сумын Алдарт уяач, аймгийн Заан Намсрайн Алтангэрэл: Биндэр адуугаа хөгжүүлэхээр 2010 он гэхэд 20 гүү цуглуулж, хоёр азарга тавьж байлаа

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 12 -нд

Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, "Найман шарга" МСУХ-ны тэргүүлэгч, сумын Алдарт уяач, аймгийн Заан Намсрайн Алтангэрэлтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.
-Эрийн гурван наадмынхаа хоёроор бахтай наадчихдаг бололтой. Хэдий үеэс хурдан морьтой холбогдох болсон юм бэ?
-Би чинь малчин ардын хүүхэд. Миний аав, ээж Биндэр сумын нэгдүгээр багт насаараа мал маллаж амьдарсан улс. Би 12 хүүхдийнх нь ууган хүү нь байгаа юм. Ухаан орохын л адуу малын захад хүн болсон болохоор энэ танил ахуйгаас миний амьдралыг салгаж харахын аргагүй юм. Наймдугаар анги төгсөөд Дорнодын ХАА-н техникумд орж, малын бага эмч болж Дадал сумаас ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Дараа нь Дэлгэрхаан суманд цэргийн ангийн эмчээр ажиллаж байхдаа Монголын олон сайхан уяачидтай танилцсан нь моринд орохын нэг шалтгаан байлаа. МУ-ын Алдарт уяач Бааст, Аюуш, Хөхийн Сүрэнхор гуай нарыг “ориг”-оор харж, хамтарч ажиллаж байлаа шүү дээ. Моринд орох нөгөө нэг шалтгаан нь өвөг дээдсийнхээ морины ажлыг үргэлжлүүлэх хүсэл байсан юм. Миний өвөг дээдэс Онигийн Аюуш гэж хурдан улаан морьтой, олон улаан адуутай нэгэн байсан гэдэг. Тэр утгаараа эцгийнхээ үе хойчийг бодож, морь уях эрдэмд суралцах зорилго тавьж байлаа. Үүний тулд үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй гэж бодоод цэргээс халагдаад удаагүй байхдаа ХААДС-ийн оюутан боллоо. Энд сурч байхдаа морины эмчилгээ, засал тал дээр Оргил багштай түлхүү ажилладаг байв. Улмаар 2000 онд хувийн мал эмнэлгээ байгуулан ажиллах болсон юм. Үүнээс дөрвөн жилийн дараагаас нутгийн олныхоо итгэлийг хүлээн Биндэр сумын Засаг даргаар өнөөг хүртэл ажиллаж байна. Гэхдээ энэ хугацаанд мориноос холдсонгүй. Сүүлийн тав зургаан жил түлхүү моринд орчихоод явна.
Хүүхэд байхаасаа л ноцолддог байлаа, аймгийн заан цолтой. Гэхдээ 40 гараад ирэхээр бөхийн эрдэм болохоо больдог юм байна.
-Хаанахын адуугаар уяа эхлүүлж байв?
-Анхандаа өвөг дээдсээс ирсэн удмын адуугаа уяж эхэлсэн. Ингээд 2007 онд нутгийнхаа нэг сайн соёолон морийг худалдаж аваад, хоёр, гурван жил дараалан аймаг, бүсийн уралдаанд амжилттай наадлаа. Тэр үеэс хүмүүс аймгийн заан биш, уяач гэж харах болсон доо. /инээв/ Түүнээс хойш монгол бөх, хурдан тууртын хийморь сүлд нь тэтгэж сайхан наадаж байна. Улаан морины дараа хонгор азарга маань хурдан байж, олонтоо самсаа шархируулан айраг түрүүнд хурдалж байлаа. Ингээд адуу сайн давхиад ирэхээр Биндэр адуугаа гаргахсан гэх хүсэл намайг хөтлөх болсон юм. 2009 оноос хойш олсон хэдэн төгрөгөө адуунд л зарцуулсан даа. Манай Биндэрийн хурдан угшилтай адуунууд улс, аймаг, жижиг наадмуудад очиж уралддаг ч энд тэндхийн сэргэлэн нөхдийн нэрээр Баян-Адарга, Батширээт ч гэдэг юм уу гараад явчихдаг. Уг нь эрт дээр үеэсээ Хөвчийн жононгийн хошуу гэж уяачтай, уургачтай, адууны өв соёлоо жинхэнэ утгаар нь хадгалж үр хойчдоо өвлүүлсэн мундаг нутаг байлаа шүү дээ.
-Тэр нутаг нь яг энэ Биндэр байна уу?
-Хөвчийн жононгийн хошууны төв сум Биндэр гэхээр Баян-Адрага, Дадал, Батширээт, Өмнөдэлгэрийн ар тал хуучин Хэнтий бригад, Батноров хойгуураа багтдаг юм. Энэ нутгийн гол цөм сум гэдэг утгаараа ийнхүү Биндэр адуугаа хөгжүүлэхээр зүтгэж байна. Анхандаа Биндэр сумын 20-иод айлын адууны судалгаа гаргаж, угшил сайтай охин даагануудыг нь цуглуулсан. Тэр үед даага 200-300, шүдлэн 400-500 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Энэ тухайгаа бас тэмдэглэл хөтөлнөө. Хээр азарга, хонгор гүүний ийм даагыг тэдний өдөр авлаа гэхчилэн. Нутгийн олон маань ч их сайхан хүлээн авч, дэмжсэн. Ингээд 2010 он гэхэд 20 гүү цуглуулж, хоёр азарга авч тавилаа. Би сумынхаа “Найман шарга” уяачдын холбооны тэргүүлэгч,  “Хорхунагийн хүлэг” галын  ахлагч нь байгаа юм. Галынхантайгаа ярьж байгаад Гурванбаян сумын нэлээн сайн хурдалж байсан, хурдтай, угшилтай Хэнз хул азаргыг гурван сая төгрөгөөр авч байлаа. Хурхын сангийн аж ахуйн Лхагважав гэдэг хүний адуу байгаа юм. Харин нөгөөг нь цус холдуулах зорилгоор Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Соёлсүх гэж найз дээрээ очиж учир байдлаа хэллээ. Хүүхэн шүүлэнгийн хээрийн угшлын адуунаас олж ирэхээр очиж байгаа нь тэр. Тэр угшил нь явж явж Ононгийн том хээр гэж яригддаг даа. Ингээд Соёлсүхийн аав Улаан Жамсрангийн адуунаас шүдлэн үрээ, даага, нэг гүү авчирсан юм. Нэг нь Дондогийн хул, нэг нь Хүүхэн шүүлэнгийн хээрийн угшилтай. Өнгөрсөн онд /2013/ Хүүхэн шүүлэнгийн хээрийн угшилтай хээр соёолон Биндэр сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүдэж, Сүхбаатарын соёолон азарга түрүүлсэн. Түүнчлэн хязааланд миний хул үрээ дөрөвлөлөө. Үүний дараа Сүхбаатар аймгийн Иргэдийн хурлын дарга байсан Шижирбаатар гэдэг хүнээс саарал соёолон азарга таван сая төгрөгөөр авлаа. Дондогийн хулын үр хойч гэдэг. Одоо унаган адуунууд гарч эхлээд байна. Өмнөх нь хязаалан үрээ болчихлоо. Удахгүй эхлүүлсэн ажлынхаа үр шимийг үзнэ дээ.
-Хориод адуу цуглуулсан гэлээ. Одоо тоо толгойны хувьд хэд болоод байгаа вэ?
-Анх 20 гүү авч байсан. Одоо бага насны адуу 20-30-аад, нийлээд 100-гаад болчихлоо. Гэхдээ би өөртөө л хадгалахгүй ш дээ. Нутгийн ард иргэдийн адуунд тавьж, цус сэлбэнэ. Түүнээс гадна шинэ цагийн адуу бас анхаарал татаад байгаа юм. Манай галынхан туршлага судалж байгаад шинэ цагийн монгол адуутай болох зорилго ч бас байна. Мэдээж зохих хэмжээгээр чанаржуулж, сайжруулах юм байлгүй л яахав. Гэхдээ бодлоготойгоор үржил селекци хийхгүй бол явсаар Биндэр ч биш болчих юм бол утгагүй л дээ. Тэгэхээр нутгийнхаа монгол адууны цусыг хадгалж үлдэх ёстой гэж боддог юм.
Энэ талаар хүмүүс өөр өөрийнхөөрөө л боддог байх. Харж байхнээ зарим нэгнь ашиг хонжоо хараад байх шиг. Ингээд дуусахгүй ш дээ. Хэдэн жилийн ар дээр энэ угшлын адууг хэн авч үлдэх вэ гэдгийг л бодох ёстой юм. Түүнээс гарсан хурдан болгоныг нь шинэ монгол адуутай нийлүүлээд, угшлаа мэдэхээ больчихвол яах вэ.
-Та мэргэжлийн хүн. Тэр утгаараа энэ тал дээр илүү анхаарал хандуулах ёстой хүний нэг шүү дээ?
-Монгол адуугаа л үлдээх ёстой юм. Монголын хил орчмын сумдаар аялж байгаа дөрвөн залуу манай Биндэрээр дайрч өнгөрлөө. Өмнөговийн Цогтцэций сумаас аяллаа эхэлсэн тэд нэг буурал морио хөтөлчихсөн явна лээ. Би тэр буурал морийг хараад үнэхээр их бахархсан. Цустай шинэ монгол адуу бол тэгж явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр монгол адууны генийг л авч үлдэх ёстой. Тэр утгаараа Биндэрийн адуугаа гаргах гэж үзээд байгаа юм.
Би сүүлийн үеийн залуучуудад хэлдэг юм. Морь уях бол ондоо, нэг өдөр хурдлаад баярлуулна. Тэгэхгүй адуунд явж байсан морийг бариад л 20 хэдэн хоног, сарын дотор уяад хурдлуулна гэвэл том эндүүрэл. Бүтэн жилийн уяачийн хөдөлмөрийг нэг л өдөр үгүй хийчихэж мэднэ. Тийм учраас морийг эдэлдэг, хэрэглэдэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чаддаг, мал эмнэлгийн үйл ажиллагааны тариа, вакцинд нь хамруулдаг байх ёстой юм. Манай Биндэрт таван мал эмнэлэг байна. Гэхдээ яг үнэндээ би малын эмчийн ажлаа хийж амжихгүй л байна.
-Засаг даргын хувьд Биндэр сумынхаа онцлогоос бидэнд ярьж өгөөч?
-Манай Биндэр хойд бүсийн төв сум. Нийтдээ 140-өөд мянган малтай. Түүн дотроо 20 мянган үхэр, мөн тооны адуутай. Сүүлийн үед залуус адуугаа өсгөж үржүүлэх, удам угсааг нь сайжруулах, адууны өв соёлоо өвлөн авахад түлхүү анхаарах болсон нь сайшаалтай байна. Манай нутгийн бас нэг онцлог нь нутгийн зон олны дөчөөд хувийг буриадууд эзэлдэг юм. Буриадууд чинь жаахан эрлийзжүү адуутай, Оросын Будённый тал руугаа гэх үү дээ. Манай нутгийнхан болохоор буриад адуу л гэдэг юм. Нэлээн бие том, уналга эдэлгээ даахдаа сайн. Харин манай урд талын нэг, хоёрдугаар багийн монгол адуу болохоор хурдан удмын талдаа. Гуравдугаар багийн адуу өндөр, эрлийздүү гээд жижигхэн онцлогууд байна.
-Гэхдээ уралдааны үеэр шаардлага гарвал тусламж үзүүлнэ биз дээ?
-Тэгэлгүй яахав, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх үе зөндөө гардаг юм. Сүүлийн үеийн уяачид уралдаад ирсэн л бол адуундаа тавьчихдаг. Түүнээс болоод өлөн бөглөө, гэдэс ороолдох гэх мэт эмгэг гараад байгаа юм. Тэр тоолонд дуудлагаар очдог.
-Алтангэрэл уяачийн нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Түдэвийн Намсрай гэдэг хүний адуунаас гаралтай цавьдар азарга манай аав Гочоон Бавуу гэж хүнээс авч байсан. Тэр азарганы үр төл хүрэн цавьдар гүүг манай дүү нар Зузааны Дорж гэдэг хүнд өгсөн юм шиг байгаа юм. Тэднийх хурдан улаан азаргатай байж л дээ. Ингээд улаан азарганы төл улаан морийг би сая гаруй төгрөг,  хоёр, гурван үхэр, адуугаар наймаа тохирч авч байлаа. Надад соёолон үрээ ирж, долоотой 2008 онд аймгийн наадамд гуравлаж яваад бариан дээр унаад дахиж сэргээгүй ээ, хөөрхий. Ингээд морио алдчихаад гундуухан явтал Содном гуай, “Сэцэн ханы энэ довон дээр морь үхнэ гэдэг  мууг хаасан хэрэг. Цаашлаад ард нь морь хурдална, чамд үүд хаалга чинь нээгдлээ” гэж байна. Тэгэхээр нь би улаан морио яахав гэсэн чинь толгойг нь аваад нутагтаа аваач гэнэ. Би хэлснээр нь нутагтаа авчирч, адууныхаа жүчээнд хадгалсан. Яг хэрэгтэй үед хэлсэн үг дээ. Содном гуайд тэр үед үнэхээр их баярласан. Яахаа мэдэхгүй гутарч явахад тэгж хэлэхээр дотор цэлмэх шиг л болдог юм билээ. Түүнээс хойш адуу сайхан давхиж байгаа.Одоогоор аймгийн хоёр, сумын 20-иод айраг, түрүүтэй болоод байна.
-Улаан морины ах дүү танд байдаг уу?
-Байхгүй ээ. Харин Зузааны Доржийн адуунд бий. Тэрний угшлын улаан морь Түмэннаст гэдэг хүүд байж байгаад Улаанбаатар хот руу нэлээн өндөр өртгөөр зарагдсан. 
-“Хорхунагийн хүлэг” гал хичнээн гишүүнтэй вэ?
-Дашдорж, Ганбаатар, Чинбат нарын таваас зургаан уяач санаа нийлэн байгуулаад дөрөв дэх жилдээ орж явна. Бид эхний хэдэн жилдээ сум орон, бүсийнхээ хэмжээнд наадаж, таван жилээс цааш асартай наадмуудад оролцох зорилго тавиад ажиллаж байна.
-Ярилцлагаа өндөрлөж сүүлийн асуултыг танд үлдээж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Нүүдэлчин монголын үндэсний өв соёлын салшгүй хэсэг бол монгол адуу юм шүү дээ. Тэрнээс үхрийг хөгжүүлнэ гэдэг юм уу, сайжруулах талаар хамтарч ажиллая гэвэл хэдэн хүн ирэх бол? Харин морь гэвэл монгол хүний омогшил өөрийн эрхгүй төрж, тэмүүлдэг юм. Саяхан болсон малчдын зөвлөгөөнөө бид “Морьтон Монгол” сэдэвтэйгээр хийлээ. Энд 100 гаруй улс ирж, хотоос Үндэсний телевизийн “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгийнхэн сурвалжлага хийгээд явсан. Яваандаа энэ маань түүчээлэн олон сумдаар үргэлжлээсэй, жил бүр уламжлал болоосой  гэдэг утгаар бид санаачилсан юм. Үнэндээ өнөөдөр малчид мотоцикль, машинаар малаа тууж, тэр битгий хэл адуугаа хөөгөөд явж байна. Морь унаж эдэлдэг уламжлал маань алдагдах гээд байна. Зөвхөн хурдны морь унадаг хүүхэд биш, монгол хүүхэд бүр багаасаа морио унаж үзээч ээ гэж хэлмээр санагддаг юм. Тэр өдөр аймгаас ирсэн улс, нэг дор их олон морьтой улс цуглачихаж, наадам болоо юу гэж асууж байна лээ. Наадам болохоор л морь унадаг юм биш шүү дээ. Хүний сэтгэхүй хүртэл ондоо болчихож. Үүнийг өөрчлөх цаг нь болсон гэж боддог. 
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна