“Монгол” үзэсгэлэн нээлтээ хийж байна

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 26 -нд

Монголын Уран зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн есдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнгээ Эзэн богд Чингис хааны 850 жилийн ойд зориулж буй гэнэ. Тэд үзэсгэлэндээ монголчуудын их түүх,  гүн ухаан  соёл, үндэсний ёс заншил, ан амьтан, байгалийн зүй тогтол,  ахуйн амьдралаас  сэдэвлэсэн, орчин үеийн урлагийн арга барилаар дотоод сэтгэлгээгээ илэрхийлсэн, өөр өөрсдийн өнгө аясаар мэргэжлийн өндөр төвшинд урласан бүтээлүүдээ дэлгэх юм байна.

Зураач А.Чадраабал Монголын их говийн эзэн хаан, орсон буурны дотоод сэтгэлгээний  мөн чанар, онцгой сонин содон дүр төрх, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч буйг хүчтэй эрчимлэг фактуртай уран баримал, бийрний дахин давдагдашгүй уран нарийн зураастай бэхэн зураг зурсан бол Д.Батмөнх дэлхий ертөнцийг бөмбөрдөн салхи татуулан давхиж  буй тэнгэрийн түмэн агт морьдыг орчин үеийн уран зургийн шинэ арга барил, өнгө будгийн яруу тансаг зохиролоор нийцүүлэн 12 метрийн урттай монументалист уран зураг зурсан байна.

Уран барималч А.Очирболд, зураач  О.Энхтайван нар  тэнгэр заяат монголчуудын огторгуй ертөнцийн гүн ухаан, далд ухамсрын зөн совин, хүний нүдэнд үл үзэгдэх нарийн чанд ёгт бэлгэдлийг ургуулан сэтгэж,  уран бүтээлч хүний нуугдмал торгон мэдрэмжээр хийсвэр абстракт уран зураг, уран баримлуудыг урласан байна.

Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх аравдугаар сарын 2-ныг хүртэл Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэн гарна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна