УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ БОДСОНГҮЙ ШҮҮ

Сэтгүүлч
2023 оны 1-р сарын 30 -нд

Баяр наадмын эхний өдөр буюу 2022 оны долоодугаар сарын 10. Хурдан шүдлэнгийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайханы Тогоруу зээрд халзан түрүү магнайгаар хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулсан юм. Тогоруу зээрдийг 12 настай уралдаанч Цогбаатарын Пүрэвбаатар унасан бөгөөд бид түүний баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.

 -Энэ жилийн баяр наадмын салхийг сайхан хагаллаа. Баяр хүргэе.

-Баярлалаа. Үнэндээ түрүүлчихнэ гэж бодсонгүй шүү. /инээв.сурв/ Их баярлаж байна. Уяач маань “Барьж яваарай. Үзүүр дээрээ шахдаг юм шүү. Давираад, гуядаад, ташуураа эргүүлээд яваарай” гэж захисан.

-Өглөө хязаалан унаа юу?

- Хязаалан унасан. Унасан хязаалан маань хорин хэдээр давхисан.

- Хэд дэх жилдээ морь унаж байгаа юм бэ?

- Долоо дахь жилдээ хурдан морь унаж байна. Энэ хугацаанд том жижиг олон уралдаанд оролцсоноос ноднин Сүхбаатар аймгийнхаа Зүүн бүсэд оролцож айраг авсан.


-Сүхбаатар аймгийнх байх нь ээ?

-Тийм ээ, аав ээж маань Сүхбаатар аймагт амьдардаг. Харин би Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуульд сурч байна.

-Өнгөрсөн жил наадам “өнжсөн”. Маргааш наадам гэхэд юу бодогддог вэ?

-Наадам тэр тусмаа улсын баяр наадам гоё шүү дээ. Баяр наадамд би морь унаж оролцоод зогсохгүй айраг түрүүнд багтана гэдэг бахархалтай санагддаг. Хот орж наадамд оролцоно гээд  замд гарахаас эхлээд л догдолж эхэлдэг. Энэ жил их олон морь мордож байна. Уралдаан илүү өргөн дэлгэр болох нь ээ. 


-Маргааш уралдах уу?

-Тийм ээ, азарга унана. /2022 оны долоодугаар сарын 11. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайханы зээрд халзан азарга айргийн гурваар давхисан бөгөөд уралдаанч Ц.Пүрэвбаатар унаж хурдлуулсан юм. сурв /


-Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье. Сайхан наадаарай. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна