Келсо (Kelso)

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 15 -нд

Кентаки Парисын ойролцоох Клейборн (Claiborne) гэдэг адууны аж ахуйд 1957 онд  19 гараанд уралдаж 3 түрүүлсэн Ёо Хост (Your Host) дуудлагатай азарга болон Мейд оф Флайт (Maid of Flight) дуудлагатай гүүний дундаас нэгэн хар хээр унага төржээ. Энэ унага бол хожим нь 39 уралдаанд түрүүлж, хурдан морь сонирхогчдын хайр, хүндлэлийг хамгийн их хүлээн морин уралдааны нэгэн үеийг тодорхойлж байсан алдарт Келсо гэдэг хүлэг болжээ. Түүнийг хоёр настай байхад нь хөнгөлсөн байна.
 
Келсо нь анх 1959 онд тухайн үеийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг Атлантик хотын уралдаанд түрүүлжээ. Энэ үед Доктор Жон Ли (Dr.John Lee) хэмээх уяч түүнийг уяж байв. Харин дараагийн хоёр уралдаанд 2 дугаар байранд орсон ба энэ уралдаануудад түүнийг дийлэн түрүүлсэн Дрес Ап (Dress Up), Винди Сендс (Windy Sands) хэмээх хоёр адуу түүхийн тайлбар болон мөнхөрчээ. Дараа жилээс нь Карл Хенфорд (Carl Hanford) уяж эхэлсэн бөгөөд тэр жил Келсо 9 уралдаж 8, 1961 онд 9 уралдаж 7 түрүүлсэн байна. Тэрээр 9 нас хүртлээ 63 уралдаанд оролцож нийт 39 удаа түрүүлж, 12 удаа аман хүзүүлж, 2 удаа 3 дугаар байранд тус тус оржээ. Келсо уралдах хугацаандаа нийт 1,977,896 ам.долларын шагнал авснаас гадна маш олон цол хэргэм хүртэж байлаа. Түүний хамгийн нэр хүндтэй шагнал нь 5 удаа авсан оны шилдэг морь цол юм.
 
Келсо-г “Жоки клубын Алтан цом” уралдаанд түрүүлснийх нь дараа түүний жоки Эдди Аркаро (Eddie Arcaro) “Келсо-г өнөөдөр Америкийн шилдэг морь гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз. Тэр аль ч зайнд уралдан түрүүлж чадна” хэмээн үнэлжээ.
 
Цэвэр үүлдрийн адуунууд 4 нас хүрээд хурдлах чадвар нь буурч уралдахаа больдог бол Келсо 8 нас хүртлээ тогтвортой өндөр амжилтыг үзүүлж байсан үнэнхүү шилдэг хүлэг юм. Тэр 6 настайдаа 12 уралдаанд оролцон 9 түрүүлж, өөрийн 1 жилд олсон орлогын хамгийн их нь болох 569,762 ам.долларын мөнгөн шагнал авч байв.

Эх сурвалж: www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна