Морин хуурч Г. Уртнасан: Миний өвөө МУ-ын Манлай уяач Д.Гарамжав гэж аатай, адтай уяач байлаа

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 20 -нд

Гантулгын Уртнасан "Монголчууд Америкт" цувралаас:
- Хаана төрж, хаана өсөв дөө?
- Би Улаанбаатар хотод төрж, Налайхын голд өслөө. Бага наснаасаа л өвөө, эмээгийнхээ дэргэд байж, хөдөөний хүүхдүүдийн адилаар морь унаж, цаг наргүй их ажлын дунд хүмүүжсэн. 5 настайдаа морь унаж сурч, 6 настайгаасаа л хурдны морь унаж уралдаж эхэлсэн. 8 жил хурдны морь унаж байснаас улс, бүсийн наадамд олон айраг, түрүү авч байв.
- Энэ харин сонирхолтой түүх байна. Унаж хурдлуулж байсан морьдоосоо нэрлээч.
- Миний унаж байсан морьдоос Гарамжавын тогоруу халтар,  өсгий цагаан хар азарга, гоё хүрэн, бага тогоруу, үст хүрэн гэхчилэн олон хурдан хүлгүүд байлаа. Монгол Улсын манлай уяач Гарамжав өвөөгийн ач зээ нараас би ганцаараа хурдан морь унаж байсангүй. Миний өмнө унаж байсан үеэл  Түмэнжаргал ах маань олон ч айраг түрүүг өвөөд авчирч өгч байсан. Түмэнжаргал ах маань надад хурдан морь унах эрдмийг зааж сургаж өгсөн юм.
- Тэгэхээр чи Монгол Улсын Манлай уяач Гарамжавын ач хүү нь болох нээ. Өвөөгийнхөө тухай товч дурсвал?
- Миний өвөө Монгол Улсын Манлай уяач Дамдинсүрэнгийн Гарамжав гэж аатай, адтай уяач гэдгээрээ олонд алдаршсан хүн байлаа. Морь таних авьяас, морь уяах эрдмээрээ их ч алдартай. 1994 онд би "өсгий цагаан хар" нэртэй 7 настай азаргыг унаж уралдлаа. Хар азарга их хурдан хэрнээ ихэвчлэн хадуурдаг. Наадмын өмнөх сунгаа болон  ид бэлтгэлийн үед би хар азаргынхаа амыг дийлэхгүй хадууруулна. Зарим ах нар маань өвөөд хандаж "Энэ Мэнгээ намайг тэгж дууддаг байсан юм хар азаргыг унаж дийлэхгүй нээ. Унаж сурсан хүүхдээр нь  унуулья" гэхэд нь өвөө "Би хүүхэд морь хоёроо мэдэж байнаа" гэж хэлж байсан юм даг.
Тэр зуны наадмын өглөө азарга мордож байхад өвөө намайг мордуулахдаа "За хүү минь, өнөөдөр азарга чинь түрүүлнэ.  Уг нь 7 настай азаргыг түрүүлүүлж болдоггүй юм шүү. Гэхдээ миний хүү өөрөө мэдээд л уралдаад ир дээ " гэж захив. Азарга ч гараанаас эргэж, Айдасын даваа өнгөрөхөд миний өмнө зөвхөн тугтай "69" машин л давхиж явлаа. Алдарт толгой өнгөрөөд Буянт-Ухаа руу өгсөж явахад арын азарга маань надаас нилээд хол зайтай давхиж байв. Тэр үед дотроо "Өвөөгийнхөө захисныг биелүүлж чадахгүй нь дээ" гэж бодож байсан сан. Гэхдээ хүүхэд л  болсон хойно, түрүүлчихийг л бодно шүү дээ. Гэтэл Буянт -Ухаа уруудаад явж байтал азарга минь хадуурлаа. Амыг нь татах гэж оролдсоор арай гэж эргүүлж замдаа оруулаад барианы газраас хэдхэн алхам дутуу байхад Монгол Улсын Тод Манлай уяач Д.Даваахүүгийн "цолмон халтар" халтар азарганд гүйцэгдэж аман хүзүүдэж байв.
Тэр цагийг одоо эргээд бодоход, миний өвөөгийн ааг омгоор, өөрийнх нь бодож хүссэнээр л бүх юм болдог байсан юм шиг санагддаг юм. Өвөө минь бусдад дургүйцэх үедээ "Та нар дуугүй бай, би мэдэж байна" гэдэгсэн. Их ч аатай, өөртөө итгэлтэй хүн байсан даа. Тэр наадамд хар азаргаа аман хүзүүдүүлж дотроо жаахан урам муутай байсан ч, маргааш нь шүдлэн насны уралдаанд "бага тогоруу" нэртэй шүдлэн үрээгээ унаж түрүүлж байв. Миний хүүхэд нас морьтой, наадамтай, сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн юм даа.
- Хурдан морь хэр давхих нь унаач хүүхдээс их шалтгаална биз?
- Гарамжав өвөө минь хэлэхдээ "Морь хэдий хурдан, уяач хэдий эрдэм чадалтай байлаа ч унаач хүүхэд  муу бол амжилт ирэхгүй" гэдэг байсан. Тэгэхээр унаач хүүхдээс хурц сэргэлэн ухаан, зориг тэвчээр, шалмаг хөдөлгөөн шаарддаг. Хэдийгээр тэд ухаан сэргэлэн, биенээсээ ахадсан ажил хийж байгаа ч хүүхэд л болсон хойно өлсөж цангана, ядарна, өвдөж зовно.  "Унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангаж байх хэрэгтэй" гэж өвөө минь захидаг байсан.
-Улсын наадмаар уралдаж байхдаа хурдан морь унаач хүүхдүүд мориноосоо гадна, газрын байдал, хаана хэдийд яаж давхихаа сайн тооцоолох уу?
-Тэгэлгүй яахав. Уралдах газрын баримжаагаа сайн мэдэж байх ёстой. Хаана нь гуу жалга байгаа, хаана нь өгсүүр, хаана нь уруу гээд бүгдийг мэдэж байж мориныхоо давхилтыг тооцоолно. Бас хичнээн морь уралдаж байгаагаас шалтгаалаад гарааны зурхайгаас хаана нь яаж эргэхээ хүртэл тооцоолно. Үүний тулд мориныхоо араншинг маш сайн мэдэж байх хэрэгтэй болдог.  Хүмүүс болохоор унаач хүүхдийг зүгээр л нэг морь жолоодоод, зөнгөөр нь давхиж ирдэг юм шиг санадаг байх. Яг үнэндээ энэ чинь бас л их эрдэм юм шиг санагддаг.
Миний хурдан морь унаж байх үед нийгэм цаг үе нь солигдож, малчдын амьдрал ахуй бага ч гэсэн дээшилсэн үе байлаа. Ардын Хувьсгалын 69, 70, 71 жилийн ойн наадамд азарга, их насны морьд 1000 гарч уралдаж байсан нь бас бахархмаар санагдаж байсан.
- Одоо хэр нь хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал болон хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэх  үнэлэмжийг нь шийдэж чадахгүй маргасаар байгаа бололтой.
- Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд заавал анхаарах ёстой. Тэд ихэвчлэн бага насны хүүхдүүд байдаг болохоор эрсдэл ихтэй. Харин унаач хүүхдүүдийн амжилтыг үнэлэх тухайд, унаач хүүхдүүдэд амжилтаар нь "Спортын мастер" цол олгож байх тухай яригдаж байгаад чимээгүй болсон л доо. Энэ талаар ч бас л нэг алхам хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Тухайн морины хэр хурдлах нь унаач хүүхдээс их шалтгаалж байгаа гэдэг нь маргашгүй үнэн. Тэгэхээр тэдний зүтгэлийг ямар нэгэн хэмжээгээр үнэлж байх хэрэгтэй юм шиг.
- Хурдан морь унаж өссөн болохоор хожим нь өөрөө морь уяж байв уу?
- Нас бие минь өсөж хурдан моринд хүнддэх болсон үедээ нагац ах нартайгаа хурдан морь уяхад нь тусалж байсан. Наадам дөхөөд хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж, идэш тэжээлийг нь тохируулж, заримдаа морио хараад хээр хонож байхад сайхан байдаг юм даа. Хэд хэдэн удаа наадамд морь уяж байсан. Одоо ч миний нэр дээр данстай хэдэн хурдан хүлэг бий.
-Манлай уяач Гарамжав гуайн хүүхдүүд нь одоо хэр морь уяж, хурдлуулан нэр төртэй, олон хүний хүндэтгэл хүлээж яваа. Сундуйжав уяач, Ганбат уяач гээд хурдан мориороо алдаршсан хүмүүс байдаг. --Тэдний тухай товч дурсвал?
-Манай өвөө 4 хүү, 5 охинтой. Өвөөгөөс минь хойш 4 хүү нь хурдан морь уяж, хурдлуулан аавынхаа нэрийг өргөж яваа. Том хүү Сандуйжав нь "Монгол Улсын гавьяат малчин", "Тод манлай уяач". Хүү Ганхүү нь "Монгол Улсын начин", "Алдарт уяач". Хүү асан Ганболд нь Монголын морин спортод үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүн. Харамсалтай нь ид бүтээдэг насан дээрээ хорвоогоос хальсан юм. Бага хүү Ганбат нь  "Алдарт уяач". Хүмүүс "гоё хүрэн"-ий Ганбат гэдгээр нь сайн танина. Би багаасаа л нагац ах нартайгаа их ойр өссөн. Одоо ч байнга тэднээсээ заавар зөвлөөгөө авч байдаг даа.
-Аав ээжийнхээ тухай товч танилцуулаач?
-Миний аав Монгол Улсын начин Эрдэнэбаяр, ээжийг минь Гантулга гэдэг. Ээж минь Гарамжав гэдэг хүний 2 дахь охин нь. Би доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Аав ээж 2 минь өдийг хүртэл намайг бүх талаар дэмжиж явдагт их ч баярлаж байдаг.

Багшийн минь тэвчээр алдагдаж "чи морь, морин хуур 2-ынхоо нэгийг яг одоо сонго” гэж зэмлэж байлаа

- Морь унаач, уяач залуу маань Хөгжим Бүжгийн Коллежийг яагаад сонгосон юм бэ?
-Намайг морь малтай ойр өссөн болохоор ойр тойрны мэдэх хүмүүс намайг Хөгжим Бүжгийн Коллеж ХБК -д элсэж хөгжимчин болсон гэхээр гайхдаг байсан. Манай өвөө, эмээ 2 маань дуу хууранд их дуртай. Өвөө маань уртын дууг шаггүй аялчихдаг жихэнэ эр хүн байсан юм. Тийм болохоор тэд маань намайг морин хуурч болоход их ч нөлөөлсөн хүмүүс дээ. ХБК-д шалгалт өгөхөөр ээжийнхээ гараас хөтлөөд явж байхад "зөвхөн морин хуурын ангид л ороорой" гэж өвөөгийн захисан үг л толгойд эргэлдэж байв. Миний аз таарсан уу, өвөөгийн минь хүслээр болсон уу ХБК-ийн олон шалгалтыг давж, морин хуурын ангид элсэн орж байлаа.
- Тэгээд л суралцаж эхэлж дээ.
-Надад морин хуурын "А" үсгийг багш нар маань УГЗ Ё.Батбаяр, багш Амаржаргал асан, Ганболд, МУАЖ Ц.Батчулуун багш нар минь байлаа.  Тэд нараараа одоо ч бахархаж, сэтгэлдээ ямагт талархаж явдаг шүү. Тэгээд л их ч завгүй хичээллэж эхэлсэн. Тэр үед ХБК-д суралцаж байсан хүүхдүүд бусад сургуулиудаас ч их ачаалалтай байдаг байсан. Урлагийн дээд түвшиний мэргэжилтэн бэлтгэдэг Монголын нэр хүндтэй урлагийн мэргэжлийн энэ сургуульд суралцаж төгссөнөөрөө би маш их бахархаж явдаг.
- ХБК-д элсээд хурдан морио орхисон уу?
- ХБК-д суралцаж байхдаа ч морио орхиж чадалгүй, зуныхаа амралтаар хөдөө очиж адуу малтай ноцолдсоор гар хуруу ч эвдэрч "хөгжимчин хүнийх" гэхээргүй болж намар хичээлдээ ирдэгсэн. 8-р ангид орох намар мэргэжлийн хичээлээ Ц.Батчулуун багштайгаа хамт бэлтгэж суугаад багшдаа нэг сайн зэмлүүлсэн юм. 8-р ангид орох шалгалт нь курс ахих болохоор нэлээд хүнд шалгалт л даа. Багшийн минь тэвчээр алдагдаж "чи морь, морин хуур 2-ынхоо нэгийг яг одоо сонго. Хэрэв морин хуураа сонгоё гэж бодож байгаа бол хөдөө явж адуу малтай ноцолддогоо боль, хэрэв морио сонгоё гэж бодож байгаа бол яг одоо энэ өрөөнөөс гар" гэж зэмлэж билээ. Яг тэр үед хүсэл, хясал 2 хэрхэн зэрэгцдэгийг мэдэрсэн. Би болохоор мориндоо ч морин хууртаа ч аль алинд нь дуртай байдаг. Гэхдээ багш минь намайг мэргэжлээрээ тууштай хичээллэ гэж л шахаж байсан хэрэг байх.  Морин хуураа сонгож үлдэж байхдаа, хүүхдийн гэнэхэн ухаанд "мориноосоо үүрд хагацаж байгаа юм шиг" гунигтай сэтгэл төрж байсан сан.
- Амаргүй сонголт хийж байжээ?
-Тэр жил 8-р ангидаа орж, завгүй хичээллэсээр сургуулиа төгсөж, "хөдөө явах" бодлоо орхиогүй байтал Морин Хуурын Чуулга МХЧ-д хөгжимчнөөр орлоо. Хэдийгээр нас минь бага байсан ч дуртай мэргэжлээрээ энэ нэр хүндтэй чуулгад ажиллаж байгаадаа сэтгэл их өег байдаг болсон. Угаасаа ч их завгүй боллоо. Өглөө хичээл, өдөр сургуулилт, орой тоглолт... Оюутны 4 жил харавсан сум шиг л хурдан өнгөрсөн.
Жил болгоны наадмын өглөө чуулгынхантайгаа Төв Цэнгэлдэх Хүрээлэнд наадмын нээлтэд тоглох гээд зогсож байхад "бие минь цэнгэлдэх хүрээлэнд ч сэтгэл санаа минь морины талбайд байдаг" байлаа.  инээв
-Морин Хуурын Чуулга бол Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд ур чадвар, нэр хүндээрээ ихэд үнэлэгдэн хүндлэгддэг.
- Би 2000 оны намар Морин Хуурын Чуулгад /МХЧ /  хөгжимчнөөр элсэж 2007 он хүртэл тасралтгүй ажиллахдаа гадаадын олон орноор аялан тоглолт хийхэд оролцож байв.  Японы Santory Hall, Италийн Ром дахь театрт, Австрийн Венийн Golden Stage, Москвагийн шинэ Большой Театр, Германы Philharmonic Hall Berlin, Швейцарьт болон НҮБ-ийн танхим гэхчилэн дэлхийн алдартай тайзнаа тоглож байсандаа ямагт бахархаж явдаг.  МХЧ миний хөгжимчин болж төлөвших суурь нь болж өгсөн юм. Анх энэ чуулгад ороод мундаг чадвартай ах эгч нарыг хараад балмагддаг байж билээ. Харин
 тэд өөрсөддөө байгаа ур чадвар, туршлагаа надад харамгүй зааж өгч ХБК-ийн оюутан байсан надад их ч тус хүргэсэн.
- Тийм ээ, сайн хамт олон, мундаг уран бүтээлчдийн дунд ороод л жинхэнээсээ ур чадвар, туршлагатай болдог байх.
- Тэднээс сайн суралцсаны хүчинд  Монголын Оюутны Холбоо МОХ-ны "Манлайлагч оюутан" цол тэмдгээр шагнагдаж байлаа. Тухайн үед ах эгч нарынхаа хүгжим, хувцсыг зөөж, хөдөө гадаагүй дагаж гүйдэг байсан нь өдгөө сайхан дурсамж болон үлджээ. Хааяа эргэн санахад сайхан байдаг юм.
- МХЧ-д ажиллаж байхдаа оролцон тоглож байсан томоохон уран бүтээлүүдээсээ нэрлэвэл.
- МХЧ-ын тоглолт болгон нь их чухал байдаг. МХЧ-ын нэр хүнд асар өндөр байдгаас тэр шүү дээ. Дээр дурдсан дэлхийн нэр хүндтэй тайзуудад тоглогдсон бүтээл болгон нь  томоохонд тооцогдох байх. "Төрийн хошой шагналт", АЖ Жанцанноров гуай алдарт хөгжмийн зохиолч Бизегийн "Кармен" дуурийн сюйтийг  МХЧ -д хөрвүүлж тоглуулсан нь их ч том амжилт. Монголын Үндэсний хөгжмийн оркестрт , тэр дундаа морин хуураар барууны сонгодог дуурийг тоглоно гэдэг тэр болгон санаанд багтаад байх зүйл биш гэж боддог. Маш олон төрлийн хөгжмийг морин хуурт хөрвүүлэн тоглоно гэсэн үг.
Манай МХЧ дотроо ч хөгжмийг маш сайхнаар хөрвүүлж, найруулан тоглодог хүмүүс байгаа. СТА хөгжмийн зохиолч, морин хуур удирдаач Түвшинсайхан, СТА морин хуурч Шинэбаяр, СТА ятгач Жамбалсүрэн гэх мэт. Морин хуур хөгжмийг ЮНЕСКО дахь биет бус үнэт өвийн санд бүртгэх эгзэгтэй агшин МХЧ-ын тоглолтоор өндөрлөж байсан нь мартагдашгүй дурсамж болон үлджээ.
-Одоо хэр нь МХЧ-ын АНУ дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн.
- МХЧ бол Монгол Улсынхаа нэрийг дэлхийн олон оронд өндөрт өргж яваа урлагийн байгууллага. Манай чуулгаас Япон, Герман, Өвөрмонгол гэсэн олон газарт өөрийн бие төлөөлөгчөө суурьшуулсан байгаа. Тэд МХЧ-аар овоглож, морин хуураа сурталчилж, түгээн дэлгэрүүлж яваа хүмүүс. Миний хувьд МХЧ-ын АНУ дахь төлөөлөгч гэж явдаг. Тийм болохоор АНУ-д морин хуурыг сурталчлан, түгээн дэлгэрүүлж,  үндсэн болон онлайн сургалтаа улам өргөжүүлэхийн төлөө хичээж явна.

Г.Уртнасан АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд зохион байгуулагдсан урлаг, уран сайхны олон арга хэмжээнд байнга оролцож явдаг. МХЧ-аар овоглосон түүний  тоглолтын ур чадвар их ч мундаг юм билээ. Харин түүнтэй энэ талаар ярилцаж эхлэхдээ түүний бага наснаасаа хурдан морь унаж байсан, алдарт уяачдын гэр бүлд өсч өндийсэн дурсамжууд нь миний сэтгэлийг  хөдөлгөж орхисон. Хурдан морины тухай ярихдаа түүний сэтгэл нь сэргэж, хэрхэн уралдаж байснаа хуучлахдаа ч аргагүй л моринд дуртай монгол залуугийн хийморийг  илтгэх мэт байв. Нэгэн цагт хурдны морь унаж Айдасын даваа, Алдарт толгой, Буянт-Ухаагийн хөндийг гийнгоогийн дуугаар сэргээж явсан тэрээр өдгөө АНУ-д морин хуурын гайхамшигт аялгуугаар бишрүүлж явна. Хурдан хүлгийн янцгаалт, унаач хүүхдийн гийнгоо, хоёрхон чавхдаст хорвоог  уяраан эгшиглэх морин хуургүйгээр монголчуудыг хэрхэн төсөөлөх билээ. Уясан хүлэг тань хурдтай байж, уянгат хуурын эгшиг тань ямагт ялгуун сайхнаар дуурсаж байх болтугай.
                                                       

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна