Намжимын ногоон

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 18 -нд

Одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын есдүгээр багийн малчин ард Цэндийн Галсанзундуйн адуунд нэгэн хар унага нэмэгджээ. 1925 онд юмсанж. Тэр унага томорсоор “Намжимын ногоон” нэрээр алдаршсан юм. Хар саарал адууг ногоон гэнэ. Өөр хүний морь яагаад Намжимаар нэршсэн билээ гэх биз.
Галсанзундуй бол бидний эцэг. Намжим бол миний эх Баамуугийн төрсөн ах юм. Дүү Наянтай, Халтар бид гурав өөрийнхөө эцгийг ажаа, нагац Намжимыг аав гэж заншсан юм.
Манайх тэднийх хоёр тус тусдаа гэр орон, мал хөрөнгөтэй байсан хэдий ч нэг ам бүл шиг чиний минийгүй амьдарч ирсэн хүмүүс. Ногоон морь бүр дундын өмч болсон байлаа.
Ногоон морины уяа сойлгыг ажаагаас аав илүү тааруулна. Бүр гаршсан байлаа. Сужиг дүүрэн морьдоо хурдлуулахын тулд олон арван жил нойр хоолоо хассан даа. Тэгээд л ногоон морь Намжимаар овоглож, Намжим өвгөн ногооноороо нэр хочоо нийтэд дуурсгасан. Эр, морь хоёр ийм авцалдаатай юм.
Ногоон морь насаар надаас ах адуу. Тэгэхээр өөрийн мэдэх, мэдэхгүй нэг морины тухай өгүүлж таарна. Мэдэх нь яах вэ гэхэд мэдэхгүйн тухайд бол мэдээж бусдын амнаас будаа иднэ гэсэн үг. Үүн дээр өөрийн мэдэхийгээ нэмэрлээд овог ургийнхаа унаган шүтээн болсон хурдан ногоон мориныхоо тухай моринд хорхойтой, хайртай, дуртай та бүхэнд бүрэн бус боловч бодит үнэнийг сонордуулахыг хичээе.
Ногоон морины эцэг нь Орлой, эх нь Галшар адууны угсаатай. “Манай энэ морь чинь зүгээр нэг адгуус биш шүү. Тэнгэр биднийг тэтгэсэн хэрэг биз. Хошуунд цолтой, суманд цуутай ийм хүлгийг манайд заяасан юм. Та нарын минь амны хишиг биз. Аз тохиосон өдөр түрүүлдэг, дутсан үед нэгээр ухардаг юм” гэж юуны улмаас билээ, эцэг минь надад зориуд ярьсан яриа санаанаас ер гардаггүй юм.
Ногоон морь бүр дааган цагаасаа хурдан адуу болох нь мэдэгдэж байсан юм билээ. Шүдлэндээ сумынхаа Өгөөмөр овооны тахилгад түрүүлсэн гэдэг. Алтан овооны тахилгын уралдаанд ганц удаа очиж уралдахдаа /хязааландаа шиг санагдаж байна/ аман хүзүүдэж ирсэн гэж нэрт уяач Б.Галсанжамц гуайн ярьсныг тод санаж байна. Их насанд халдсан буюу гучаад оны эхний хагасаас эхлэн ногоон морийг нагацын хүү /Одоо байвал 90 дөхөж яваа/ Цэрэндорж, манай багийн Л.Галтай /эмэгтэй/, Хөдөлмөрийн баатар дарга агсан Б.Лхамжав, Б.Цэнджав, Л.Чүлтэмсамбуу зэрэг хашир унаач хүүхдүүд унаж уралдан түрүүлж, удаалж явсан тухай хууч хөөрдөг байлаа.
Б.Содовын хурдан халтрыг унаж явсан Н.Түгж “Би ногоон морины өмнө нэг удаа гарч түрүүлсэн юм. Дараачийнхад нь баралгүй алдаж аман хүзүүдсэн” гэж ярьж байна.
“Нөхрийн сайныг ханилж мэддэг, хүлгийн сайныг унаж мэддэг” гэдэг. Уг морины ид хавыг чухам л унаж мэдсэнээрээ сайрхаж явсан бас бус хүмүүсийн яриаг олонтоо сонссон. Сүхбаатар аймагт ажиллаж байхдаа би хурдан морь ярьж суусан хэдэн хүний ярианд санамсаргүй оролцов.
Шүүхийн дарга Ухнай: “Би жаахан байхдаа Гангаас отроор ирсэн Жотой Намжимын ногоон гэдэг морийг унаж аман хүзүүдэж байв” гэж ам нээв. Тэр чинь манай морь гэвэл, өө тийм үү, яасан сонин тохиолдол вэ. Ам зөөлөнтэй, унахад ёстой урамтай адуу байсан хэмээн халаглаж билээ. 1944 оны бичин жил манайхныг Шаргын ууланд отроор өвөлжихөд Асгат, Халзан, Сүхбаатар сумынхан нийлж зохиосон том уралдаанд ногоон морийг Ухнай унасан юм билээ.
Чих дэлссэн яриа, нүүр тулж уулзсан хүмүүсийн хэлж ярьсанд ногоон морийг түрүүлж, удаалсан ухай л байхаас биш, айрагдсан талаар ер дурдагддаггүй нь хачирхалтай төдийгүй гайхалтай санагддаг.
Адуулж, унаж эдэлж, уяж сойж явсан өвгөд дээдсүүдийн минь хэлж ярьсан үг, унаж хурдлуулж байсан хүүхдүүд, хөндлөнгийн хууччуулын яриа хөөрөө нийлдгээс ухаж үзвэл унаган ногоон минь аливаа уралдаанд удаах байрнаас ухарч ерөөсөө үзээгүй бололтой.
Дааган цагаас уясан, хавчиг соёолон, дүнсэр насанд нь өнжөөсөн гэж тооцвол миний мэдэхгүй ногоон морь лав наад зах нь 13 жилийн уралдаан, наадамд түрүүлсэн буюу удаалсан байж таарах нь. Энэ таамгийг дараа дараачийн баримтууд нотлох байх. Мэддэггүй ногоон мориныхоо тухай хууч тоймыг үүгээр өндөрлөөд одоо мэддэг ногооныхоо тухайд шилжье.
Ногоон морь биеэр ханхар том бадриун бус, балтгар намхан, хөнгөн ясны, нимгэн хөрстэй, тачир хөрстэй, шингэн дэл сүүлтэй, маш цэвэрхэн ганган хөл толгойтой, морь мориноос содон харагддаг адуу байлаа. Авдаггүй, засдаггүй атал дэл нь унаганых шиг тачир шингэн. Мундааныхаа өмнө төрөлхийн гүн хонхорхойтой. Тэр нь сэтэрхий мэт харагдана. Гүн ухархайтай, сартгар хамартай. Алхах шогшихдоо хойд хоёр хөлөө ямагт чирж зөөнө. Тиймээс туурай нь дотогшоо хумгар болон элэгдсэн байдаг. Ногоон морь харахад балтгар ч унахад ямар ч аварга мориноос дутуугүй өргөн. Давхихаараа том сүртэй болж харагдана. Өөрөөр хэлбэл, цээж, сүвээний хавирганууднь хажуу тийшээ матаас ихтэй санагддаг. Мордоход ногоон морь шиг салтаа тэлдэг өөр морь, гүү, азарганы аль нь ч манайхны адуунд лав байгаагүй. Өндөр хавчгараас өргөн бөөрөнхий морь хурд, тамираар илүү байдаг юм болов уу гэсэн бодол хүүхэд ахуй цагаас минь маньд төрсөн юм. Наадмын өмнөх орой олон морь нийлж тарладаг даа. Тийм нэг тарнаар ногоон морины өөдөөс том банхар хар нохой эрчээрээ дайрав. Морь бусгах шиг болж би урд бүүргээ давах дөхөж, эргээд харвал нохой хол бөмбөрсөн байв. Энэ явдлаас урьдын бодол минь оргүй ч биш юм гэж санагддаг.
Ногоон морь дэндүү зөөлөн амтай, жолоо ялигүй татахад л толгой нь өвөр дээр ирнэ. Тэгэх тусам урд хоёр хөл нь улам хол самардаж байх шиг харагддаг. Хөлийнх нь шидэлт самардалтыг дээрээс харахад цаанаа л нэг уран, харууштай. Бөгсөөрөө ойрхон гарсан морийг андгайтай тангарна. Хүнийг бол яах ч үгүй. Салтаанд нь гараа хийсэн ч зүгээр.
Ногоон морь тухайн үеийн морьдын нэгэн адил урт, хатуу, нарийн уяа шаарддаг байв. Яс сайт яван чангардгийн жамаар тэгдэг биз. Удаахан сойгоод ирэхээр шавар хөлс нь дуусаад усан хөлс нь туурай сэтэлж, хусуур даваад, давсгүй болно. Энэ нь уяа сойлго учиртай болж байгаагийн нэг шинж байв. Урьдын уяачид морьдоо усан зурам болгохыг голчилдог байсан. Хөлсийг нь хусахлаар ногоон морь эзнээ толгойгоороо шөргөөж сэжлэн өлгөж хаячих гээд байна. Дух, магнай, ухархайных нь бөнжигнөсөн хөлсийг түргэн арчиж арилгавал гайгүй. Дух, магнайг нь арчиж сойздоход нялх хүүхдийн зулай шиг өхөөрдөм энхрий санагддаг сан.
Эцэг өвгөд минь ногооноо уралдаанд сойхоор шийдвэл угтаж заавал унаж хөнгөрүүлээд адуундаа эргүүлж тавина. Ажаа, аав өөрснөө ойр зуур ажилд унана, заримдаа биднээр унуулна. Нэг өдөр ногоон морьтой хонинд явж байтал хэсэг зээр харагдав. Хөөж гарав. Хэдхэн гүвээ давсны дараа зээр бахардаад хэвтчихэв. Яая даа гээд тээнэгэлзэж байх зуур нэг хүн гараад ирэв. “Наадамд уядаг нандин мориороо зээр хөөнө гэнээ. Яасан цадиггүй хүү вэ, харагдсан болгоныг хөөгөөд байвал наадах морь чинь хичнээнийг ч хэвтүүлж мэднэ. Ингэж болохгүй” гээд давхиад явчихав. Тэгж би хөглөж явлаа. Энэ тухай яриа багаар нэг тархсан байлаа.
Тэр үеийн уяачид тарга хүч, уяа сойлго нь таарахгүй бол морьдоо давхиулахгүй тавьчихдаг байсан. Өнөөгийн уяачид шиг эд мөнгө, нэр төр хөөцөлдөж морь уядаггүй. Тиймдээ ч ногоон морийг мөн хааяа уялгүй өнжөөж байсан удаатай. Өвөл, хавар тарга хүч сайтай ороод уяа сойлго, хоол унд нь таарсөн нөхцөлд заавал нэгийг дуулгадаг байсан хурдан амьтнаа тохироо нь бүрдээгүй үед эцэг өвгөд маань нэгд, нэрийн хор нүүрийн хир, хоёрт, эрсдэл эндэгдэл болж юуны магад хэээн болгоомжилж, албадаж тамлахыг цээрлэдэг байсан байх.
Миний бие таван настайгаасаа уралдааны морь унаж эхэлсэн боловч ногоон морьтойгоо арай хожуухан золгосон юм. Хүүхэд их голдог, шилдэг байсан болохоор тэр биз. Дөчөөд оны эхээр манай сум, Дорноговь аймгийн Баянмөнх, Дэлгэрэх, Эрдэнэ сумын адуу Уртын нуруунд оторт өвөлжжээ. Тэнд болсон нэг томхон уралдаанд ногоон морийг би анх унаж аман хүзүүнд ирж, манай сумын баруун биений Аюушийн бүлтэн хар түрүүлж билээ. Бүлтэн хар өвлийн уралдаанд өмнөө юм гаргаж үзээгүй адуу гэлцэж байсан. Тэр уралдаанд Баянмөнх сумын Ам хэмээх Шаравын Ам хээр гэж нэршсэн алдарт хурдан хээр морь ирсэн дуулдсан, яаж уралдсаныг нь мэдээгүй.
Аймаг байгуулагдсан жил шиг санаж байна. Манай сумын найм, есдүгээр багийн хэсэг уяач нийлж аймгийн наадамд олон морь уяж очсон юм. Ногоон морийг би унаж уралдах болов. Тасарч гарсан морьдын ар шилэн дээр амыг нь ангалзуулан татаж уралддагийг мэдсээр байж тэр удаад юу болсон бэ бүү мэд, гараанаас эхлэн ганцаар цойлж гарсан нэг морьтой газрын цээжнээс ёстой нэг уралцаж явсаар наадмын бараа харагдахын даваан дээр хэсэг моринд дайруулав. Ногоон минь арал зааж 10-т хурдалж, нөгөө морь арай доогуур орсон юм. Эзэн хүүхэд би эрхэм ногооныхоо түүхэнд ийнхүү хар үгүй юм гэхэд бор толбо суулгасандаа өнөө болтол харамсч гэмшиж явдаг. Хамт явсан уяачид ногоон морийг ингэж уралдахыг үзээгүй, дуулаагүй юм байна гэлцэж, ажаа, аав  нар амны хишиг дутсаных биз дээ гээд гонсгордуухан байхыг харах, сонсох бүр надад айх, ичих хосолж их л шаналгаатай байж билээ.
Зүрхний булчин агшиж сунах тоолондоо амарч жаргадаг гэдэг шиг ногоон минь татах тусам амсхийж, тавимагц ухасхийж урдахаа “идэж” зай авдаг морь. Дахиад татуулна. Ингэж уралддаг технологитой адуу байв. Тиймдээ ч ташуур хэрэглэдэггүй. Морьдын зул задраад ирэхдээ зэрэг ногоон морь тасарч зай авна. Цойлж гарсан морьдтой нийлүүлэх үү, ар дээр нь зоох уу, үгүй юуг гагцхүү унасан хүүхдийн овсгоо, байдал шийднэ. Нийлүүлэхээр шийдвэл ногоон маань дорхноо гүйцэж очно. Тийм л тунарсан давхилтай.
Машин техник хүртэл эдэлдэг эзнээсээ болдог шиг энгүй их адуу ч гэсэн унасан хүүхдээсээ ихээхэн шалтгаалдгийг тэр мөчөөс би ой тойндоо ортол ойлгосон юм. Уяачид уралдах морио хичнээн сайн зэхлээ ч унаач нь урагшгүй бол ямар ч хурдан хүлэг гавьдаггүйгээр барахгүй амьсгал хурааж ч мэдэхээр юм билээ. Морины явдал тунараад байхаар эрдэж бардаж байж л би тэгж гэнэдсэн хэрэг шүү дээ. Түүнээс хойш би аливаад эрдэж бардахыг больж, ногоон морио Наянтай бид хоёр унаж зөндөө түрүүлсэн дээ. Миний хувьд өөрийн, хүний янз бүрийн насны хурдан хүлгийн нуруун дээр 11 жилийг хийсч өнгөрүүлжээ. Нэг өдөр зургаан нас унаж уралдаж үзсэн, аймшигт үер борооноор хавтгай ус туучин түрүүлж, гутал дүүрэн устай бууж үзсэн. Намайг хурдан морь унаж, хорхойсч явсан 40-өөд оны үед манай нутагт цуутай хурдан адуу зөндөө байлаа.
Баяндэлгэр сумаас л гэхэд Бүзийн Содовоогийн халтар, Дамирангийн Лууваагийн хүрэн азарга, Төлгөн Жамбалдоржийн хүрэн азарга, Зээхийтийн гуулиан хэмээх цавьдар азарга, Балжирынхны Галсанжамцын улаанууд, Лувсангончигийн улаан азарга, Дамдинжавын Дандиа зээрд, Шагдарын шил цагаан хар, хожуухан Бүдийн Гомбожавын Махиа улаан, Баян зангийн ягаан, Бартаг Зундуйн алгууд, Түвшинширээ сумаас Санжийн Палаагийн ногоон халзан азарга, Бумаа Цээдээгийн борлогууд, Хар толгой Цэрэндоржийн халиун азарга, Чимэдийн Чоймчигийн ногоон, Уулбаян сумаас баян Совдын саарлууд, Хүүхэн шүүлэн хэмээх Сэрээтэрийн хээр азарга, Халзан сумаас Тэмээн Доржийн Тожилын Атигар хээр, Нийсэрийн хонгор азарга, Унзадын Пяранлайн хүрэн, Хонгор сумаас Дуужаа Доржийн ногоонууд, Умга Паламаагийн шарга, Ногоон Сундуйн хүрэн азарга гээд.
Аймгийн наадмаас буцах замдаа манай аав /Намжим/ Батжаргалынхаар ороод гарна гээд Шар, Бор шороот өнгөрөөд  нэг хот айлд очиж буув. Хоёр өвгөний ярианаас их хурдтай айл болох нь ойлгогдож байсан. Одоо бодоход Батын Шагдар, Чойжин, Сүхбаатар нарын дээдчүүл байсан санагддаг. Пяранлайн Монхцоо морь хурдлуулж эхэлж байсан үе. Сүүлдээ мань эр олон жил аймгийн наадмын ихэнх түрүүг авсан даа. Миний энд дурдсан уяачид одоо байвал цөм зөвшөөрөн хүлээхээс аргагүй улсын Алдарт, Манлай цолтнууд байх байсан. Тэдний тоонд Түвшинширээ сумын яриа Гомбожав яалт ч үгүй орно. Морь таньдгаараа сүүлдээ бүр гаарсан хүн.
Ийм нөхцөлд Намжим, ногоон хоёр нэр цуугаа нийтэд хадааж явсан юм. Дээрх хурдангуудын нэлээд хэсгийг төрөөгүй байхад ч, төрөл арилжсан хойно ч он удаан жил жигд хурдалсан нь манай ногоон морь юм шүү дээ.
Балжирын Шагдар, аав /Намжим/ хоёр их үерхэнэ. Бие биенээ дандаа даажигнаж, давахыг оролдоно. Хурдан морь бол тэдний мөрөөдөл, бахархал байлаа. Морь уяж хурдлуулах нь тэдний нэг ёсны мэргэжил болсон ажил байв. Морьдоо заримдаа нийлүүлж уяна, нийлүүлж уралдана. Мөн нийлж энд тэндхийн уралдаан, наадамд очно. Шагдар гуай нас барахынхаа өмнөхөн хүүдээ: “Мориныхоо сүүлийг боо, ээжийгээ битгий өлсөг, дүүгээ сайн харж хандаж яв” гэж бичиж үлдээсэн байдаг. Хүү Лхамжав нь аавынхаа захисны дагуу сайн уяач болсноор барахгүй Хөдөлмөрийн баатар болсон доо.
Миний үед Халзан, Баяндэлгэрийнхэн хоорондоо их уралдана. Голдуу манайхан давамгайлна. Сүүлдээ Халзангийнхан давамгайлдаг болсон юм билээ. Тэр үед өөр аймгаас манайхантай ирж уралддаг нь Баянмөнхийн алдарт Ам хээр байв. Өгөө аваатай л буцна. Ногоон хүлмэг минь ид үедээ Халзан сумын Тэмээн Доржийн Тожилын Атигар хээр, гэдгэр Балжирын хээр, Хонгор сумын Паламаагийн шарга, өөрийн сумын Б.Содовоогийн халтар гээд гучаад оны сүүл, дөчөөд оны эхэн үеийн манай нутгийн хурдны манлай сор болсон салхи шиг хурдан хүлгүүдтэй энд тэндхийн уралдаан, наадамд олон удаа таарч, ана мана үзэлцэж нэг бол өмнө нь, нөгөө бол ард нь ирж байсныг эцэг өвгөд ярьдаг, би ч заримыг нь багадаа өөрийн нүдээр үзэж харж явлаа.
Газар газрын хурдны шандас сорьдог Байшинтын дивизийн цэргийн наадамд гэхэд ногоон морь дөрвөн удаа очиж уралдахдаа гурав түрүүлж, нэг удаалсан юм. Манай сумын Бор Хужирын хаврын уламжлалт нэг том уралдаанд ногоон морийг Л.Чүлтэмсамбуу унаж Паламаагийн шаргатай хайчилсаар байгаад түрүүлж байсныг хамар цагаан хээрээ унаж арваар орохдоо араас нь харж байсан. Өвгөн ногоон минь сүүл рүүгээ өөрийн сумын Баян зангийн ягаан, Б.Гомбожавын Махиа улаан, Б.Дамдинжавын Дандиа зээрд мэтийн ид ирэн дээрээ цоорч байсан залуу хүлгүүдтэй уралдан өмнөө бараг гаргаж үзэлгүй хурдалж байв. Атигар хээр гэж онцгой хурдан адуу байсан. Ногоон минь түүнтэй олон удаа уралдсан даа. Хоёулаа дандаа хайчилж ирнэ, ээлж таарсан нь түрүүлнэ. Баян гуайн ягаан гэж гараанаас суга үсэрч хол тасраад нүдний үзүүрт торолздог морь байв. Эхлээд Ишиг, дараа нь Дамчаасүрэн унадаг байлаа. Би ногооноороо Ишигийн өмнө нэг, Дамчаасүрэнгийн өмнө хоёр удаа гишгэж түрүүлж байснаа санаж байна. Миний үеийнхэн дотор Дамчаасүрэн, Г.Дамдинсүрэн, Г.Жигжидсүрэн, Н.Наянтай, С.Маасүрэн, эмэгтэйгээс Ишиг /Адъяа/, Доржнамжим гээд сайн унаач хүүхэд олон байсан.
Өвгөн ногоон минь өөд болохынхоо өмнөх зун 1949 онд 24 насандаа сумын наадмын түрүү авна гэж ирсэн Түвшинширээ сумын Чимэдийн Чоймчигийн хурдан ногоонтой уралдаж түрүүлээд, сумынхаа нэрийг авч гаран өвгөн буурал уяачдынхаа магнайг тэнийлгэж байлаа.
Түвшинширээгийнхэн манай сумынхны хор шарыг яагаад ч юм яггүй гозолзуулсан юм билээ. Баян гуайн ягаан, Гомбожав гуайн махиа улаан гээд яггүй хурдан амьтад тэгэхэд байсан л баймаар юм. Наадмын урд орой манай сумын хашир туршлагатай өвгөн, залуу уяачид манай майханд цугларч сумынхаа наадмын түрүүг гадныханд алдахгүй ганц найдвар бол ногоон морь л байна. Ямар хүүхдээр унуулах вэ гэж ярилцаж, манай дүү Наянтайг арай туршлагагүйднэ, ах Далантай хүнддэх боловч унаж дассанаар нь маниар унуулъя гэж тогтоод тарцгааж билээ. Маргааш нь түрүүлээд ирэхэд сумын наадмынхан бараг бүгдээрээ бүчиж, тэр дундаас өвгөн уяачдын сэтгэл их хөдлөн баярлацгааж: “Өвгөн ногоон минь аварлаа, ясны хурдан амьтан юмаа” гэлцэн зарим нь нүднээсээ нулимс дуслуулж байж билээ. Түүгээр унаган хүлэг, унаж хурдлуулж  ирсэн бид хоёр нэгэн зэрэг дөрөө, хазаар мулталсан юм даа, хөөрхий. Нэг нь насны эрхээр, нөгөө нь өсч томорсны улмаас шүү дээ.
Ногоон хүлэг минь 25 шахам жил наслахдаа бүрэн бус тооцоогоор 33 удаагийн уралдаан, наадамд 21 түрүүлж, 11 удаа аман хүзүүдэж байжээ.
Ногоон минь ямар адгуус байсныг нотлох өөр нэг баримт өгүүлье. Багаараа нийлж чоно хөөдөг байсан үе. Би сургуульд байсан болохоор тийм ажилд гуравхан удуу оролцсон юм. Эхнийхэд нь өөрийнхөө гайгүй сайн хээр морь, дараачийн хоёрт нь ногоон морьтойгоо явж билээ. Өнөөдрийн чоно үүгээр зайлшгүй дамжиж гарна гэсэн горьдлоготой газар хамгийн сайн морьтой нэг хүүхэд, нэг хашир хүн хоёрыг бараа барааг нь харуулан салаавчлан тосуулж суулгана. Тийм эгзэгтэй газарт Б.Галсанжамц гуай бид хоёр оногдоно. Чоно намайг дайрч өнгөрнө. Чоныг би алдалгүй дагасаар хонь мэт болгоод эргүүлж тойрч байхад Галсанжамц гуай араас нэхэж ирээд олмоо чангалж байгаад морио гуядан ухасхийн дайрч чоныг цохиж унагаадаг байв. Өссөн төрсөн Өөшийн говь минь ангийнхаа дээжээс ингэж надад гурвантаа хайрласан юм. Тэгэхэд би ногоон морио өдөрт гурван чоныг өлхөн гүйцэх адуу юм даа гэж улам бүр тоож, биширдэг болсон юм.
Өөр нэг сонин дуулгая. Дөчөөд оны сүүлчээр отроос буцаж яваа малынхаа тоог багтаа таамгаар дарж мэдүүлсэн хэргээр нагац ах Намжим маань аймгийн шүүхээс жилийн ял сонсож, Сэлэнгийн Түнхэлийн хорих ангид очжээ. Багийн дарга Гэндэн гуай мөн хариуцлага алдсанд тооцогдож ажлаасаа халагдсан. Нагац өвгөнийг настай болохоор итгэсэн хэрэг биз, хорих анги нь өөр нэг хүнтэй хамт наадам үзэхийг зөвшөөрчээ. Өвгөн маань морь сонирхоод хэсэг уяачдын дэргэд зогсож байж. Гэтэл хижээл насны тарган шар хүн: “Манайхны морь уях гэж юу байх вэ. Харин Дарьгангынхан морийг уяж чаддаг, хурдлуулж ч чаддаг улс юм. Намжимын ногоон гэж зантай хурдан морь Байшинтын цэргийн наадамд гурван ч удаа түрүүлж ирэхийг харлаа” гэнгүүт аавын минь нүдэнд нулимс бүрхээд ирж. Морь минь магтагдаж байдаг, эзэн нь ингээд явж байдаг хэмээн баярлах, гутахыг зэрэгцүүлэн байр луугаа бушуухан буцсан гэдэг. Энэ тухай өвгөнтэй хамт ял эдэлж байсан нутгийн нэг хүн хожуухан бидэнд хуучилсан юм.
Ногоон морь минь нутагтаа нас, давхил, хурдаараа Ширээтийн цагаан адууны домогт хурдан хүлэг Гуранзын дараа зүй ёсоор бичигдэх унаган шүтээн билээ. Ширээтийн Гуранз хэмээх шидэт хурдан хүлгийн шийрийг хатаасан онцгой ганц дүү нь аргагүй л ногоон морь. Энэ хоёрын хөшөө эх нутагт минь сүндэрлэхэд олзуурхан бишрэхгүй хүн ганц ч гарахгүй байх.
Эрдэнэт их хүлгийнхээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн газар дээр би 26 жилийн дараа Баяндэлгэр сум-нэгдлийн дарга байсан Цэгмид гуайтай хамт явж байгаад очиж билээ. Тэр газар руу алхам ч мурийлгүй шууд яваад очсонд Цэгмид гуай гайхаж, энэ тухай нутгийн хүмүүст ярьсан байсан. Би Бөгсөнө бууцыг багадаа сайн мэддэг байсан юм. Очиход яснууд нь хувхай цагаан болсноос биш бараг бүгд байсан, хамрын зарим хэсэг нь эмтэрч алга болсонтолгойн ясыг авч хадганд боогоод хадгалж явна. Хэдийгээр адгуус ч гэсэн ногоон хүлэг минь надад ихийг мэдүүлж, чамлалтгүй сургамж үлдээж, баяр баясгалан, эрүүл энхийг бэлэглэсэн болохоор би хүндэлж бишрэхээс яах билээ.
Энд дурдсан хурдан ажнайнууд болон сүүлийн жилүүдэд эх орны өнцөг булан бүрт болсон том, том уралдаанд дээгүүр байрт уралдаж буй Сүхбаатар нутгийн гаралтай морьд юу харуулж байна вэ гэвэл Орлой, Донир, Ширээтийн цагаан адуу, Дарьгангын жижиг зээрдүүд Монголын хурдан адууны онцгой чухал голомтууд байсныг гэрчилж байна. Бие томтой богино явдалтай бус бие жижигтэй ч бэлчир хол адууг манай байгаль бидэнд заяажээ. Хурдны голомт хүрээгээ тэлэх сайхан ч, үндэс язгуур нь уугуул нутагтаа үлдэж, өсч үржиж байвал өгөөж чанар нь улам сайжрах учиртай. Тоорой Бандийг түүхэнд товойн гарахад Дарьгангын жижиг зээрд, жаахан шаргууд гол туслагч, хамгийн сайн хамгаалагч нөхөр байсан нь эргэлзээгүй.
Морь гишгэлүүлэх, хөлсийг нь хусаж сойздох, арчиж өнгөлөх нь унаач хүүхдүүдийн зайлшгүй хийх ёстой ажил байсан. Морь гишгэлүүлэх бол бүр ч зүдэргээтэй, халуун наранд хатахаас наагуургүй хүнд ажил. Гэхдээ тухайн үеийн  хүүхэд тэр бүгдийг ёсоор нь гүйцэтгэж чадаж байсан. Тэглээ гээд хатуужив уу гэхээс биш хэврэгшээгүй.
Нэг үе надад морины хорхой туссан байсан. Радиогоор хүүхдийн гийнгоолох, туурайн төвөргөөн сонсогдохоор оройн үс өрвийж, цээжин дотор төөнөж, нүдний нулимс цийлэгнэж, сэтгэл их баясдаг байв. Нас нэмсэн л байх.
Уяачид хөлстэй алгаар морь илэхийг цээрлэнэ. Хүүхдүүдийг сайхан гийнгоолохыг шаардана. Тэгэхээр бид:
-Уу, уу маруузай, Алтар дарь овоо минь өршөө, өршөө гээд уянгалуулан уяа сужиг тойрч гарна даа. Манай нутагт гийнгоог марзай гэнэ. Хожим бодоход уу маруузай гэдэг нь умарзай гэсэн үг юм билээ л дээ. Морь гарахаар хүмүүс хоржийлоо гэж уухайлна. Өнөөгийн ихэнх хүүхэд, залуус сарваа, байдас, дүнсэр, тар, бүгээн, мундаа, шанх, шивэр, бэрхвий, тангарах, бусгах, өлдөх, ташаа дарах, хошуу өлгөх зэрэг үгийг мэддэггүйтэй адил би хоржийлоогийн учрыг одоо болтол олоогүй явна.
Хурдан морины тухай хуучилж байгаа болохоор харагдсан, үзэгдсэн харш явдлын талаар дуугарахгүй өнгөрч тэсвэрлэхгүй нь. Сүүлийн жилүүдэд Монголд соёолон насны морьдыг тэвдүүлдэг солио өвчин дэлгэрчээ. Уралдаж ядарч ирээд амьсгаагаа дарж, хөлсөө хусуулж амжаагүй байхад нь наадамчид шавааралдан бүчиж, салхийг нь хаан бахардуулдаг болсон байна. Уяачид ариун нандин хүлгээ гарын хор орохоос сэргийлж өөрсдөө алгаараа ч илэхийг цээрлэж энхрийлдэг уламжлалтай байтал эс бусын хүмүүс бузар савраараа зэрлэгээр самардан дарамталж байх нь сэжиг төрж ой гутмаар.
Соёолон бол их, бага насны ирмэг заагт ирсэн, хамгийн сортоо золбоотой, хурц ирэн дээрээ байгаа адуу. Тийм адууны давхил бусдаас онцлог содон байхаас аргагүй. Тэр онцлогийг ажиглаж, олж харж чадваас сэтгэлийн таашаал хүртэхээс биш тоосонд нь орж, биед нь хүрснээр танд юу ч нэмэгдэхгүй. Завхуул зайдан үгэнд хууртаж, танхай балмад авирласнаар таны хийморь лундаа тэр хэмжээгээр доройтохоос биш сэргэхгүй. Монголчууд маань сав л хийвэл дарвиж хөөрцөглөдөг болсон юм уу даа. Тийм бол тоогүй байна.
Ахмад сэтгүүлч Г.Далантай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна