор үрээ даагандаа уягдалгүй өнжиж, шүдлэндээ төрийн наадамд долоогоор давхиж байсныг уншигчид санаж буй бизээ.
Уяа нь жигдэрч хурд ороод ирэхээрээ нарны туяанд солонгорон харагдах үрээндээ эзэн нь Нарансолонго хэмээх сонсголт нэрийг хайрласан гэдэг. Адууг хүний дайтай тооцож дуудах нэр хайрлах нь дуурсах алдрын эхлэл байдаг хэмээн үздэг Зууны манлайн унаган хүлгэд ийнхүү хазаар даран дүүхэлзэж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна