Манлай уяач Д.Эрдэнэчулуун: Морь хурдлаад ирэхээр их хөрөнгө, алдар нэр хүнийг эвддэг юм
Төрийн баяр наадмыг залгаад зүүн, баруун, төв, говийн бүсийн даншгууд үргэлжилсэн билээ. Манай “Тод магнай” сэтгүүлийн баг эдгээр бүсийн наадмуудыг газар дээрээс нь сурвалжлан өөрийн сайтаар цаг үеийн мэдээллийг тухайн үед нь хүргээд байсан юм. Харин энэ удаад “Их мандал-2012” Говийн бүсийн уралдаанаас хийсэн сурвалжлага бүхий аяны богцоо задалж байна. Бид тус наадмын үеэр Дундговь аймгийн Луус сумын харьяат, Монгол улсын Манлай уяач Д.Эрдэнчулуунтай уулзаж халуун дотно яриа өрнүүлсэнээ уншигч танаа хүргэе.
- Уяа эвлэг, морьд хурдан сайхан наадаж байна уу?
-Сайхан наадаж байна. Энэ жил хур бороо элбэгтэй, зуншлага сайхан байгаа болохоор адуу тамир сайтай байна. Энэ удаад адуу тарган болохоор дан уяагаар нь бүсийн наадамд хэдэн морио авчирсан. Сумын наадмаар онгойлгочихоод аймгийн наадамд болчих болов уу гэсэн бас л тарган тавьсан юм байлгүй арваас урагшилж чадахгүй л байна.
- Он гарсаар хаагуур ямар амжилттай наадав?
- Хавар “Дүнжингаравын хурд-2012”, бас Өмнөговьд болсон хаврын говийн бүсийн уралдаанд оролцлоо. Ойр хавьдаа Дундговь аймгийнхаа Дэрэн, Цагаандэлгэр, Дэлгэрцогтын наадмуудад очиж уралдсан. Эндээс нутагтаа болж байгаа “Их мандал-2012” говийн бүсийн уралдаандаа ач холбогдол өгч байсан ч жаахан таргадуулчихсан бололтой.
- Төрийнхөө наадамд морьдоо тавиагүй юмаа даа?
- Ойрын хэдэн жил Улсын наадамдаа тасралтгүй очлоо. Түүнээс сүүлийн гурван жилд морьд маань ихэвчлэн эхний арван хэдэд багтаад л байсан юм. Харин энэ жилийн тухайд аймгийнхаа даншигт наадах гээд өнжчихсөн. Даанч таргадсан бололтой. Цаг сайхан орж байхад улсад очоод дараа нь даншигтаа давхар уяагаар тавьдаг байж гэж амаа бариад л сууж байна. Морьд хүч тамир сайн байсан болохоор 40 гаруй хоног уяа хийгээд өнөөдөр дүнгээ тавиулсан чинь санаснаар болсонгүй. Азарга долоогоор, их морь 11-р, соёолон 60 гаргаад ирлээ. Хүүхэд бас жижиг болохоор том наадам хэцүү байсан биз. Дараа жил унаач хүү маань гайгүй туршлагатай болчих байх, төрийнхөө наадамд үзнэ дээ.
- Төрийн наадмын дов өндөр гэж ярьцгаадаг. Мэдээж аймаг, сумын дэвжээтэй харьцуулалшгүй байх даа?
- Ялгаатайгаар барах уу даа. Очиж үзээгүй хүн ойлгодоггүй юм. Халхын алдарт уяачид, газар газрын шигшмэл хурдаа хөтлөөд ирж байгаа төрийн наадам гэдэг чинь том ш дээ. Тээр жил би Булганд явж байгаад тэр хонхортоо сайн уралддаг нэртэй уяач хүнтэй уулзсан юм. Тэгээд “та одоо төрийнхөө наадамд уралдаж үзвэл яасан юм. Төрийн наадам гэдэг чинь том шүү” гэтэл “Манай нутгийн наадам төрийн наадмаас юугаараа дутах билээ. Би улсад очвол морь багтаана” гэж байсан. Ер нь хүн өөрөө биеэрээ үзэж байж л ялгааг нь мэдэрдэг юм. Арав гаруй Тод манлай, зуу гаруй Манлай, гурван зуу гаруй Алдартын уясан шигшмэл хурд цуглана гэхээр наадмын дэвжээ өндөр байхаас яах билээ. Аймаг сумын довны хэнз нялх морьдыг урагшаа алхуулж дээшээ гаргана гэж байхгүй. Сайндаа жаахан л зарлуулна биз. Дөрөв, таван км зарлуулаад аваргууд араас нь нөмрөөд ирэхэд зайгаа тавиад ухраад байдаг юм. Тэгээд ч бидний үеийн уяачид хоцорч залуучуудын уяа түрээд ирлээ.
- Манлайн анхны төрийн хишиг хүртсэн үеийг эргээд дурсвал?
- Анх 1995 онд улсын наадамд унаган голдуу адуутай очихдоо аймгийнхаа наадамд ч төдийлөн олон морь оруулаагүй байсан үе л дээ. Дундговиос бидний түрүү үеийн ахмад уяачдын цөөн хэдэн морь л улсад багтсан байсан. Миний хувьд аймгийнхаа наадамд хоёр, гурваар морьд маань орвол ёс юм шиг л улсын наадамд хойтон жил нь явдаг байлаа. Анх төрийн наадамд очихдоо их морь дөчин хэдээр давхиж бусад нь модтой модгүй зуугаас хойш ирсэн. Тэрнээс хойш нэлээд хэд очсоны дараа 2008 онд Бямбаноровын хар морийг түрүүлгэсэн дээ. Бас сүрддэг байж дээ. Наадмын өмнө хот тойрсон томоохон сунгаануудад заавал оролцож, морио онгойлгодог байлаа. Гэтэл бодож байгаа шиг минь амжилт гарахгүй болохоор нь бодлоо өөрчлөөд нутагтаа уяж байгаад тулгаж очдог боллоо. Хоолны солилцоогүй уралдуулах болсон болохоор тэр жил гам таарч хар морио түрүүлгэсэн юм. Түүнээс хойш морьд маань арван хэдээр давхиад л байна. Айрагдаж арай л амжихгүй байгаа юм. Миний хоёр хүү бас морь уяж байгаа. Дараа жил хөвгүүдтэйгээ хамт наадна даа.
-Уяач болох унаачаас эхэлдэг гэдэг. Тэр ч утгаараа манайхны ихэнх уяачид унаач байсан байдаг юм билээ?
- Би 1980 онд цэргээс ирээд жилийн дараа Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мижиддорж гэдэг хүнээс бор морь авсан юм. Тэгээд тэр жилээ уяж сумандаа айргийн дөрөвт хурдлуулсан. Юу ч мэдэхгүй хүүхэд харж байгаад тавьчихдаг байлаа. Тэр бор морь намайг олон баярлуулсан мундаг амьтан байгаа юм. Нэг жил бүр гурав түрүүлсэн шүү. Ер нь морь уяна, моринд хорхойсоно гэдэг чинь нэг ёсондоо өвчин юм билээ. Унтаж амрахаа ч больчихно, ууж идэхээ ч мартчихна гээч. Хаана хэний сайхан адуу байна, хаана морины тухай халуун яриа өрнөж байна алгасахгүйг хичээнэ шүү дээ. Түүнээс хойш адууны дэл сүүл боосоор нэг мэдэхэд 30 гаруй жил өнгөрчээ.
- Манлайн хувьд уяаны эрдмийг хэнээс суралцсан бол?
-Хадаг барьж очоод багш шавь бололцоогүй ч гэсэн Адаацаг сумын улсын Алдарт уяач Дашдэлэг гэж сайхан буурайг багшаа гэж хүндэлж явдаг. Тэр хүнийг олон жил түшин, үгийг нь сонсон хойно урд нь орж гүйхдээ их ч зүйлийг сурсан даа. Нутаг нутгийн олон сайхан залууст уяаныхаа эрдмээ харамгүй заасан буянтай буурай бий. Би чинь багштайгаа хамт 2002 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм хүндтэй цолыг зэрэг хүртэж байлаа. Бахархмаар шүү дээ. Одоо багш маань нас дээр гараад хүүхдүүд нь уяаны эрдмийг нь үргэлжлүүлж байгаа. Олон сайхан хүүтэй хүн л дээ. Өнгөрсөн жил гэхэд л Дундговь аймгийн 70 жилийн ойгоор хоёр хүү нь унаган адуугаараа наадаж түрүүлгэсэн.
Аймгийнхаа таван түрүү, нэг айргийг авч байлаа
- Та Монгол улсын Манлай уяач хэмээх цолыг ямар амжилтаар хүртсэн бэ?
- Гурван түрүү, есөн айргаар 2008 онд Монгол улсын Манлай хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан. Өмнөговь аймгийн эхний гурван бүсэд би тасралтгүй очиж нэгээс дөрвөн айраг авч байсан. Мөн улсын наадамд нэг их морь түрүүлгэсэн. Дундговь аймагт болсон Заваа Дамдины түмэн мэлмий гийсний 130 жилийн ой, Даншиг наадамд хээр даагаө түрүүлгэсэн. Мөн “Говь шанх-3”-т хар морь маань 7 настай очиж зайтай түрүүлж байлаа.
- Анхны бүсийн наадмын түрүүг ямар хүлэг тань авчирсан бэ?
- Анхны бүсийн наадмын түрүү 1997 Заваа Дамдины мэлмий гийсний 130 жилийн ойн даншиг том наадам болж газар газраас хурд цуглаж байлаа. Тэр үед бүсийн наадамд айраг түрүү авч үзээгүй, аймагтаа л цөөн хэдэн айраг түрүүтэй байлаа. Гэтэл хээр даагаа харахаар нэг л айрагдчих юм шиг санагдаад болдоггүй. Ээждээ нэг харуулчих санаатай дүүдээ “Ахын чинь морь айрагдах гээд байна. Ээжийг аваад ир” гэсэн чинь “Газар газраас ийм олон сайхан хурд цуглачихаад байхад тэр жижигхэн даага яаж багтахав” гээд тоох юм биш. Минийхээр бол уяа сойлго нь жигдрээд хурдтай байгааг өөрөө мэдрээд байсан болохоор хүнд яримаар байдаг ч нэрэлхүү зан дийлээд байдаг. Тэгээд багынхаа найз Чулуунбаатартаа “Миний даага баттай айрагдана даа” гээд үзүүлсэн чинь “Ийм жижиг даага энэ том наадамд багтах уу” гээд бас л ойшоосонгүй. Дараа нь найз Дэлгэрцогт сумын адуучин Эрдэнэбаяр нартай уулзаад яриад суутал энэ зүүн хойд Дэрэнгийн сунгаан дээр улсын Алдарт уяач шар Цэрэндагвын долоон угсраа даага орсон гэнэ. Би ч бодлоо. “Нэг хүний долоон даага угсарч байхад нэг даагатай айрагдана гэж бодож л байдаг. Газар газраас олон аавын хүү азаа үзэх гээд өчнөөн сайхан даага шандас шалгахаар ирчихсэн байхад надад тээглэхгүй ч юмуу” гээд зүрх алдаж байсан. Даага мордоход 150 гаруй даага эргэсэн юм. Тухайн үед Дундговь аймагт зайдан морь уралддаггүй дан эмээлтэй унадаг байсан. Манай унаач хүүхэд томдох талдаа орчихсон, даага нь жижигхэн болохоор зайдан мордууллаа. Удалгүй “хангай зүгээс ирсэн байх, цагаан хувцастай эрэгтэй хүүхэд зайдан унасан хээр даага холдлоо, тасарлаа” л гээд зарлагдаад эхэлсэн. Хаана ирж суудаг бол доо гээд түгшиж байтал тэр чигтээ явж байгаад түрүүлчихсэн юм. Тэр миний хамгийн анхны бүсийн наадмын түрүү байлаа. Дараа нь 1999 онд Адаацаг сумын 40 жилийн ойд миний соёолон түрүүлж нэг морь айрагдсан, мөн ондоо анхны Говьшанхын наадамд ганц соёолон морьтой очоод Тод Манлай Сундуйжавын дүү зээрд гэдэг соёолон түрүүлж миний хонгор аман хүзүүнд хурдлан, “Ажнай” Бат-Эрдэнийн Өлгөр хүрэн айргийн гуравт давхисан юм. Тэрнээс хойш говийн бүсийн наадам, Өмнөговьд болсон наадмуудаас 5, 6 айраг түрүү авсан байна.
- Анхны бүсийн наадмын түрүүгээ ээждээ харуулж амжсан уу?
- Чадалгүй яахав. Ээждээ анхны түрүүгээ харуулаад их баярлаж байж билээ. Айрагдах байх гэж горьдсоноос түрүүлчихнэ гэж санаагүй болохоор их баярласан. Ах дүү төрөл садан, нутаг орноороо баярлаж байлаа шүү дээ. Улс бүсийн чанартай томоохон наадмаас айраг түрүү авах юм бол бүтэн жил айлын хойморт уригдан нутгийн олныхоо хүндэтгэлийг хүлээдэг сайхан монгол ёстой. Одоо ч би ядраад байдаг болж, нэг хэсэг орон нутгийн наадмуудад бөөн бөөнөөр нь оруулчихдаг байлаа. 2001 онд Сайхан-Овооны нутгаас улсын наадамд азарга, их морь, даага гуравтай явж хүү маань аймаг руугаа хоёр машин морьтой очоод нэг түрүү зургаан айраг авч байсан. Сумынхаа наадмын зургаан түрүү, хоёр гурван айргийг авч байсан сайхан амжилт бий. Мөн 2007 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумаас аймгийнхаа наадамд мөн л хоёр машин морьтой ирээд таван түрүүг нь нэг айрагтай аваад буцаж байлаа. Аймгийн наадмын таван түрүү гэдэг тэр үедээ улсын хэмжээнд байгаагүй амжилт гээд оны “Шилдэг уяач” болж байсан юм. Дараа жил нь 2008 онд улсын наадамд миний хар морь түрүүлж, азарга аравлаад, хүү аймагтаа гурван их морь угсруулж байлаа шүү дээ. Нэг үе тун ч одтой нааддаг байлаа.
-Аймгийнхаа таван түрүүг унаган адуугаараа авч байсан уу?
-Тийм ээ, ихэнх нь унаган адуу. Бүрдэд оторлож, тэндээ морио уяж байгаад аймгийнхаа наадмыг зорьсон. Юм гэдэг чинь их сонин. Манай уяачдын холбооны хэсэг хүмүүс тэр жил Улаан-Үдэд орос адуу үзчихээд буцахынхаа өмнө жаахан найрлаад, аймгийнхаа наадамд айрагдах морьдыг тооллоо. Тэгэхэд би залуу ч байсан, унаган айхтар хурдтай хэдэн адуутай байсан юм. Дотроо “Миний хэдийн урдуур нь юм зүтгэхэд хэцүү дээ, эд нарын тоолж байгаад хэд нь багтдаг юм бол” гэж бодоод сууж байсан чинь ганц ч байдаггүй. Тэгэхэд манайх арван хэдэн жил нүүдэл хийгээд Говьсүмбэр, Төв, Өвөрхангай аймгуудын нутгаар тойроод явчихсан. Энд тэнд тэнэж уралдсаар хурд нь жигдэрсэн адуутай байсан. Гэхдээ Дундговийн Эрдэнэчулуун гэхээр мэдэх хүн ховор. Тэгээд аймгийнхаа наадамд очлоо доо. Эхлээд даагандаа нөгөө бүсэд түрүүлдэг хээр азарга маань түрүүлээд аман хүзүүнд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хишигжаргалын азарга орсон. Хээр азарга түрүүллээ гээд манай нутгийнхан бөөн баяр. Тэгээд “Чи ирээгүй бол Дундговь аймаг азарганыхаа түрүүг алдах байлаа, нүүр тахаллаа шүү” гэхээр нь “Дундговь аймгийн баруун талд азарга, их нас, уяач гурав нэг айлд байдгийг та хэд битгий мартаарай” гээд хэлчихсэн юм. Тэгээд их нас мордлоо, миний бага хээр түрүүлчихлээ. Тэгсэн чинь нөгөө хэд баяр хүргэхгүй байна бодвол миний үг гашуудаад гоморхож байгаа бололтой. Соёолонд бас л минийх түрүүллээ. Тэгэхэд би хязаалан морьгүй ирсэн байсан болохоор энэ насанд Хишигжаргалын морь түрүүлж билээ. Дараа нь тэрээр “Чиний цоорхой насан дээр ганц түрүү авлаа” гэж байсан. Дараа нь шүдлэн түрүүлж, даага айрагдаад нэг наадмын таван түрүүг авч байлаа. Би өөрөө юмыг ёгтолж ярьдаг, гашуун үгтэй болохоор заримдаа дурыг нь ч, дургүйг нь ч хүргэчихээд байдаг бололтой.
- Бодсоноо биелүүлж нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн тэр жилийн наадам хамгийн сэтгэлд тань үлдсэн байх тийм үү?
- Морь нь айрагдпаж түрүүлэхэд баярлахгүй хүн гэж хаана байхав. Бөөн бөөнөөр нь оруулж байсан үеэ бодохоор бахархалтай сайхан санагддаг юм. Гэхдээ хамгийн том, хамгийн баярт үйл явдал чинь зорьж очоод хэргээ бүтээсэн 2008 оны төрийн наадам. Хар морио түрүүлж ирэхэд хагартлаа баярлаж байлаа.
-Тэгвэл сургамж авахаар ямар наадам байсан бэ?
-Төрийн наадамд олон жил очихдоо хэд хэдэн их морь унагасан хүн дээ. Алдаагаа олж чадалгүй байж ахиж очоод олон сайхан морио унагасан. Тэгэхэд Дундговь аймгийн Манлай уяач Батчулуун маань “Чи говийнхоо хоолоор чанга идүүлээд морь алаад байна, гэхдээ төрийнхөө наадамд зүтгээд л бай, нэг л өдөр юманд хүрэх ёстой хүн” хэмээн урам өгч байсан. Говийн морийг хангайд аваачиж уралдуулахдаа бага хоол өгч эндээдэг асар их эмгэнэлтэй явдал байдаг. Тэрийг л ойлголгүй олон алдсан хүн дээ.
- Уяач бүрт уяан дээр баримталдаг өөр өөрийн дэг ёстой байдаг. Таны хувьд?
- Одоо монгол дэг ёсыг баримтлана гэвэл хүний эрх хөндөгдөөд хэцүү болчихож. Ах нь болж өгвөл дэг жаягтай байхыг хичээдэг. Хүн ч бай мал ч бай. Адуу ер нь их ухаантай амьтан шүү дээ ярьж чаддаггүй болохоос биш. Өглөө зэлэн дээрээ авчраад нэг л сургачихвал дараа нь уядаг газраа өөрөө ирээд л зогсчих жишээтэй. Мал ингэж ойлгоод байхад морины хүүхэд яагаад ойлгодоггүй юм. Би хүний хүүхэд авдаг хэрнээ хүмүүжил дээр нь их анхаардаг юм. Аль болох болж бүтээсэй гээд. Өглөө эртхэн босоод хувцсаа сайхан өмсчихөөд, ороо хураагаад, цай ундаа уучихаад аягаа угаагаад тавьчихдаг байх нь хүмүүжил шүү дээ. Хүмүүжил багаддаггүй юм. Гаднаас хүн ороод ирэхэд дээшээ суу гээд идээ цай аваад өгч байвал бас л хүмүүжил. Хүмүүжил чинь бага юмнаас эхэлдэг юм.
- Нутаг орныхоо нэрийг гарган хайр хүндэтгэлийг хүлээж яваа “хүүдээ” нутгийн хөгшчүүл сургаалиа их хайрладаг байлгүй?
- Наадам гэдэг чинь их сайхан наргиантай эд. Хүний морь хурдлаад оргил дээд цэгтээ тулаад ирэхээр их хөрөнгө, алдар нэр хүнийг эвддэг гэдэг. Манай хөгшчүүл “Миний хүү болж бүтэж байгаа бол битгий сагсуурч байгаарай” гэдэг. Тэгээд ч шинээр айл болж байгаа хүүхдүүдэд ихээхэн хөрөнгө өгөх, анх гүү тавьж байгаа азарган соёолонд олон гүү хураалгаад орхичих хоёр нэг л бялуурсан юм болчихдог юм. Үрээ азаргыг цөөхөн гүүгээр цангааж байгаад сүүлд нь гүү нэмээд өгөхөөр өгсөн гүү болгоныг авдаг болдог юм. Бага юмаар амьдралаа дээшлүүлж яваа хүүхэд хүнд сагсуурч онгирох нь гайгүй болчихдог. Аавын хөрөнгө буянаар эрт сагачихсан залуучууд олон болж байгаа нь харамсмаар санагддаг. Миний дээд үеийнхэн ах дүү хамаатан садан гээд настай хүмүүс чинь үр хүүхдүүддээ их сургадаг байлаа шүү дээ. “Их алдар нэр хөрөнгө хүнийг эвддэг юм шүү. Түмний дунд түвшин явах шиг сайхан зүйл байхгүй” хэмээн захидаг байсан. Одооны залуучуудыг муу хэлж байгаа юм биш, эцэг эхчүүд үр хүүхэддээ хайнга хандаж, хайхрахгүй байгаад харамсах юм. Гаргасан нь үнэн, тэгээд зөнд нь хаячихдаг, тэд нар нь хүний үг авахгүй, зарим нь дуулгавартайхан малаас дор болоод байх шиг. Залуучуудын буруу юу байхав үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эхчүүдийн буруу. Эцэг эхийн хүмүүжлээс их зүйл шалтгаална.
-Ярилцсанд баярлалаа. Хүлэг болгон тань босоо төрөх болтугай.
А.Энхжил
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.178.230
түмийн эх
Reply