ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ ГЭДЭГ ШИНЖЛЭХ УХААН ЮМ

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 13 -нд

Уулзаж ярилцсанаас хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн жилийн дараа ч хэлсэн үг нь сэтгэлд бүлээн хэвээрээ байдаг хүмүүс тун ховорхон таардаг даа. Тэдний дийлэнхи нь хэр барагтай бол бусдад сэтгэлээ нээгээд байдаггүй хэрнээ итгэсэн хүнийхээ өмнө сэтгэлээ торго шиг л дэлгээд тавьчихдаг, хэлсэн өгүүлбэр бүртээ хүнд хэрэгтэй санаа сэдэл хавчуулчихдаг хүмүүс байдаг. Тэдний нэг нь Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны гэргий Х.Цэрэндолгор.


Түүнтэй мэнд мэдмэгцээ л хагас дугираг хэлбэртэй, жижигхэн алаг нүдэнд нь харц унагалаа. Дөнгөж танилцаж байгаа хэрнээ л “Миний охион” гэж намуухан дуудаад, нүдээрээ инээмсэглэх нь дэндүү дулаахан мэдрэмж төрүүлнэ. “Энэ дулаахан мэдрэмж биднийг үгээ ололцож, санаа бодлоо солилцоход туслах байх аа” гэж бодсон минь ч эндүүрэл биш байжээ. Бид амьдрал, аз жаргалын талаар удаан ярилцав. Амьдралын өрөг дээр бидний шидсэн хар, цагаан хоёр талтай шоо үргэлж цагаанаараа буудаггүйг хүлээн зөвшөөрч, зовлон бэрхшээл, алдаа, ухаарлын талаар ч ярилцлаа. 
Бүтэн гурван цаг ярилцчихаад гэртээ орж ирмэгцээ л гал зуухаа толийтол цэвэрлэж, шалны алчуураа дахин дахин угаалаа. Учир нь, тэрбээр “Эмэгтэй хүн гэрийнхээ гал голомтыг тоос шороогүй цэвэрхэн байлгах учиртай. Айл гэрийн гал голомтон дээр хумхын тоос тогтохын төдийд л сэвтдэг юм гэнэ лээ. Мөн би аяга таваг болон шалны алчуураа толбогүй цагаан байлгадаг юм. Наад зах нь ариун цэвэр. Цаашилбал, монголчууд айлд орохдоо улаа арчдаг нь олны хөлийн газар явахдаа үзэж харсан муу муухай бүхнээ гутлын уланд наалдсан шороотойгоо хамт арчиж арилгаад орж байна гэж бэлгэддэгийнх. Энэ ч утгаараа орж гарч байгаа олон хүмүүсийн санамсартай болоод санамсаргүй тээж яваа хар, цагаан бодлууд тоос толбогүй тэр цагаан алчууранд арчигдаад үлдэг ээ гэж боддог юм” хэмээсэн. “Айл гэрийн өнгийг бүсгүй хүн мэддэг” гэдэг л энэ буюу. 
Биднийг багад ч бас ээж минь иймэрхүү утга агуулгатай зүйлс ярьж, эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй байх эрдэмд сургаж л байсан санагдана. Гэвч хэтэрхий техникжиж, технологижсон нийгмийнхээ хурдыг гүйцэх гэж ар гэрийн амьдралаа умартан байж цаг наргүй ажилладаг өнөө цагийн бид тэр болгоныг чамбайлан хийхээ ч больчихож. Гэтэл Цэдо эгч нөхөр, хүүхдүүд болон уралдаанчдадаа эрүүл цэвэр хоол идүүлэхийн тулд өөрөө гурилаа элдэж, зуураад, хэрчиж хэрэглэнэ. Шалаа хүртэл өөрөө зүлгэж, уралдаанч хүүхдүүдийнхээ хувцас хунарыг ч угаана. Бусдын адил приус машин унаж, дөрвөн ханатай гэрт амьдарна. Цагаан сарын шинийн нэгний өглөө ч нөхөртэйгөө хамт хотоо цэвэрлээд л зочдоо хүлээж авна. Хурдан морины уралдааны үеэр гэрт орж ирсэн зочдоо өөрийн гарын цай, хоолоороо дайлна. Найр наадам, арга хэмжээ өндөрлөмөгц идээ цагааныхаа үлдэгдлийг ирсэн зочдодоо тэнцүүхэн тараагаад өгчихнө. Техник технологит шүтэж, биеийн амар, сэтгэлийн таашаалаа л урьтал болгож, мода, брэнд хөөцөлдсөн энэ нийгмээс хайгаад, эрэлхийлээд байдаг зүйл маань магадгүй ийм л энгийнээс энгийн ахуй ч байж мэднэ. Гэтэл Цэдо эгч “Хүмүүс намайг хараад гайхдаг л юм” гээд инээмсэглэж сууна. Аргагүй ээ, энэ нийгмээс ийм эзэгтэйг олох хэцүү л дээ.
Нөгөөтэйгүүр, Монголын морин спортын ХХ зууны рекордыг эвдсэн хос шаргын эзэн, Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны гэргийг шороо тоос, хир буртагтай хар бор ажилтай зууралдаад сууж байх эмэгтэй гэж хэн ч төсөөлдөггүй биз. 
Биднийг багад эмээ минь “Эр хүний амжилт гэргийн зүтгэлээс төрдөг” гэдэг байж билээ. Цэдо эгч ч мөн эмээгийнхээ амьдралын ухааныг өвлөжээ. Хичээл тарж ирмэгцээ л сумын төвөөс 5-10 км газар алхаж, аргал түүнэ. Усанд явна. Гэр орноо цэвэрлэнэ. Тэр бүхнийг мэдээж эмээгийн сэтгэлд нийцтэл хийх учиртай. Эмээ нарын иймэрхүү хатуухан гэмээр зарчим, шаардлагуудыг гүйцэлдүүлсээр нэг л мэдэх нь ээ, хийж чадахгүй гэх ажил үгүй болчихсон байдаг даа. Нийтлэлийн маань баатрын ажил, амьдралын зам ч үүнийг нотолж байна. “Эмээгийн минь сургаал, сургасан эрдэм хоёр намайг сайхан амьдралын оргилд хүргэсэн” гэж боддог. Тиймээс зул өргөх бүртээ эмээдээ залбирч, маани уншдаг” хэмээгээд “Хэдхэн хоногийн дараа миний төрсөн өдөр болно. Би төрсөн өдрөө тэмдэглэж байсан удаа үгүй. Харин түүний оронд төрсөн өдрөөрөө Гандан орж, ачтай сайхан буурлууддаа ерөөл ном уншуулдаг юм” гэх нь бас л жигтэйхэн содон сонсогдож байлаа. 
Буурлуудаа гэсэн чин сэтгэлтэй байх шалтгаан ч бас түүнд бий бололтой. Тэрбээр гуравдугаар ангид байхдаа хайртай аавыгаа цаг бусаар алдаж, өнчрөл хагацлын өтгөн манан дунд хэдэн дүү нараа хөтлөөд үлджээ. Гэвч ухаант ээж, эмээ хоёрынхоо ачаар харанхуйд төөрчихөлгүй, гэрэл гэгээ рүү тэмүүлж өссөн аж. Долоон хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь охин тэрбээр “Аав, ээж хоёр минь бидэнд эрүүл саруул бие эрхтэн заяасан. Тиймээс бид хүнээс илүү биш юм аа гэхэд дутуу амьдарч болохгүй” гэж дүү нартаа сургамжилдаг. Өөрөө ч энэ л зарчмаараа ажиллаж, амьдарсаар иржээ. Тэрбээр намын ажилтан аав, эх баригч эмч ээж хоёроороо үргэлж бахархдаг. Тиймдээ ч аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр олон шалгуур давж байж 1996 онд МАХН-д элсчээ. Дарга, бичээч хоёртойгоо халаалтгүй шар байшинд ажлын гараагаа эхэлсэн тэрбээр уйгагүй зүтгэл, хөдөлмөрч зангийнхаа үр шимээр “намын гүйдэг хүүхэн” гэж Аймаг даяар цоллуулах хүртлээ л зүтгэсэн байна. Улмаар төрийн алба хаших болж, Замын-Үүдэд гаалийн улсын байцаагчаар ажиллаж эхэлсэн байна. Тэнд ажиллаж байхдаа хилээр ачаа бараа гаргах болон оруулах гэсэн ч учраа олохгүй, тэвдэж явсан олон хүнд тусалсны нэг нь түүний насны хань Э.Эрдэнэчулуун байж. Э.Эрдэнэчулуун уяач гэргийдээ анх хэрхэн сэтгэл татагдсан тухайгаа “Ажилдаа түүртсэн мэт уруу дорой царайтай тэр олон хүний дунд дандаа инээж явдаг ганц хүн байсан нь Цэдо байсан” хэмээн хуучилдаг гэнэ лээ. Энэ өгүүлбэрийг сонсохын төдийд одоо ч нүдээрээ инээмсэглээд л сууж байгаа түүний залуу насны тэрхүү дүр зураг сэтгэлийн толиноо тодхон туссаныг дурдахгүй өнгөрч боломжгүй санагдана.
Тийнхүү учрах ёстой хүмүүс учрах ёстой газартаа уулзаж, жам ёсоороо л нэгэн замаар хөтлөлцөн алхжээ. Нийтлэлийн маань баатар хүмүүний амьдралыг хязгааргүй уудам далайтай, Э.Эрдэнэчулууных хэмээх орон зайгаа тэрхүү далайд хөвж яваа завьтай, хань болоод өөрийгөө завины хос сэлүүртэй зүйрлэсэн. Тэрбээр энэ мэтээр энгийнээс энгийн зүйл ярьж байгаад гэнэ гэнэхэн содон зүйрлэл хэлж, чимхлүүртэй санаа оноо хавчуулчих аж. Нөгөөтэйгүүр, өдөр тутмын амьдралын тухай аар саархан зүйлс яриад байгаа мэт боловч авч буй жишээ, хуучилж буй дурсамж, зүйрлэж буй тодотгол бүр нь унацтайг яана. Би ч өгүүлбэр бүрээс нь мэдлэг ухаарал урсах түүний ярианаас хором тутамд л сувд шүүрч суулаа. Гэхдээ Цэдо эгч хэн нэгэнд заавал ухаарал хайрлах гэж, үгээ үлдээх гэж хэлбэрдэж, уран чамин үг ашиглаж, онол ярьж номчирхохгүй. Үзэж туулсан бүхэн хийгээд практикаар хийж чаддаг зүйлсийнхээ талаар л тун энгийн үгсээр ярьж буй нь энэ. Өдөр тутамдаа хийдэг хийгээд хийж чаддаг зүйлс нь ч, давж туулаад ирсэн амьдралынх нь түүх ч чих мялааж, сэтгэлд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгана. 
Хүний амьдралын зам хад чулуу, даваа гүвээтэй байдаг жамаар Х.Цэрэндолгор хэмээх энэ даруухан монгол бүсгүйн амьдрал ч бас алдаа, оноо, жаргал, зовлонгийн хүрдэн дээр эргэлдсээр л байна. Бага наснаасаа ажил хөдөлмөрт шамдаж, сургуулиа төгсмөгцөө нам болоод төрд ажиллаж, хариуцлагатай үүрэг хүлээж явсан тэрбээр Э.Эрдэнэчулуун уяачтай учирмагцаа төрийн албан хаагчийн дүрэмт хувцсаа тайлаад малчны гэргий болохоор сэтгэл шулуудсан гэдэг. Албан тасалгаа, ажлын ширээний араас хөдөө буйдын малын бэлчээр рүү гэнэт шилжсэн түүнд ядарч туйлдах, шантарч бэрхшээх үе ч цөөнгүй л тохиолдоо биз. Гэвч “Адуу мал, хүний хүүхдүүдийн хир тоостой зууралдаж, гэрийн ажилтай хутгалдаад ядарч байна уу? Чи энэ бүхнийг өөртөө, гэр бүлдээ л хийж өгч байгаа юм шүү дээ” гэсэн нөхрийнхөө зөвлөгөө-сургамжийг сонссоноосоо хойш дахиж ганц ч удаа ядарч, цөхөрч байгаагаа мэдрээгүй гэнэ. Харин ч гэрийн ажлаа хийх, адуу малынхаа төлөө хөдөлмөрлөх бүртээ “хийж байгаа үйл бүхэн минь түм бумаар үржээд хань ижил, үр хүүхэд, цаашлаад бидэнд хамааралтай бүх хүний амьдралыг гэрэл гэгээд хөтлөх болтугай” хэмээн өөртөө шивнэж, сэтгэлдээ шившдэг байна.
Гэвч шивнэж шившээд ч, гуйж залбираад ч, сөгдөж мөргөөд ч санаснаар болдоггүй хоёр бэрхшээл амьдралд бий. Нэг нь өвчин, нөгөө нь үхэл. Х.Цэрэндолгор ч энэ бүхнийг биеэрээ туулж, сэтгэлдээ мэдрээд л гарсан. “Ханийгаа тэр айхтар өвчнийг даваад, эрүүл болоод буцаж ирэхэд би амьдралдаа баярлаж үзээгүйгээрээ баярласан” гэж тэр хэлсэн. Олон зүйлд нулимс унагаад байдаггүй тэрбээр тэгэхэд л амьдралынхаа туршид асгах учиртай нулимсныхаа дийлэнхийг сул асгаа биз ээ. Тэгтэл  Э.Эрдэнэчулуун уяачийг хүндээр өвдөхтэй зэрэгцээд сайхан шарга хүлгийнх нь бие ч бас тавгүйтсэн аж. Эр нөхөр нь хагалгаагаа амжилттай давж, эрүүл болмогцоо өөрөө хүлгээ эмчилж эдгээснээр нойргүй шаналж, тогтож өгөхгүй тэрчилж байсан гэргийнх нь сэтгэл ч уужирсан байна.
Нийтлэлийн маань баатарт нулимсаа барьж чаддаггүй бас нэгэн тохиол бий. Энэ бол морь уралдах мөч. Ган дөрвөн туурайгаараа хөрст дэлхийг бөмбөрдөн, бариа руу тэмүүлж яваа тэр сайхан хүлгүүдийг харахаараа өөрийн эрхгүй нулимс асгаруулчих гээд байдаг болохоор уралдаан үзэхээс аль болох зайлсхийдэг. Гэхдээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Тод манлай уяачийн ар талыг даах, эрийн сайхан хийморь хийгээд молор эрдэнэ хүлгүүдийнх нь сүлдийг сэвтээхгүй байх, уяач хүний амжилтын тулгын гурван чулууны нэг болсон уралдаанч хүүхдүүдийг асарч халамжлах үүрэг хариуцлагаасаа ганц ч удаа зайлсхийж байсангүй. Харин ч “энэ хийморьлог эр хүний ар талыг дааж явах их хувь заяаг оноож өгсөн”-д хэмжээлшгүй их талархдаг гэнэ. Тиймдээ ч энэ их хувь заяаныхаа эзэн нь болж явахын төлөө л зүтгэж яваа жирийн нэгэн эмэгтэй. Гэвч жирийн байна гэдэг нөхрийнхөө амыг харахаас өөр шийдвэргүй, гал тогооноосоо илүү харж сэтгэж чадахгүй байхыг хэлж байгаа юм биш. Хийдгээ ч хийж, хэлэхээ ч хэлж, сэтгэхээ ч сэтгэдэг боловч олон мянган гол горхины эх болдог ч хамгаас дөлгөөхөн оршдог их мөрөн лугаа эгэл байхыг хэлж байгаа юм.
Зан суртахуун хийгээд ажил үйлс хүртэл эцэг, эхээс өвлөгдөж, үр хүүхдэд уламжлагддагийг санаж “Танай хүүхдүүд хөдөөгийн ажилд хэр вэ?” гэж асуухад Цэдо эгч “Манай хүүхдүүд ажил ихтэйн улмаас хөдөө гарах нь л цөөхөн болохоос биш малд нүдтэй, малчин хүний хийх ёстой бүхнийг хийж чадна аа” гэж сэтгэл дүүрэн өгүүлнэ лээ. Э.Эрдэнэчулууных хэмээх эгэлхэн энэ гэр бүлээс гурван айл өрх тусгаарласан бөгөөд ажил, амьдралын дадлага туршлагаа өвлүүлэх хүнийг таваар нэмээд буй. Мөн бага хүү нь дунд сургуулийн хоёрдугаар ангид суралцаж байна.  
Энэ мэтээр амьдрал, аз жаргал, алдаа, оноо, саад бэрхшээлийн талаар илэн далангүй хүүрнэсэн бидний яриа гэргий байх ухаанаар тэлж, яван чангарсаар малчинаа гэсэн төрийн бодлого алдагдсан талаарх “халуухан” улстөрч санаа оноо хүртэл үргэлжилсэн юм. Ярьсан сэдэв минь ийм өргөн байсны учир Х.Цэрэндолгор эгчийн талаар хэд хэдэн нийтлэл ч бичиж чадахуйц мэдээлэлтэй болсон. Хамгийн гол нь, “гэргий байна гэдэг гэрийн мухар сахихын нэр бус бүхэл бүтэн шинжлэх ухаан юм байна” гэсэн ухаарал тээж үлдсэн. Тэрхүү шинжлэх ухаанд анхлан суралцагчийн хувиар хуримтлуулсан туршлага, онол практикаас нь аль болох их зүйлийг тархиндаа хадгалж үлдэхийг хичээсэн. Хэрэв энэ шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд зэрэг дэв олгодог бол үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэдэг, ичих эмээх зүйлээ сайтар ухаарсан, бусдыг асран халамжлахдаа гаргууд, уран үг, зөв үйлдлээрээ эр нөхөртөө түшиг болж, үр хүүхдээ хүн болгож төлөвшүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа энэ бүсгүйн үйл хэрэгт “академич” цол л дүйх болов уу. 
“Академич” маань хэдхэн хоногийн дараа наадмын бэлтгэлдээ гарах уяач, уралдаанчдынхаа бэлтгэлийг базааж, хөдөө рүүгээ яарахын зэрэгцээ ном дэвтэр цуглуулах их ажилтай явна лээ. Учрыг лавлаваас, энэ зун тэрбээр уралдаанч хүүхдүүдийнхээ дунд хичээл давтаж, ном унших уралдаан зарлана гэнэ. Уралдааны ялагчийг гадаадад аялах эрхийн бичгээр урамшуулж, өөрийн биеэр дагуулж яван газар үзүүлж, нүд тайлуулахаар төлөвлөөд бэлтгэлээ базааж буй нь энэ аж. 
Энгийн практик, эгэл жишээтэй, авах зүйл ихтэй, өгөөж дүүрэн ярилцлагынхаа төгсгөлд үүнийг бичигч би ч бас түүнийг дагаж хөдөө гараад, гэргий байх шинжлэх ухааных нь онол практикаас ахиухан судалж, суралцчихаад ирмээр санагдсаныг нуух юун. 
Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна