Аймгийн Алдарт уяач Ч.Гантулга: Жороо морины цөм хурд нь Ховдод бий

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

-Таныг жороо мориор сайн уралддаг гэдэг юм билээ. Жороо морины уяа сойлго хурдан мориныхоос ялгаатай байдаг байх?
- Би 2004 оноос эхэлж морь уясан юм. Аав маань морь уядаг хүн байлаа. Жороо мориор олон амжилт үзүүлсэн. Уяа сойлгын хувьд ялгаатай л даа. Гэхдээ л адилхан морь болсон хойно хоол унд, идэш тэжээл гээд сүртэй ялгараад байх зүйлгүй. Жороо морины хувьд 20-24 км-т том хүнтэй уралддаг.
-Хаанахын ямар наадмуудад  одтой сайхан наадсан юм бол? Энэ жилийн хувьд улсын баяр наадмаар ямар амжилттай вэ?
- 2008 онд баруун бүсийн даншиг наадмаас жороо мориор анхныхаа аман хүзүүг авч байсан. АХ-ын 87-н жилийн ойн баяр наадмаас хойш аймагтаа тасралтгүй түрүү авч байна. Хоёр даншгийн аман хүзүү авсан маань их дурсгалтай л даа. Энэ жилийн хувьд нэг их насны морь түрүүлсэн. Мөн жороо морь түрүүлж,  даага зургаагаар, соёолон 23-аар, хязаалан үрээ 17-ор ирсэн.
-Аймгийн Алдарт цолоо хэдэн онд авсан бэ? Цолонд хүргэсэн хурдууд тань хаанахын угшил удмынх вэ? - Цолоо 2011 онд авсан. Мөн аймгийнхаа шилдэг уяач болсон. Олон сайхан хүлэг байнаа. Төв аймгийн Жаргалант угшилтай нэг адуу бий. Сүүлийн гурван жилд олон түрүү авсан даа. Аймагтаа түрүүлээд баруун бүсээр 10-т давхисан. Сүхбаатар, Төв аймгаас адуу авчирдаг. Амжилтаараа бол миний жороо хул морь илүү юм. Аймагт 5-6 жил түрүүлж, хоёр даншигт аман хүзүүдсэн. Ховд аймгийн Булган сумын угшилтай адуу. Надад ирээд есөн жил болж байна.  Нийлсэн жилээ аймагт түрүүлээд л тэрнээс хойш тасралтгүй түрүү авсан. Мөн халзан морь маань надад ирээд гурван жил болохдоо 16 түрүү, хоёр аман хүзүү, хоёр айраг авсан байгаа юм. Нийтдээ 20 уралдахад л ийм амжилт үзүүлсэн. Халзан морь маань жаахан эмгэг суучих шиг болсон. Ирэх жил гайгүй сайхан байвал хаврын бүсийн даншигт авч явах бодолтой байна даа.  Жороо морины хувьд манай Ховд аймагт цөм хурд нь бий л дээ.
-Ярилцсанд баярлалаа.

Ш.Бадмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна