Сумын Алдарт уяач, малын их эмч Д.Нямжав: Моринд нар шургана гээд аав минь намрын уралдаанд дургүй байсан

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 08 -нд

Малын их эмч, ардын засалч, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан Даарийн Нямжавыг уншигч танаа уулзуулж байна. 1964 оны намар сумын төвд айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр удам дамжсан уяач, мөн засалч юм. Түүний аав Даарий Асгат сумын зартай сайн засалчийн нэг байсан бөгөөд энэхүү эрдмээ хүүдээ өвлүүлэн үлдээжээ.

Хурдан адууны гэм согог засах, ханаж хатгах эрдэм ааваас тань өвлөгдсөн гэсэн байх аа. Үргэлжлэл нь болохын хувьд аавынхаа талаарх гэгээн дурсамжийг хуваалцана уу?  

- Манай аав сум, аймагтаа морины Жимээ гэж алдаршсан хүн байлаа. Морийг сайн ч уядаг, гэм гутагийг сайн хатгаж засдаг ясны адуучин, малчин хүн. Манай сумынхан хурдан адуугаа хөтөлж авчирч хатгуулдаг, гэм гутагийг нь засуулдаг байсан. Дээхнэ үедээ хурдан адууны удам угсаа их цуглуулсан. Өвөг дээдэс нь ч хурдантай байсан юм гэнэ билээ. Аав гүү, азарга их цуглуулна. Энэ төлтэй азарга, тэр төлгүй азарга гэж хараад л хэлнэ. Өөрөө давхихгүй ээ, харин төл нь давхина гэнэ. Багаасаа аавыгаа дагаж явдаг байсны хувьд хэлсэн ярьсан нь бүгд үнэн байсан нь амьдралын явцад нотлогдож байна. 
Аав тань ямар угшил удмын хурдан адуугаар наадаж байсан юм бэ?
-Аав сумандаа долоо түрүүлж, нэг айрагдсан хурдан улаан азаргатай байсан. Улаан азаргаа Сүхбаатар сумын Дэлгэрцогт өвгөнтэй явж авч байсан гэнэ лээ. Улаан азарганы төл цоохор азарга дааган цагаасаа аваад айраг, түрүүнээс мултраагүй. Дараа нь Мажигсүрэн гэдэг хүн аавд хязааланд нь өгч байсан зээрд азарга нь их хурдалсан. Зээрд азарга нь сумын наадамд нэг аман хүзүүдэж, нэг түрүүлсэн. Өвлийн наадмуудад олон түрүүлж, айрагдсан даа. Зээрд азарганы удам угсаа гэх юм бол чанга Рэнцэнгийн хүрэнгийн удам угсаа орно. Манайханд чанга Рэнцэнгийн хүрэнгийн удам угсааны Нямаасүрэнгийн хүрэн, Жингээ хүрэн азарганууд байсан. Жингээ хүрэнгийн төлийг нь манай эцэг авчирснаас хойш одоо гурав дахь үе дээрээ орж байгаа азарга байгаа. Төлүүд нь сум орон, аймгийн наадамд айраг алдахгүй. Жилдээ ямар ч байсан 2-3 айрагдаж, түрүүлдэг. 
Сайн хатгадаг, гэм засдаг эрдмээр нь бахархсан түүхээ ярьж өгөөч?   
-Зээрд азарга хязааландаа нарны сүв гэж гэм гутагтай болсон байсан. Тэр өвөл би хөдөө мал дээр гарчихаад байсан үе. Зээрдийгээ аав эмчилж, эмчилж соёолон болдог жил нь өвөл “Шөнө уяад хоноход бүх гэм гарна. Чи уралдсан чинээ уяж хоноорой” гэсэн. Даанч би тэр шөнө уяж хонож чадаагүй юм. 24 цаг хүртэл уяж хонох гэсэн чинь битүү цагаан цан болоод ер нь бээрэх нь ээ. Айгаад тавьчихаад ирсэн чинь “Одоо энэ зээрд азарганы гутгийг гаргаж чадахгүй. Хамгийн сүүлийн эмчилгээ тэр байсан. Чи миний үгэнд орсон бол зээрд азарга өвөл, зунгүй түрүүлэх байлаа. Одоо яах вэ, зуны наадамд та нар сайхан хөтлүүлж авчраад суулгана биз” гээд аав загнаж билээ. Тэгээд яг л хэлснээр нь болсон. Тэр өвөл Эрдэнэцагааны уралдаанд таваар орсон. Хавчиг азарга сумынхаа 50 жилд түрүүлээд, түүнээс хойш зуны наадамд айрагдаагүй.  
Тэр ямар учиртай юм бол оо?
-Нарны сүв гэж дотор гэм гутаг. Тийм гэм гутгийг аав сайн ч эмнэдэг байсан. Сүүлийн эмчилгээг би хүүхэд насны гэнэн зангаар хариуцлага алдаж, үгэнд нь ороогүйгээс бүрэн гүйцэд сайн засаж чадаагүй. Зун ганцхан түрүүлж, өвөл Сүхбаатар, Түмэнцогт, Онгон, Халзанд очиж түрүүлсэн. Өвлийн цагт өмнө нь адуу гишгэхэд хэцүү байсан. Манай Асгатад малын эмч Ооёо, Ж.Бат-Эрдэнэ, манай хүргэн ах гээд хатгадаг улс олон бий. Бүгд л ааваас минь зөвлөгөө заавар авч сурсан улс.  
Ер нь уяач болгонд уяаны арга барил бий. Аав тань ямар арга барилтай уяач байсан бол оо?
-Манай аав адуунд хайртай болоод ч тэр юм уу, адууг зөв унаж эдэлдэг, өвлийн унаа эдэлгээ хамгийн гол нь гэж үздэг. Сайхан унаж зөв хөнгөрсөн адуу тэр жилдээ сайн байдаг. Буруу уясан, буруу эдэлсэн адуу ямар ч хурдан байгаад тэр жилдээ явдаггүй гэдэг байлаа. Наадам өнгөрөөгөөд 20-дын үеэр их бороотой шөнө уралдсан морьдоо бүгдийг нь уяж хоноод, өглөө нь тавина. Борооноор уяж хонодог нь ямар учиртай юм бэ гэхээр “Зунжин наранд шарж давхиулсан адууг борооноор уяж хоновол гандаа нь гарч өнгө ордог” гэдэг. Сүүлд ажиглаад байхад үнэхээр зун уралдсан морь шармал өнгөтэй, хар адуу ногоон, хүрэн адуу шармал болчихдог юм билээ. Бороонд уяж хонохоор шар нь арилдаг. Түүнээс хойш би морио уралдуулчихаад борооноор уяж хонох дуртай болсон.
Та малын эмч хүн. Морины эдэлгээ байхгүй болсон нь хурдан моринд эргээд ямар сөрөг нөлөө авчирч байна вэ?
- Уралдаан их болсон болохоор тэжээж тамиржуулж байгаад хаваржин, намаржин, өвөлжин уралдаж байна. Зөв онгойгоод, тэр хэрээрээ давхидаг тусгай хурдан адуу байна. Нөгөө талаар нэг, хоёр жил давхиад явахгүй байгаа чинь эдэлгээний буруугийнх. Тамир нь муудлаа гэж тэжээсээр хэт таргалуулж, улмаар дотуур өөхөлнө, зүрх нь өөхөлнө. Нэг үгээр хэлбэл, давхар хүчтэй болно, амьсгаа сууна. Намрын уралдаанд аав маань их дургүй. Найман сарын нар моринд  их хэцүү, моринд нар шургана гэж ярьдаг. Нар шургана гэдэг чинь дотуур халуунтай буюу дотуур гэм гутагтай болно гэсэн үг. 
Одоо ч бараг л жилийн дөрвөн улиралд уралдаж байна шүү дээ?  
-Сүүлийн үед хүмүүс адуу их өсгөж байгаа болохоор нэг нь уралдахаа больсон ч араас нь уралдах адуунууд гарч ирж байна. Тиймдээ ч хурдан адуугаа хайрлахгүй ганц хоёрхон жилд олон удаа уралдуулаад, гэм гутаг суулгачихаж байна. Гэхдээ хүн болгон биш л дээ. Хашир уяачид бол олон уралдвал дотор гутагтай болчихно гэж мэддэг.  
Нэг хэсэг нь хүүхэд, моринд халгаатай гээд хаврын уралдааныг зохимжгүй гэдэг. Зарим нь монголчууд хэзээнээсээ өвөл, хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд уралддаг байсан гэцгээдэг. Хаврын уралдаан моринд ямар сөрөг талтай вэ?
-Газар гэсээгүй үед их нас, соёолон уралдуулахаас биш азарга болоод бага адуу уралдуулдаггүй. Яагаад гэвэл бага адуу хавар тамираа авч гүйцээгүй байхад нь уралдвал хатингар сууж, таргалах нь муу болдог. Таргалсан ч цаанаа шим сууж өгөхгүй, мах мариа нь гүйцэж өгөхгүй. Даага, үрээ чинь нялх учраас гүйцэд өсөлтөө авахгүй гэсэн үг. Хаврын хавсарга хүчийг  нь сорж, тамирыг нь барна. Дээр нь тэжээл өгөөд таргалчихлаа гээд олон уралдуулдаг буруу л юм байгаа юм. Адуу судлаачид мэдэж л байгаа. Уралдаж байгаа морьдыг ажиглаад байхад ямар ч онцгой сайн адуу 3-4 жил давхиад явахаа больчихож байна. Дээр үед бол насаар нь хурдлуулж байсан. Даваахүү гуай 17, 18-тай азарга түрүүлгэсэн гээд л ярьдаг. Морийг тордож, эмчилж чадаж байгаа хүн олон жил нэг адуугаараа уралддаг. Гоц хурдан адуу гэдэг бол тэр болгон төрөөд байдаггүй. Муу аав маань ч “Нэг хүнд нэг, хоёроос илүү сайн адуу заяадаггүй. Хурдангүй адуу гэж байдаггүй, бүгд хурдан байдаг. Зөв эдэлгээтэй бол унаарын морь ч хурдан байдаг. Буруу эдэлгээтэй адуу хурдан байгаад ч нэмэргүй. Гоц хурдан адуу олон төрдөггүй юм аа” гэж ярьдаг байсан. 
Ааваасаа хатгаж ханадаг эрдмийг нь өвлөж авах гэж хэр их хичээл зүтгэл гаргасан бэ?  
-Тэр их түүхтэй. Би 16 настай, наймдугаар ангийн хүүхэд. Аав эзгүй, хот явчихсан байл уу даа. Хатгуурыг нь аваад худаг дээр унаж яваа морио хатгаж байсныг нэг өвгөн хараад ээжид  “Хүү чинь худаг усны хажууд морь хатгаж цус гаргаад байна. Жаахан хүүхэд хатгахыг ч мэдэхгүй, хэлж болиул” гэж ирж хэлсэн байгаа юм. Ээж ирээд аавын хатгуурыг булааж аваад нэг сайн гөвшлөө. Ааваасаа айж байгаа гэж ухаан байхгүй. Дээхнэ үеийн улс хортой зодох биш. Шилбүүрээр хонго, борвиор ороолгоно доо гэж айж байтал аав дуугарсан ч үгүй. Ээж хэлсэн байлгүй дээ. Манайх 100 гаруй адуутай. Бог цөөнтэй, шөлний ганц нэгхэн юмтай. Нэг өдөр худаг дээр адуу усалчихаад давхиад ирсэн чинь аав хазаар авч яваад унаарын гурав дөрвөн морь бариад ир гэж байна. Зарим нь жаахан бүдчээ болчихсон. Тэгээд аав хатгадаг хутгаа өгөөд за одоо хатга гэж байна. Хаашаа нь хатгах вэ ааваа гэсэн чинь “Чи чинь морь их хатгадаг гээ биз дээ? Наадуулаа хатга” гэнэ. Манайх Лхасүрэн гэж өвгөнийхтэй айл зусаж байсан юм. Энэ бүдчээ болсон юм чинь тэрийг нь хатгах болов уу гээд суган доогуураа аав руу эмээсхийж хараад л хатгалаа. Ороо хар гээд товчлуур авдаг цэгийг нэг хатгаад оносонгүй. Лхасүрэн гуай харчихаад “Чи хүүхдэд зааж өгөхийн оронд юу ч хэлэхгүй, хараад суугаад байдаг” гээд аавыг загнавал “Энэ хатгадаг гэсэн. Дуртай бол өөрөө мэдээд хатгаг” гэж байгаа юм даа. Түүнээс хойш уядаг, уядаггүй морьд бариулаад харж сууж байгаад надаар хатгуулаад байдаг болсон. Аав маань адуундаа доголон морь байлгадаггүй, заавал эмчилж байж санаа нь амардаг. Би ч гэсэн аавын тэр зангаар сүрэгтээ доголон адуу байлгадаггүй.  
Таныг алдаж, алдаанаасаа сургамж авч сураг гэж бодсон байх нь?  
-Тийм л байх. Тэгж анх морь хатгаж сурсан. Наймдугаар анги төгсөөд хөдөө гарч, цэрэгт явах хүртлээ мал маллаж, бас морь хатгаж байлаа. Аав өөрийнхөө морийг хатга, хүний морь хатгахгүй шүү гэдэг. Аав ер нь дуугүй хүн. Намайг алдаж хатгавал л дуугарна. “Чи алдлаа даа, тэнд хатгах байсан юм. Чи ч болоогүй байна аа” гэдэг.  “Чи үнэхээр оношийг нь олж хатгаж чадвал хутганы үзүүрээр хөл орно. Оношийг олохгүй бүх цэг, судсыг хатгасан ч орохгүй” гэдэг. Цэрэгт явж ирээд, гэр бүл болоод гурван хүүхэдтэй боллоо. Өөрийгөө хатгаж чадна гээд бардам залуу л байлаа. 108 судасны гүйдэл суудлыг олно гэдэг амаргүй. Дандаа хялгасан судсуудтай очиж уулзана. Хатгаад байгаа чинь дандаа венийн юмуу артерийн судас. Артерийн судсууд хаанаа очиж нийлж байгааг мэдэхгүй, судсаа хөөж мэдэхгүй. Араг ясаа мэдэх ч савхан яс гэдэг юм уу, нарийн ширийнийг мэдэхгүй. 
Тэгээд л шинжлэх ухаан талаас нь судалъя гээд малын эмчээр сурсан юмуу?
-Тийм. Тэгээд конкурсээр орж ХАА-н сургууль авч малын эмч болсон. Одгийв гэж их ширүүн багшаар хичээл заалгасан. Одоо бол хайртай багш маань. Одгийв багш намайг морь хатгадаг сайн хүнтэй уулзуулж өгье гээд Дорнодод дайны үед орж ирээд буцаж гараагүй Чогсом гэж 80 гаруй насны барга өвгөнтэй танилцуулсан юм. Хил орчмоор морь малын өвчин эмчилж байсан юм билээ. Багш тэр өвгөнөөр намайг шалгуулж байгаа л хэрэг юм даа. Нэг орой морио хатгуулъя гээд гурван морь хөтөлсөн хүн ирлээ. Барга өвгөн “Нар шингэж гэгээ муудчихлаа, би харахгүй. Чи хатга” гээд хатгах судсуудыг нь зааж өгөөд хатгууллаа. Би ч бөөн дур.  
Багшдаа хэн бэ гэдгээ харуулах гээд байгаа шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Оюутан болоод морь хатгаагүй нэлээн удсан, морь хатгахын хүслэн болсон амьтан. Тэгээд тэр морьдыг хатгаад өвгөнд тоогддог юм. “Чи ханилмаар хүү байна аа. Би чамд хэвтэрт ороод жил болсон адууг босгохыг зааж өгье. Улсын Алдарт уяач “мод” Хүрлээгийн хар азарга зун хөлгүй болоод өвөлжин хашаанд хэвтсэн. Тэрийг босгож гүүгээ  хураадаг болгоно. Яаж босгохыг зааж өгье. Энийг сураад л чи болох юм байна” гэсэн. Яг тэр өдөр нь улсын шалгалт таараад би очиж чадаагүй. Тэнд их юм харж сурах байсан байх гэж амаа барьдаг. 
Барга өвгөн, багш хоёртоо үнэлэгдэж. Аав тань харин хэзээ хүүгээ тоож, магтаалын үг хэлсэн бэ?
-Төгсөөд ирлээ. “Аав аа, би ХАА-н сургууль төгсөөд ирлээ” гээд дипломоо үзүүлэхэд аав сайн байна гэж хэлээгүй. 27 нас хүрсэн, цэрэгт яваад ирсэн, оюутан болоод төгсөөд ирж байгаа юм шүү дээ. 
Аав тань амьд сэрүүн ахуйдаа таны мал эмчлэх арга ухааныг үнэлсэн байх. Монголчууд угаасаа хүүхдээ нүүрэн дээр нь магтдаггүй шүү дээ?
-Магадгүй ээ. Сургууль төгсөж ирснээс хойш би өөрөө мэдээд наадмын дараа уралдсан морьдоо хатгадаг болсон. Аав маань ч нурууны суулттай гээд босож суух нь багасч, морины ажилд оролцохоо больсон байлаа. Сандал авчирч тавиулаад морь хатгахыг хараад сууна. Нэг удаа харж сууснаа “Одоо миний хүү хүний морь хатгаж болно” гэсэн, өөр юм хэлээгүй. 11 жилийн дараа ааваасаа зөвшөөрөл авч байгаа минь тэр. Урт хугацаа шүү. Одооны хүүхдүүд бол ийм удаан тэвчихгүй хатгачих байх аа. Би аавдаа тэгж л «чануулсан» хүн дээ. Аав маань өөрийнхөө хурдан адууг өөрөө хатгаж байгаад алсан гэнэ билээ. Түүнээс хойш тийм хашир болсон байх гэж боддог юм. Ер нь морь хатгах гэдэг тийм амар юм биш гэдгийг надад ухааруулсан. Одоо улсууд далны хөндүүрийг нь авчихлаа гэдэг. Далны хуянг самнах гэдэг цэгтэй. Өчүүхэн алдах юм бол аминд хүрдэг цэгэн дээр хатгана. Эхлээд оношоо зөв тавьж, цэгээ зөв тодорхойлно. Цагаан хуян, хар хуян хоёрын хооронд 2-3-хан хуруу зай бий. Тэгэхэд арьсыг нь цоолоод хөндүүрийг нь аваад уралдуулаад байна. Бага адуу ганц нэг уралдаж байгаа юм. Томорсон хойноо хаанаа хөндүүр байгаа нь мэдэгдэхгүй, хашраа орно, бас цаад махандаа бэрсүү сууна.   
Эхнээсээ мэдэхгүй, чадахгүй хүнээр оролдуулбал засахад хэцүү байдаг байх нь.
-Их хэцүү байдаг. Эргээд хөл ороход хугацаа шаардана. Ер нь хөл муудсан морийг хатгаад, тэр зун нь уралдуулахгүй, дараа зун уралдуулбал насан туршдаа хөл гэж ярихааргүй болно. Манайхан чинь хавар нь хатгаж, зун нь уралдуулаад, зун нь цуслаад шууд уралдуулаад байгаа шүү дээ. Энэ бол тун буруу. 
27 наснаас хойш өнөөдрийг хүртэл хичнээн адууг эмгэг согогоос нь салгасан байх юм бэ?  
-Нэг жил би эмнэсэн адууныхаа тоог барагцаалж үзье гэж бодоод тэмдэглэсэн чинь жилдээ 500 хүрч байна билээ.  
Өвөрмонголын нэлээн хэдэн мужаар явж адуу мал эмнэсэн гэсэн байх аа. Мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд хичнээн аймаг, сумын нутгаар яваад байна вэ?
-Хавар Өвөрмонгол руу урилгаар явсан. Дөрвөн сард оройхон гэртээ сууж байсан чинь нэг хүн “Ах аа, ганц нэг гүү, морь хар үзээд өгөөч. Зардал чирэгдлийг нь цаанаас нь даана гэж байна” гэхгүй юу. Нэг хүн уралдуулна гээд нэмнээтэй их насны хар морь уяж байна. Би нөгөөдөхийг нь хараад “Өө, энэ юун уралдах. Хайран морь хөлгүй болно. 50 хувийн цустай эрлийз морь байна” гэчихгүй юу. Тэгтэл нөгөө өвөрмонгол хүн “Та нэмнээтэй морийг яаж мэдэв” гээд гайхаж байна. “Чи хөлийг нь нэмнээгүй шүү дээ” гээд хатгаад өгчихгүй юу. 20 мянган юань буюу манайхаар 6-7 саяар авсан морь байсан юм билээ. Бас Онолтхүү гэж өвөрмонгол хүний тулаа оруулж доголчихсон, тэвэгний яс нь арай бэртээгүй морийг хатгасан юм. Тэрнээс хойш л бие биенээсээ сонсдог юмуу Өвөрмонголоос яриад морь үзэж өгөөч гэдэг болсон. Баруун үзэмчин гэдэгт 20-30 морь үзэж хатгасан. Зүүн үзэмчин гэдэгт 10 гаруй морь хатгалаа. Сүүлд бүр хойшоо Авгын хошуу, зүүн талаараа Хөлөнбуйр руу явсан. Улиастайгаас Хөлөнбуйр руу дөрвөн аймгийн 13 сумаар дамжиж явахдаа 60-аад морь хатгасан. Шөрмөсөө цохисон морио яаж эмчлэхээ мэддэггүй хүмүүс байна лээ. Шөрмөсөн сиймхий нэвт хатгаад цус нь олгойдохоор гайхаад байгаа юм.  
Монголдоо хичнээн аймгаар явж морь хатгасан бэ?
-Ховд, Говь-Алтай, Баянхонгор явсан. Хотыг тойроод аялсан. Аймагтаа бол яах вэ, зарим нь ачаад ирнэ, заримдаа очиж хатгана. Манай аймгийнхан байнга ирдэг. Өнөө өглөө гэхэд энэ хүүхэд маргааш уралдах морио үзүүлж яваа юм. Зарим нэгэнд нь “Ах нь маргааш морь уралдуулах гэж байгаа, цус гаргахаа больё доо” гээд гуйна. Тэгэхээр зарим нь хүүхдээр хөтлүүлээд явуулчихна. Жаахан амьтан морь хөтлөөд ирэхээр үзэж өгөхгүй гээд яах юм бэ. Өөрсдийг нь ирэхээр “Наадам болох гэж байна. Би нэг өдөр тэсье” гээд явуулна. 
Хатгахад хамгийн хэцүү нь юу вэ?
-Шөрмөсөн сиймхий, ягниган сиймхий хатгахад шөрмөсний завсраар орж байгаа болохоор хэцүү. Гэхдээ гар нь чичрээ хүн хатгахгүй. Мориноосоо айгаад гар нь чичирч байгаа хүн яагаад ч морь хатгахгүй. Өөдөөс ёо гэж хэлэхгүй, буруу эмчилсэн гэж заргалддаггүйд нь хүмүүс хамаагүй хатгаад байгаа юм.  
Хамгийн түгээмэл тохиолддог эмгэг юу байдаг вэ?
-Шөрмөсөө цохих, тулаа ирэх. Морь дороосоо хөлгүй болно гэж байдаггүй. Тарган эсвэл их хоолтой дутуу сунгаад богины чинээ буюу дээгүүрээ цээжний мөргөлт болж байгаа юм. Бие нь халаад ирэхээр тавиа нь зүгээр болно. Нэг уралдана, хоёр уралдана, гурав дахь дээр нь гүйцэд тавьж чадахгүй, тулаа ирж хавдана. Хүний гар тулдаг шүү дээ, яг тийм зүйл. Бэртэл биш. Энэ тулааг хаанаас хатгаж яаж гаргахаа сайн мэдэхгүй байгаа юм. Дээрээс нь хөөж, дороос нь гаргангуут тулааны шинж байхгүй болж зүгээр боллоо гэж боддог. Мэдээж хүн харахад доголохгүй, хаван байхгүй, алхаа гишгээ зүгээр болсон байна. Төгс эмчлэхийн тулд ягниган сиймхийг нэвт авдаг. Тулаа болсон морины ягниган сиймхийг хатгахгүй бол тэвэгний яс бэртэнэ. Түүнээс биш морь барагтай тэвэгний яс бэртэж, доголно гэж байдаггүй. 
Ер нь адууг хэдийд хатгаж эмчлэх ёстой байдаг юм бэ?
-Морины эмчилгээний улирал дөрөвдүгээр сарын 20-доос эхэлдэг. Ногоо гарч мал ногоонд цадах үеэр цусны сайн муу ялгарч, цус амархан төлждөг. Намар наймдугаар сарын 20-доос хэтрүүлэхгүй бүх эмчилгээ заслаа хийж тавьдаг. Ес, арван сар гарангуут тосон цус гэж гардаг. Одоо энэ хугацаа хамаагүй болж дээ. 10 сар хүртэл уралдсан эцэнхий адуу хатгахаар тосон цус гарахгүй. Гүйцэд таргаа авсан адуунаас л тосон цус гэж гардаг. Гүйцэд таргаа авсан адууг намар хатгахад муу. 
Тухайн үед эмгэг, хөндүүр аваад, дараа нь улирлаа харж байгаад төгс хатгах ёстой гэсэн үг үү?  
-Улирал харна гэдэг эзэнтэй нь ярьж хатгахгүй бол болдоггүй. Шөрмөсний сиймхий хатгачихаад усанд оруулах юм бол тэр чигтээ хөлгүй болдог. Нэвт хатгачихаж байгаа юм чинь ус орохоор буглаа үүсч, буглаанаасаа болж хөлгүй болно. Тийм учраас эдгэтэл нь усанд оруулахгүй байж чадах уу гэж асууж байгаад хатгадаг. Энэ гамыг бариагүйгээс усанд оруулж хөлгүй болгочих юм бол эзэн нь надад гомдоно. Тийм учраас би болгоомжилдог. 
Морио хатгуулж ханасных нь дараа ямар гам барих ёстой вэ?
-Хатгаад мэдээж адуунд нь тавьж, тарга тэвээрэг авахуулна. Намар унахдаа анхны 2-3 унаарыг зөв хийж, эмээлийн хор гаргах хэрэгтэй. Давхихгүйгээр ойрхон хонинд явж, адуугаа харах зэргээр үнэгэн шогшоогоор явбал сайн. Эмээлийн хор зөв гаргасан тохиолдолд дараа нь яах ч үгүй. Хүн ч гэсэн зүү тавиулаад нялхардаг шүү дээ. Тэр нялхрааг гаргахын тулд эхний 2-3 унаарыг зөөлөн унаж байгаа юм. Мордонгуутаа ниргэх юм бол эргээд хэвтээд өгнө. 
Шинжлэх ухаан талаасаа ардын уламжлалт эмчилгээг нэг их сайшаадаггүй. Энд өвдөж байгааг өөр газар хатгаж өвчнийг сатааруулж байгаа болохоос үндсэн согог арилдаггүй гэж тайлбарладаг. Та бол аль алиныг нь судалж, мэдсэний хувьд энэ талаар юу хэлэх вэ?
- Зөв асуулт байна. Би түрүүн ярьсан даа, оношийг нь тавьж байж цэгээ олж хатгахгүй бол бүгдийг хатгаад эдгээхгүй гэж. Хатгахгүй газар хатгаад бэрсүүтүүлээд байдаг. Тэгээд хөндүүр авч уралдуулаад байдаг. Сүүлд нь үзэхэд мах шөл нь бэрсүүжээд, хөндүүр нь хаанаа байгаа нь мэдэгдэхгүй хэцүү болдог. Хатгаачид ихэссэн. Ихэнх нь хар практикаар хатгаж байгаа болохоос онолын талаас хийж байгаа нь байхгүй. Ардын уламжлалт эмнэлэг, онол хоёрыг хослуулах юм бол эдгээхгүй юм гэж байхгүй. Энэ хоёрыг хослуулж байж төгс болох юм байна гэж ойлгож сургуулийг нь төгсөж мэргэжил эзэмшсэн. Одоо хаана ч, ямар ч халдварт өвчин гараад дуудахад би лабораторийн хариунаас өмнө онош тавьдаг.   
Жилдээ 500 орчим адуу хатгаж байгаа юм чинь өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдсөн ч юм уу, эсвэл эрсдэлтэй хатгаа хийж байв уу?  
- Залуухан 30 орчим насандаа ам гарч морь хатгаж байсан тохиолдол бий. Балдангийн Чулуунбатын хонгор соёолон азарга 2009 онд овооны наадамд очоод хөлгүй болсон байсан. Намар 10 дугаар сарын 25-нд хүйтэн салхитай өдөр ангийнхаа Мөнхбаттай цуг явж байгаад “Ирэх жил энийг хавчиг азарга суманд түрүүлгэнэ ээ” гэж хэлээд хатгалаа. Тэгтэл Мөнхбат ам гарлаа гээд загнаж байна. Өвөл 12 дугаар сард мал тооллогоор очсон чинь гүүгээ ч гүйцэхгүй байсан азаргаа Чулуунбат унаж байна. Бардам загнасан би ч сэтгэл онгойгоод “Алив би үзээдэхье” гэж онгироод “Одоо нэг хатгуулчихвал суганы татуу арилаад гоё болно доо. Чи хавар эртхэн, чадахгүй бол өвөл долоон есийн дундуур ирж зөөлхөн хатгуулахгүй юу” гэлээ. Тэгтэл Чулуунбат ч азаргаа авчирч хатгуулсангүй байсаар зун уягдлаа. Наадмаар хол түрүүлэхийг нь харах гэж муу ногоон 69 машиндаа Чулуунбатыг суулгаад морь дагалаа. Нээрэн л км хүрэхгүй, 600-700 метр хавьцаа тасархай түрүүлж билээ. Олон ч удаа ам гарсаан. Тод манлай уяач Мөнхтөрийн бор морь шөрмөсөө цохисон байсныг “Би хөл оруулна” гэж ам гараад очиж хөл оруулсан. Батнацагийн саарал гэж сайн азаргыг бас хатгаж эмчилсэн.  
Зүүн бүсэд аман хүзүүдсэн саарал азаргыг эмчилсэн юм уу?
- Тийм. Уржнангийн долдугаар сарын 2-нд сунгаанд хөлөө чирүүлсэн байсан. Батнацаг Засаг дарга байсан, сонгуулийн жил гээд завгүй. Тэдний хүү Эрдэнэбат “Аавыг хараад нэмэргүй. Уралдах маань ч яамай. Гүүгээ л бүтэн хөөж байвал бол оо. Та хатгаад өг” гэж байна. Мөрөндөө гэмтэл авчихсаныг нь мэдсэн ч надад хэлэхгүй болохоор нь дуугарсангүй. Тэгээд чирэгдсэн хөлөнд хатгаа хийлээ.  Хөтлөөд жаахан давхиадах гэсэн урагшаа ойчоод өглөө. Хоёр өдөр болоод ирсэн чинь гайгүй, гишгэмэр болж байна. “Миний дүү маргаашнаас ажил хийнэ шүү. Маргааш догол нь гайгүй болно. Долдугаар сарын 10-нд хоёулаа суманд түрүүлгэх юм шүү. Хэрэв зээ хөлгүй болоод доголох юм бол ах нь даана аа” гэлээ. Дотроо “Хүний хурдан мориор тоглочихов уу даа” гэж бодогдоод байгаа. 10-нд наадам зохион байгуулах хуралд суух гээд очсон чинь Батнацаг дарга “Чи тэр азарганд юу хийчихэв ээ. Хөл нь зүгээр. Нөгөөдөх чинь сая сунгалтанд түрүүллээ. Сонин юм аа” гээд инээж байна. Тэгэнгүүт би тайвшраад “Сунгалт яах вэ. Наадамд түрүүлэх ёстой байхгүй юу” гээд туучихлаа. Дааган цагаасаа наадамд гурав, дөрвөөр л орсон адуу. Тэгээд наадмаар хавчиг азарга сумынхаа наадамд түрүүлээд, хэд хоногийн дараа Хэнтийн бүсэд очиж Болдбаатарын халиунтай цуг уралдаж аман хүзүүдсэн. Архинаас хол байдаг хүн чинь саарал азаргыг сумандаа түрүүлээд, бүсэд аман хүзүүдэнгүүт Батнацагтай хоёулаа хөдөө гарч нохой гурав харагдтал найрлана гээч болсон. Ноднин долоон настай азарга сумандаа түрүүлсэн. Энэ жил түрүүлбэл гурав болох юм. Ноднин түрүүлгээд, хөл нь жаахан эвгүйтсэн. “Яг үнэнээ хэлчих. Юу мөргүүлсэн юм бэ” гэсэн чинь Батнацаг дааганд нь хашаа мөргүүлсэн юм гэж үнэнээ хэлсэн. Тэгээд би янзалж өгсөн. Яагаад мэдсэн хэрнээ дуугараагүй гэхээр миний гарын тэмтрээ зөв байж уу, буруу байж уу гэдгийг мэдэх гэснээс үнэрхсэн хэрэг биш л дээ. Тийм учраас оношоо тодортол хэвийн байдалд нь байлгана гэж бодсон. 
Цус гаргаж байгаа эмчилгээнд заавал гар цайлгах ёстой гэдэг юм билээ? 
- Морио хатгуулсан улс гар цайлгана гэж тамхины мөнгө өгнө. Дээр үед ч тийм байсан. Зарим нь баярлалаа гээд арай ахиу юм өгнө. Хүн бүгдэд дандаа сайн хэлүүлнэ гэж юу байх вэ. Нэг хэсэг нь сайн хэлж байхад нөгөө хэсэг нь муу хэлж байгаа байлгүй. Гэхдээ 80 хувь нь ам сайтай байгаа байх аа. 
Тод манлай уяач Даваахүү гуай олон жил мориор тоглохоор сүүлдээ моринд ширүүхэн ч ажил хийж чадахгүй болтлоо халширдаг юм байна гэж байсан. Танд тэгж халшрах, эмээх зүйл гарч байна уу?
- Би морь хатгаж эмчилчихээд хүнд тус боллоо гэж боддоггүй, энэ амьтныг өвчнөөс нь салгачихвал амьтан ч гэсэн баярлана даа гэж боддог. Түүнээс морь хатгахаас халширч байсангүй. Зарим адуутай нэлээд ноцолдож зодолдож байж хатгана. Уулгамч гэдэг юм уу, хашраа болчихсон адуу зөндөө таарна. Өшиглүүлэхдээ өшиглүүлээд, дайруулахдаа дайруулж байж хатгана. Гэхдээ би яагаад ч юм моринд өшиглүүлж, дайруулчихаад бэртээгүй, тэрнээсээ эргээд айдаггүй юм. Цаанаасаа тэнгэр бурхан намайг морьтой холбосон юм уу гэж боддог. Бэртвэл бэртэхээр өшиглүүлж, дайруулж байсан. Энд тэндээ хөх эрээн болоод ирэхэд гэр бүлийн хүн, хүүхдүүд боль гээд загнадаг. 60 гараад ирэхээр өшиглөхийг нь даахгүй болох байлгүй. Одоохондоо арай сөхөрчихөөгүй л байна. 
Манай дөрвөн хүүхэд хүний, малын эмч нар болсон гэж байсан. Та ааваасаа эрдмийг нь өвлөсөн шиг танай хүүхдүүдээс ханаж хатгаж байгаа хүүхэд байгаа юу?  
- Бий бий. Манай их хүү, бага хүү хоёр ойрын юм хатгана аа. Гэхдээ би өөрөө яаж сурсан, түүн шигээ сургахыг хүсч байна. 30 хүрээгүй залуу улс жаахан чанагдаж байж сураг. Нэг нь Түвшинширээ суманд малын эмч хийдэг, ойр зуурын юм хатгаж байна. Нэг нь надтай цуг ганц нэг юманд туслаад явдаг, би хорьдоггүй юм. Над шиг зүгээр малчин хатгаж байгаад малын эмч болоогүй. Сургуулиа төгссөн болохоор арай л өөр юм байна билээ. 
Ер нь бэлэгний адуу хэр олонтой вэ?
- Залуудаа адуу мал тоодоггүй байлаа. Сүүлд 40 гарсан хойноо гэнэт сайн угшлын адуу цуглуулъя, цөм сүрэгтэй болъё гэж шийдээд адуу цуглуулсан. Морио хатгуулсныхаа хариуд хурдан азарганыхаа төлөөс аваарай гэсэн олон сайхан дүү нараасаа адуу авсан. Шөвгөр зээрдийн эцэг хүрэн азарганы нэг жилийн таван төл гарахад ганц эрийг нь би авсан. Сүхбаатар сум гээд газар газраас авснаас дээд тал нь хязаалан болж байна. Зарим нь та надад бишгүй тус боллоо, энийг ав гээд адуу бэлэглэдэг юм.
Өчигдөр харахад танайх их сайхан адуутай юм билээ?  
- Шаргал морь нь миний унаган адуу. Ягаан халзан соёолон морь Дорнод адуу. Урд хашаанд байгаа нь бүгд энд тэндээс ирсэн. Цустай адуу байхгүй. 
Таны уяачийн түүх хэзээнээс эхтэй вэ? Одоогоор хичнээн айраг түрүү хүртээд байна вэ?
- Гэр  бүлийн хүнтэйгээ 1987 онд нийлж, 1988 оны өвөл тусдаа гарсан. Тэгэхэд аав саарал азарга, саарал морь хоёр зааж өгөөд, анх өвлийн уралдаанд  уралдуулахад нэг нь түрүүлж, нэг нь гурваар орсон. Анх миний морьд давхиж эхэлсэн нь энэ. Гэхдээ залуу байсан болохоор өөр дээрээ цоллуулаагүй. Одоо ч гэсэн би морь айрагдахад ахынхаа нэр дээр цоллуулдаг. “Хүн ахтай, дээл захтай” гэж үг байдаг. Аавыгаа байхад, ахыгаа байхад нэр дээрээ морь цоллуулах дургүй. Миний уясан морьдын олон айраг, түрүү бий. Сүүлийн үеийн цөөхөн айргаар надад сумын Алдарт өгсөн. Нарийн яривал, аймгийн Алдартын ч болзол хангахаар байгаа. Миний нас болоогүй байна. Жилдээ 2-3 айраг авчихдаг юм чинь болох байх аа.  
Бидний урилгыг хүлээн авч, өөрийнхөө сурсан мэдсэнээ харамгүй хуваалцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Та бүхэнд ч ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна