О.Бурмаа Алтан гран-пригаас хүрэл медаль хүртлээ

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 23 -нд

Азербайжаны нийслэл Баку хотноо өчигдөр өндөрлөсөн чөлөөт бөхийн Алтан гран-при тэмцээнээс Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медаль хүртлээ. Есдүгээр сарын 21-23-нд болсон Г.Алиевийн нэрэмжит тус тэмцээнд өнгөрсөн жилийн ДАШТ, энэ жилийн тивүүдийн аварга, мөн гран-при тэмцээнээс медаль хүртсэн бөхчүүд урилгаар зодоглосон юм. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 11 бөхөд урилга ирсэн ч О.Бурмаа ганцаараа зодоглож, эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болжээ. Мөн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар шүүгчээр ажилласан байна.

Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд долоон бөх өрсөлдсөнөөс О.Бурмаа эхний тойрогт Казахстаны бөх Элмира Сыздыковаг 1:0, 1:0 оноогоор ялсан ч удаахь барилдаанд Шведийн тамирчин Анна Женни Фрэнссонд 0:3, 1:0, 0:1 харьцаатай гурван ялагджээ. Ингээд дагах барилдаанд Азербайжаны бөх Наталья Паламарчукийг 1:0, 4:0-ээр ялж, хүрэл медалийн тавцанд гарсан байна. Түүний жинд Шведийн бөх түрүүлж, алтан медаль хүртсэн бол Украйны тамирчин Катерина Бурмистрова мөнгө, Польшийн Агнешка Вьезчек хүрэл медаль хүртжээ. О.Бурмаа өмнө нь 2008 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна