Б. Жаргалсайхан Алдарт баяр наадмын комисст гомдол гаргажээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 24 -нд

Энэ жилийн улсын баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз, монгол морьдын ялгалт зарим уяачдын урмыг хугалсан нь бий. Үүний нэг нь долоодугаар сарын 10-ны өдрийн хязаалан насны морьдын уралдааны аман хүзүүнд хурдалсан Монгол улсын Алдарт уяач Б. Жаргалсайханы хээр адуу байна. Аман хүзүүнд хурдалсан энэ үрээг эрлийз гэсэн шалтгаанаар хасч зургаад хурдалсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, “Унаган хурд” галын гишүүн Д.Баяраагийн өнгөрсөн жилийн төв бүсийн түрүү Шувуухай хүрэнг урагшлуулахаар болсон билээ.
Энэ удаад Б.Жаргалсайхан Алдарт Үндэсний баяр наадмын комисст гомдол гаргаад байгаа ажээ. Учир нь аман хүзүүдсэн хээр үрээг уралдахаас өмнө шүдэлгээний комиссоос монгол адуу гэж мордуулсан атлаа уралдаад ирэхэд ийнхүү хассан юм. Уралдаад ирсний дараа биш уралдахаас нь өмнө энэ асуудлыг шийддэг болмоор байгааг олон уяачид ярьдаг юм. Өнгөрсөн жилийн баяр наадмаар мөн л уралдаад ирсэн хойно нь ийнхүү хассан явдал гарч байлаа. Хасагдсан хээр үрээ Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу. Эх нь Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн хурдан морины уралдааны соёолон насанд түрүүлж байсан Монгол адуу гэдэг юм билээ. 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна