Зөвлөх мал зүйч Д.Мянганцэвээн: Судалгаагаар мянгадын 10 адуу тутмын нэг нь илүү хавирга нугаламтай

Сэтгүүлч
2020 оны 2-р сарын 17 -нд

Арбулаг сумын уугуул, доктор, профессор, Монгол улсын зөвлөх мал зүйч, адуу судлаач Дэмбэрэлийн Мянганцэвээн 1941 оны зун их Хужиртын өндөр Цахир хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Алтангадас, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон, Хөдөлмөрийн Хүндэт медалиар энгэрээ мялаасан тэрээр Ховд аймгийн Мянгад адуунд олон жил судалгаа хийсэн бөгөөд ”Мянгад адуу цээж өргөн, гүн, нуруу шулуун, хондлой бөөрөнхий, сахлаг өтгөн сүүлтэй, толгой харьцангуй том, хамар монхор, хамрын нүх уужим, хавирганы матаас сайтай, яс бат бөх, шөрмөс ил тод, цомбон туурайтай. Алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугалам бүхий биологи аж ахуйн өвөрмөц онцлогтой, сэргэлэн цовоо, чийрэг биетэй. судалгаагаар мянгадын 10 адуу тутмын нэг нь илүү хавирга нугаламтай байдаг” тухай ярьсан. Түүнээс цаашихыг бидний дараах ярилцлагаас уншина уу.

-Урилгыг маань хүлээн авч ярилцахаар ирсэнд баярлалаа. Би таныг Ховдын хүн л гэж боддог байлаа?

-Та бүхэнд ч баярлалаа. Би бол Хөвсгөл аймгийн Жалханз хутагтын шавь Гүнчин зайсангийн удмын хүн. Ээжийн тал мөн Хөвсгөл аймгийн Бүрэнханы улс. Нэг ёсондоо ээж маань Тэс талын хүн. Тодруулбал, Жалханзын хүрээний дагуух сүмд манай ах дүүсээс Рэнцэндорж гэж хүн хамба лам байсан юм билээ. Гэхдээ үймээний үеэр баригдаад Улаанбаатар хот явж, аавын төрсөн дүү Рэнцэн араас нь уулзахаар хотод ирээд тэндээ айл болсон. Харин аавын хувьд хөдөө амьдардаг. Бид эцгээсээ зургаа, долуулаа ч бойжсон нь дөрөв. Манай аав, ах нар чинь адуу малтай ойр улс учраас би ч моринд дуртай болж өссөн. Эндээс үүдээд хэлэхэд, Монголын мал маллагааны уламжлал, шавь сургалтыг уяачид, тэдний хурдан морь унадаг хүүхдүүд бий болгосон юм билээ. Бидний судалгаагаар үзэхэд, Монгол орны малчдын залгамж халааг бэлтгэхийн тулд эхний удаад хурдан морь унадаг хүүхдүүдийг үнэмлэхжүүлэх, дараа нь мэргэшүүлэх, улмаар уяачид болгох шаардлага бий болсон байна.

-Намайг хурдан морьтой холбогдоход аав, ах нарын нөлөө их байлаа гэлээ. Танайхан морь уядаг улс байжээ?

-Манай аав морь уяхгүй, харин мал туудаг хүн байлаа. Ханхаар Орос, Монгол хоёрын хооронд олон ч жил мал туусан юм билээ. Харин манай ах дүү нараас уяачид бий. Тухайлбал, Цагаан-Уулын Очирдарь гэж байна. Сүүлд “Очирдарийн нэрэмжит уяа”ч гэж ном гарсан байна лээ. Одоо ч хүүхдүүд нь үе залгамжлан морь уяж байгаа.

-Та ингэхэд хурдан морь унаж байв уу?

-Унаж байсан. Томдоод хасагдахынхаа өмнөхөн Бүрэнханд байгаа Шаравсамбуу гэж том уяачийн морийг унаж байлаа. Тэр үед Цагаан-Уул, Бүрэнхан талд ногоон морь бас мандаж байсан үе. Тиймдээ ч ногоон морьтой бид их өрсөлддөг байж билээ.

-Харин адуу судалж эхэлсэн нь хэзээнээс билээ?

-Би чинь Хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд хуваарилагдсан юм. Тэнд очиход казахын цагаан толгойт, монгол үхрийг эрлийзжүүлж байсан үе л дээ. Харин ХАА-н дээд сургуулийг төгсөхдөө Жавзмаа багшийн удирдлага дор “Монгол, казахын цагаан толгойт эрлийз бяруу отроор таргалагч чадвар” сэдвээр дипломын ажлаа амжилттай хамгаалсан. Энэ үеэс эрдэм шинжилгээ, судалгааны ажилд түлхүү шимтэж, “Адуу” төсөлд “Тэс, мянгад адууг цаашид сонгон үржүүлэх” сэдвээр ажиллаж байлаа. Энэ сэдвээрээ ХАА-н дэд докторын зэрэг хамгаалсан. Сая мянгад адуу орон нутгийн болоод эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд омгоор батлагдлаа. Тэсийн адууны тухай асуудлаар бид тусгайлан ном хийж, олны хүртээл болголоо.

-Мянгад адууг яагаад онцлон судлах болсон юм бэ?

-Монголын адууны үүлдрийн тухай асуудлаар шинжлэх ухааны “Адуу” төслийг эхлүүлсэн байсан үе л дээ. Тэр төсөлд ажиллаж, улмаар 1980 онд монгол адуу маань бие даасан үүлдэр болж батлагдсан юм. Тэгж батлагдахдаа Тэс, Галшарын адууг бие даасан омог гэж манай эрдэм шинжилгээний байгууллага дүгнэсэн байдаг. Судалгааны ажил хийж байхад Тэсийн голын адуу нь Монгол Манжид дагаар орсноос өмнө нэрд гарсан нь баттай юм билээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэгийн Могод толгой, Хүүхдийн овоо, Харгана, Хамбан уулын хад чулуунд сийлэн үлдээсэн гурван морь хөлөглөсөн морин тэрэг, морины туурайн тамга, найман адуу хөөж яваа болон адуугаа тууж байгаа сүг зургуудыг археологичид хүй нэгдлийн үеийнх гэж хэлээд, энэ нь манай монгол адууны эх үүсвэрийн үндсэн төрх байна гэж тэмдэглэгдсэн байдаг. Хүй нэгдлийн үед зэрлэг адууг дасгаж, гэршүүлж эхэлсэн тухай гадаадын болон Зөвлөлтийн эрдэмтэд дурддаг. Тийм ч учраас монгол адууны уг гарлын нэг хэсэг нь Тэсийн голын сав дагуух нутгийн ууган иргэд баяд, дөрвөд зон олны ухамсартай үйл ажиллагааны үр дүнд бий болсон. Ийм ч учраас өнөөдөр бидний судалгаагаар Тэсийн адууг долоон удам, омогт харьяалуулсан. Гэхдээ монгол адууг бие даасан үүлдрээр батлуулахад Тэсийн адууг омгоор албан ёсоор баталсан юм. Тэгэхдээ “Тэсийн голын адууны биологи, аж ахуйн шинж чанар, цаашид сонгон үржүүлэх” гэсэн сэдвээр миний бие ажилласан. Үндсэндээ 1977 оноос өдийг хүртэл ажиллаж байна.


-Та бүхний судалгааны үр дүнгээр батлагдсан уу?

-Үндсэндээ олон улсын хэмжээнд монгол адуу гэдэг нь баталгаажилтанд ороогүй байсан юм. Тэгээд 1989 онд байх аа, ХАА-н сайдын тушаалаар бие даасан үүлдрээр баталгаажуулсан. Ингэхдээ Тэс омгийн адуу баталгаажсан. Энэ Тэс омог дотор хурд, уналга, махны чиглэлтэй Эрдэнэ дүүрэгч ван Батмөнх даян хааны адууны Тэс таван улиас, мянгад адуу бас байна. Гэхдээ үнэн чанартаа мянгад адуу гэдэг нь хотгойдын адуу л даа. Тэндээс гаралтай. Дараагийн дугаарт Хотгойд адуу бол бор, хээр зүстэй, жижгэвтэр биетэй, сэрвээний өндөр дунджаар 128 см, махлаг, эдэлгээ даах чадвар сайтай байдаг. Гэтэл Эрдэнэ дүүрэгч вангийн Батмөнх даян хааны адууг Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг суманд, тодруулбал, тухайн үедээ ганданд бөөгнүүлэн үржүүлж байсан юм билээ. Түүнээс гадна Тэс таван улиаст говь удмын адуу гэж бий. Энэ бол баядуудын голдуу үржүүлдэг адуу. Таван Тэс удмын адуу бол Монголын адуун дотор нэлээн хурдтай, уналга, махны чиглэлийн амьтан. Энэ адууг баядын нутгийн Ваанжил, Гомбо, Шинэн, Мятав, Гоохондой, зузаан Даянгийнхан гээд айлууд үржүүлдэг юм билээ. Энэ талаар бидний явуулсан судалгаанд нэлээн тодорхой бий. Ер нь Тэс чиглэлийн адууны судалгааны дүнг бид нэгтгэж, Тэс омгийн адуу гэж гаргасан. Энд ММСУХ, Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” МСУХ, тухайн үед Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургууль хамтарсан байгаа юм. Би тэр үед Алтайн бүсийн салбар сургуулийн Мал аж ахуйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, энэ эрдэм шинжилгээний ажлыг хэрхэх вэ гэдэг асуудлыг хариуцдаг байсан хүн л дээ.

-Тэс угшлын цэвэр адуу одоо бий юу. Эсвэл эрлийзжүүлээд байхгүй болсон уу?

-Энэ бол хадгалагдаж байгаа. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд байхдаа Тэс омгийн адууг үүлдрээр баталгаажуулахаар Ховд аймгийн Алтайн бүсийн сургалт техникийн хүрээлэнгээс бие даасан үүлдрийн тодорхойлолт бичүүлж явуулж байсан удаа бий. Гэтэл тухайн үед монгол адуу үүлдрээр олон улсын хэмжээнд баталгаажиж очсон учраас хойшилсон. Одоо энэ адуунуудыг баталгаажуулах цаг болсон. Тийм учраас сая мянгад адуугаа баталгаажууллаа. Бүр нарийн яривал Тэс омог гэдгээр монгол адууг баталгаажууллаа. Таван Тэс говь удмын адуу гэдэг бол хурд, уналга, махны чиглэлтэй. Энэ адууг өнөөдөр үржүүлэхээр барахгүй Увс аймгийн уяачдын холбоо ойрын үед үүлдрээр батлуулах бодолтой байгаа. Ялгаа байхгүй Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны Батмөнх даян хааны буюу гандан жасын хотгойд адуу мөн адил. Эрдэнэ дүүрэгч вангийн Доржцэдэнгийн хошуунаас Ховдын хязгаарт нүүдэллэн очсон хүмүүсийн үржүүлж байсан хэсэг адууг мянгад адуу гэдэг. Энэ мянгад адуу хээр, хул, хүрэн үндсэн зүстэй, Ховд аймагтаа хурдаараа гайхагддаг, илүү хавирга, нугалмын хувьсамжтай. Гэхдээ илүү хавирга, нугалмын хувьсамж ганцхан мянгад адуунд байгаа юм биш. Баруун аймгийн, тэр дотроо мянгад, хотгойд адуунд байдаг. Бусад бүх шинжээсээ ялгагдах ялгаа нь бол юухнаар ч хооллоно, байгаль, экологи, газар зүйн эрсдэлд их тэсвэртэй. Ер нь сүүлийн үед Монголын мал үржүүлэгчдийн үйл ажиллагаа, эрдэмтэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанаас авч яривал тэмээнээс бусад малд илүү хавирга, нугалмын хувьсамж бий болоод байна. Энэ бол цаашдаа байгаль, экологи, цаг агаар эрс өөрчлөгдсөнтэй холбоотой монгол малын нэг гайхамшиг гэж миний хувьд үздэг.


-Монгол адууг дэлхийн адууны үүлдрийн тоонд тооцдоггүй. Пони адуу гэсэн ангилалд оруулдаг. Тийм байхад жишээ нь, Галшар үүлдрийн адуу гэж тогтоочих нь зөв үү?

-Хэлж байгаа чинь зөв. Тогтоогдоогүй байсан тэр нөхцөлд Тэс адууг үүлдрээр тодорхойлж явуулсан юм байна лээ. Харин манай Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн, эрдэмтэд маань пони адуун дотор үүлдэр гэж албан ёсны болгож явуулсан. Тэгж үүлдрээр батлуулахдаа Тэс, Галшарын адууг омгоор батлуулсан юм. Үүлдрийн хэсэг гэдэг бол ХХААЯ-наас баталсан тусгай журам байдаг. Энэ журмын дагуу бид үүлдэр бүлгийн хэсэг гэдгээ ярьж байгаа юм.

-Тэгвэл үүлдрийн хэсэг гэж үзэх нь зөв юм байна, тийм үү?

-Тухайн үедээ монгол адуу үүлдрээр батлагдсан. Гэхдээ бидний явуулсан судалгаанаас авч үзвэл адууны тоо үүлдрийн хэсгээр барахгүй болсон юм билээ. Одоо ч Тэс адууны үүлдэр гэж тодорхойлоход болохгүй юм байхгүй. Миний хувьд энэ судалгааг явуулахын зэрэгцээ монгол адууг цаашид яаж үржүүлбэл зохистой юм бэ гэдэг хувилбарыг боловсруулсан.


-Мянгад адууны ерөнхий хэв шинжүүдээс дурдаач?

-Тэс адуу гэдэг маань үндсэндээ таван удам байна гэж үзсэн. Таван Тэс говийн удам, хурд болон махны чиглэлтэй гандан жас удам, уналга, махны чиглэлтэй хотгойд удам, мянгадуудаас нүүдэллэж очсон хэсэг адуу гэхчилэн. Мянгадууд чинь үндсэндээ хотгойдууд шүү дээ. Дараа нь монголчууд хил залгаа Тува нутгийн адуутай нийлүүлээд эрлийзжүүлсэн адуу. Үүнийг хайнаг адуу гэдэг. Одоо ч гэсэн хүмүүсийн оюун ухаан, ухамсарт хайнаг адууг эрлийз гэж яриад байгаа. Шишкиний адууны том заводад үржүүлж байсан юм билээ. Түүхчлэн ярих юм бол 1940 хэдэн онд Тэсийн голын сав дагуух бүх айл Оросын нутаг руу орсон юм. Наадуул нь Монголдоо үлдсэн. Тэгээд цаашаа орсон монгол адуу айлын адуутай нийлээд эргээд Монголдоо ирсэн. Тэрийг бид хайнаг адуу гэж нэрлэдэг. Тухайлбал, миний мэддэгээс Барадузын халзан морь бол хайнаг адуу байсан юм. Одоо ч хайнаг адуу гэдэг маань бусдаасаа биерхүү, хурдны хувьд арай илүү. Манайхан сүүлийн үед шинэ цагийн монгол адуу гээд байгаа. Саяын миний яриад байгаа бол шинэ цагийн монгол адуу юм шүү дээ. Яагаад шинэ цагийн монгол адуу гэж хэлээд байгаа юм гэхээр эрлийзжүүлнэ гэдэг бол нэгэн үүлдрийн шинж чанарыг нөгөө үүлдэртээ шингээж тэрний үр дүнгээр гардаг. Гэтэл хайнаг адуу гэдэг маань хурдан бүлийг хооронд нь холиод, монгол шинж чанар нь давамгайлж үрждэгээрээ онцлогтой. Гэхдээ байгаль, экологидоо дасан зохицох чадвар нь илүү.


-Мянгад адууны тухайд?

-Мянгад удмын адууг үржүүлж, шилж сонгох улсын стандартыг 1990 онд баталгаажуулж, түүний үндсэн дээр аймгийн Иргэдийн хурал зөвшөөрч, уг адууг сонгон үржүүлэх үйл ажиллагааг явуулсан юм. Тэгэхдээ 1999 оны монгол адууг сонгон үржүүлэх улсын стандартад оруулсан байдаг. Гэхдээ мянгад адууг сонгон үржүүлэх стандартад шилмэл хийгээд хурдан удамтай, илүү хавирга, нугаламтай, махлаг, эх эцгийн гарвал нь тодорхой, чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, азарганы сэрвээний өндөр 133 см, амьдын жин намар 370, гүүний сэрвээний өндөр 131 см, амьдын жин нь 360 кг-аас дээш байхаар тогтоосон. Харин нэгдүгээр ангийнх нь мөн чийрэг бие цогцостой, эх, эцэг нь тодорсон байна.

-Нэгдүгээр анги аа. Ангилалд хуваадаг байх нь ээ?

-Шилмэл болон нэг, хоёрдугаар анги гэж хуваадаг.

-Мянгад адууг уу?

-Бүх малыг ингэж ангилдаг. Гэхдээ бид сонгон үржүүлэхдээ энэ үйл ажиллагаан дээр оруулсан байгаа юм. Өсвөр адууны хувьд анхаарах ёстой юм бол хурд, илүү хавирга, нугалмын хувьсамж, эх, эцгийн гарвалыг хоёр үеэс доошгүй байхаар оруулсан. Энэ шаардлагыг хангахаас гадна хязаалан үрээний сэрвээний өндөр 120 см, намрын амьдын жин 285 кг. Хязаалан байдасны сэрвээний өндөр 127 см, амьдын жин 275 кг-аас доошгүй байвал шилмэл цөм сүрэгтэй хамааруулан сонгож байсан. Бэлчээрийг гойд сайн ашиглана, махлаг бөөрөнхий биетэй, цээжирхэг, дэл сүүл өтгөн, илүү нугалам, хавирганы хувьсамжтай, бор хээр, хар хээр үндсэн зүстэй байхаар тооцоолдог байлаа. Сүрэглэх, үр төлөө энэрэх, бэлчээрээ сонгож авах чадвараар сайн, хэвийн үржин төлжих чадвартай, хөгжлийн согоггүй мянгад адууг өөр дотор нь цэврээр үржүүлж, цэвэр үржүүлгийн дэвшилтэт аргыг хэрэглэх замаар өнөөдөр мянгад адууны омог албан ёсоор батлагдсан. Цаашдаа ч энэ адууг сонгон үржүүлж, ирээдүйд үүлдэр болгох нь бидний үндсэн зорилт болж байна.

-Мянгад омгийн адуу Монгол орны аль хэсэгт илүүтэй тархсан байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Мянгад, Буянт, Дөргөнө, Эрдэнэбүрэн сумдад үржүүлэхийн зэрэгцээ тэндээс Төв аймагт ирсэн нь ч бий. Гэхдээ мянгад адууны хувьд илүү хавирга, нугалмыг голчлон анхаарах ёстой. Илүү хавирга, нугаламтай байснаараа тэр адуу хурдан, бас махлаг байгаа юм.

-Гэхдээ та Тэс омогт илүү нугалам, хавирга байдаг гэж бичсэн байдаг?

-Тэс, Хотгойдын адуунд ч бий. Бидний үржлийн ажлыг явуулахад гол анхаарсан зүйл бол илүү хавирга, нугаламтай адуугаа хэрхэн яаж сонгож олох вэ гэдэг асуудал байсан. Иймээс Алтайн бүсийн эрдмийн зөвлөлийн 2001 оны нэгдүгээр сарын 5-ны хурлаар баталж, нийт хүнд хүргэж байсан. Энэ хувьсамжийг тодорхойлохын тулд адууг тэгш газар зогсоогоод залаа чөмөгний дотор талаас хойш хавиргыг тоолж, түүн дээрээ гурав гэсэн тоог нэмэхэд хавирганы нэг талын тоо багцаалж гардаг. Эсвээс өлөнгийн хонхорхой зай маш багатай, адууны сүүлчийн хавиргыг тэмтрэхэд хавирганы толгойн цэгийн байрлал эгцэвтэр, хавирга нарийн, бөөрөнхий, сул, үзүүр лүүгээ нарийн байвал тэр илүү хавиргатай гэж үздэг байсан. Харин матааслаг хавиргатай адууныхтай андуурч болзошгүй. Гэхдээ матааслаг хавиргатай адууны хавирганы нум цаашаа түрээд өлөнгийн хонхорхойн зайг багасгахын хамтаар адууны эцсийн хавирганы толгой илүү эгц байдаг.


-Мянгад адууг хэдэн бүлэгт болгодог юм бэ?

-Өнөөдрийн байдлаар мянгад адууны удмаас Чонон саарлын удам, Ёндонжамцын хээрийн удам, Баянцагаан буюу Цэнхэрийн удам, хамгийн сүүлд илүү хавирга, нугаламтай мянгад адуу шинээр бий болсон. Энэ бол цаашид үүлдэр бий болгоход чухал юм. Өнөөдрийн байдлаар Цагаанбулангийн Төрмөнх, түүний хүү Тэргүүнбаяр, Ж.Очирбат, Ахайтын Алтангэрэл, Хөхөө Галбадрах, Лхагвасүрэн, Нямчоймбол, “Чацарганат” багийн Цогтоо, Чулуунбат, Бямбасүрэн, “Баянбулаг” багт Төмөрбаатар, Алдархишиг нарын адуунд илүү хавирга, нугаламтай адуу үржүүж байна. Бидний судалгаагаар Ховд аймгийн Мянгад суманд илүү хавирга, нугаламтай цөм сүргийн адууг 88 айлд үржүүлж байна. 2953 адуу үржүүлж, үүнээс 87 нь азарга, 644 нь гүү бий. Энийг шилмэл цөм сүрэгт хамааруулж байгаа юм.

-Өнөөдрийн бидний судалгаагаар гэж байна. Хэзээний судалгаа вэ?

-2015 оны судалгаа.

-Одоо бол үүлдэр болгож баталгаажуулахад бэлэн болсон. Юун дээр анхаарах билээ?

-Омгоор баталгаажчихлаа. Цаашид үүлдэр болгон баталгаажуулна. Үүлдэр болгон баталгаажуулахад нэн түрүүнд анхаарах зүйл юу байна гэхээр цэврээр үржүүлэх ёстой. Дараагийн дугаарт мянгад адууны давуу чанарууд гэж бий. Байгаль экологид гойд зохицсон, хангай, хээр, говийн аль ч бүсэд амьдарна. Хоёрдугаарт, жилийн дөрвөн улиралд бэлчээрээс өөрт хүрэлцээтэй ургамлаа сонгож иддэг, зөн билгээр монгол малтай ижил. Гэхдээ илүү хавирга, нугалмаар бусад малаас илүү байгаа юм. Тэсвэр хатуужилтай, бага турдаг, амархан таргалдаг, юухнаар ч хооллочихно. Өвчин эмгэгт тэсвэртэй, ямар нэгэн онцын өвчин эмгэг байхгүй. Цаашдаа мянгад адуу цэвэр үржүүлгийн аргаар явагдана. Цэвэр үржүүлгийн арга дотор удам дагуулах, удам солилцуулах арга гэж байдаг. Энэ аргуудыг хэрэглэх замаар цаашдаа сайжруулах ёстой. Үүнээс үндэслээд мянгад адууг цаашид хэрхэн сонгож үржүүлэх ямар бодлого, чиглэл байна вэ гэдэг дээр хэдэн өгүүлбэр хэлье.


 Сүүлийн 30-аад жил бид орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, малчидтай хамтарч тохиромжтой хэвшлийн мянгад адуу, түүний удмуудыг бий болгох тодорхой үе шат бүхий зорилго тавьж, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд тоо толгой, аж ахуй, биологийн хувьд үржил селекцийн үүлдрийг хэрхэн баталгаажуулах, магадлах журмын дагуу илүү хавирга, нугаламтай мянгад омгийн адуун сүрэгтэй боллоо. Мянгад омгийн адуу монгол адууны биологийн шинж чанарыг хадгалсан илүү хавирга, нугалмын үзүүлэлтээр онцлог генийн сантай адуу учраас цаашид түүнийг үүлдэр болгож баталгаажуулах нь бидний үндсэн зорилт мөн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж байх ёстой. Энэ нь төрийн ба төрийн бус мэргэжлийн байгууллага байвал маш сайн байна. Энэ байгууллага мянгад адууг цэврээр үржүүлж, ашиг шимт чанарыг нь удамшуулах, хамгаалах, сайжруулах, тархалтын хүрээг өргөтгөх, үржил селекцийн хэтийн төлөвлөгөө, мал аж ахуйн системийг эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиудтай хамтарч хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ер нь ойрын үед анхаарууштай бөгөөд цаашид хэрэгжүүлэх хэд хэдэн юм байна. Ахмад уяачид, зохиогч, хамтрагч, сургагч багш, мэргэжилтний оролцоонд тулгуурласан сургалтыг залуу үедээ өвлүүлж, залгамж холбоогоо тасралтгүй бэлтгэх, адуун сүргийг отрын нутагтай болгох, цөм сүргийн аж ахуйн нэгж, байгууллага баталгаажуулсан адууг худалдах, худалдан авах, хуульд заасны дагуу малаа хянан магадлуулах, цаашид сонгон үржүүлэх аргачлалаа эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хийх нь зүйтэй. Түүнчлэн мал маллах уламжлалт ашигтай аргыг шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтоор баяжуулж, орчин үеийн түвшинд залгамж холбоогоо уяач, унаач хүүхдүүдээ 0-16 хүртэлх насны чадамжит сургалтаар, 16-35 хүртэлх насны залуучуудыг мэргэжлийн сургалтаар, их, дээд сургуулиудад зайн ба өдрийн солилцоо сургалтаар аль болохоор орон нутгийн төсөв, санхүүжилтээр энэ ажлыг хэрэгжүүлэх цаг болсон байна. Тэр ч битгий хэл, бидний бодлоор есдүгээр сарын 1-нд хөдөөд хичээл эхлэхэд хүүхдүүдийн сургаж дадлагажуулсан, уралдуулж номхруулсан даага уралдуулдаг, шалгаруулдаг зан заншилтай болох нь зүйтэй байна. XXI зуунд их нуурын сав Мянгадад, мянгад, Тэс адууг сонгон үржүүлж буй бүх нутагт цөлжилт хойд руугаа 7-10 хувиар тэлж, цэвдгийн хайлалт, шар усны үер, зуд, ган гачгийн хугацаа уртасч бэлчээрийн ургамал, бутлалт, хэнзлэлтэнд нөлөөлж, ургамлын төрөл зүйл ургац өөрчлөгдөнө гэсэн Алтайн эко бүсийн судалгаа байдаг. Түүнд илүү хавирга, нугаламтай адуу илүү дасан зохицож байгаа энэ чадавхыг сайн дасан зохицуулж, бэлчээр, газар зохион байгуулалт, төлөвлөлт, удирдлагын тогтолцоог сайжруулж, адууны отрын бүс нутаг, нөөц бэлчээрийг баталгаажуулж, хадлан тэжээлийг бэлтгэх хэрэгтэй байна. Дараагийн дугаарт адууны мах, айрагны үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, хүнсний технологийн судалгааны үндсэн дээр “Хүүхдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд норм, жор, технологийг тогтоож, тоног төхөөрөмжинд шинэчлэлт хийх замаар хэрэгжүүлцгээгээрэй. Илүү хавирга, нугаламтай хурдан, махны мянгад адууг цаашид сонгон үржүүлэх гарын авлагыг малчид, сонирхогчдод хүргэж сурталчлах болно. Цөм сүргийн баталгаажсан аж ахуйн нэгжийг адууны мэдээллийн сан бүрдүүлэх, түүгээрээ сурталчилгаа хийх, бэлчээр, тэжээл, усан хангамжийг сайжруулах зэрэг ажлыг чухалчлах хэрэгтэй байна. Ингээд ойрын үед мянгад адууг үүлдрийн хэмжээнд аваачихад манай мянгадууд болоод баруун бүсийн хүмүүс бүрэн ажиллах бололцоотой.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна