Аймгийн Алдарт уяач Б.Зуунжил: Сумаасаа анх удаа Засгийн Газрын тогтоолтой бүсийн наадамд морь айрагдуулсан

Сэтгүүлч
2021 оны 9-р сарын 28 -нд

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт I багийн харьяат, аймгийн Алдарт уяач Батбаярын Зуунжил нь 1985 оны 12-р сарын 06-нд сумынхаа хүн эмнэлэгт мэндэлжээ. Тэрээр “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачийн алдар” одон, Галт сумын дээд шагнал “Галтын алдартан” цол тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичгийн эзэн юм. 

-Та 2014 оны “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд аз хийморийн бэлгэдэл болсон соёолон аман хүзүүнд хурдлуулж байжээ. Хаанахын удам угшилтай соёолон бэ?
-Миний цоохор азарга чинь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Сумъяагийн Амартайваны унаган адуу байгаа юм. Би 2012 онд очиж битүү шүдлэн, бас нэг даага авсан. Даага нь шүдлэндээ сумын наадамд айрагдсан ч хязааланд нь хангай таалчихсан. Шүдлэн нь тэр жилээсээ эхлэн том, жижиг олон наадамд айрагдаж, түрүүлсэн. Тухайлбал, анхны жилээ сумынхаа уяачдын холбооны наадамд зургаагаар давхиад, Шинэ-Идэр суманд болсон МУ-ын Хөдөлмөрийн баатар Тэгшбазарын мэндэлсний 100 жилийн ойн уралдаанд дөрөвлөсөн. Харин хязаалан үрээ сумандаа аман хүзүүдэж, овоо тахилгын наадамд гуравлаж, нэг аман хүзүүдсэн. 2014 онд соёолон үрээ сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүдээд, “Хотгойдын хурд”-д 145 үрээ уралдахад аман хүзүүгээр хурдалсан. Энэ нь намайг төдийгүй, Галтын нийт ард түмнийг баярлуулсан сайхан амжилтыг үзүүлсэн юм. Сумаасаа анх удаа Засгийн газрын тогтоолтой бүсийн наадамд морь айрагдуулж, Галтынхаа уяачдаас хамгийн азтайгаар үндсэндээ тодорсон гэсэн үг шүү дээ. Ганцхан би ч биш, манай сумын морь сонирхдог бүх хүн баярласан. 
-Бүсийн уралдаанаас хойш яаж давхисан бэ?
-2015 онд Завханд уралдаад, хөлийн асуудалтай болсон. Түүнээс хойш төдийлөн амжилт гаргаж чадахгүй л байна. Энэ жил есөн настай азарга. 
-Хангайн бүс рүү Галтаас олон уяач явсан уу?
-Аймгийн Алдарт уяач Баасандоржийн шарга, сумын Алдарт уяач Отгонсэлэнгийн Сүхийн буурал тус тус мордсон. 40 гаргаад ирсэн байх аа. 
-Соёолонгоо айрагдчихна гэж бодож байв уу?

-Соёолон мордохоос өмнө харсан л даа. Тэр жил улсад айрагдсан Булганы Хутаг-Өндөрийн Жадамбын Бат-Эрдэнийн үрээ, улсын наадмын тархинд явсан Доржсүрэн Манлайн үрээ ирсэн байлаа. Эднийг тархилах байх. Минийх 10,20 дотор гарч ирээд урагшилбал айраг амсаж мэдэх л юм гэсэн бодол төрж байсан. Тэгсэн Нисэхийн ард гарч ирэхэд нь хүнээс асуусан “Эхний 30-д харагдахгүй байна” гэнэ. Үүнийг нь сонсоод “За тав ч худлаа юм байна даа. Ядаж 10 дотор багтчихдаг юм болов уу, яадаг бол” гэж горьдоод байгаа юм. Уг нь нэг гараад ирвэл суудаггүй адуу л даа. Хойноос зүтгэж уралддаг. 
-Хэдэн жил морь уяад ийм амжилтыг гаргаж байгаа билээ?
-2006 оноос морь уяж эхлээд, найм дахь жилийнхээ наадамд ийнхүү амжилттай наадсан даа. 


-Анх ямар удмын адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв?
-Би ч сонирхлоороо л морь уяж эхэлсэн хүн. Анх чинь өөрийн унаган адууг уяж, хоёр жил хэртэй амжилт гаргаагүй. Дараа жилээс нь аймгийн Алдарт уяач Баасандорж гэж хүнийг дагаж морь уяж эхэлсэн. Одоо сумын төвд амьдардаг хүн л дээ. Бас Галт сумын уяачдын холбооны тэргүүн Д.Пүрэвдорж байна. Энэ хоёр намайг өдий хүртэл тусалж дэмжиж ирсэн улс. Эднийхээ хишиг буянаар өдий дайтай болж уяач гэгдэж явна. Тэгээд багштай болсных, тэр жил бор морио дааганд нь сумын наадамд аман хүзүүнд давхиулж амжилтын гараа эхэлсэн. Шүдлэн түрүүлж, хязаалан айрагдсан. Хязаалан жилээ буюу 2010 оны “Хотгойдын хурд”-аар 30-д давхиж байлаа. Дараа жил нь 2011 онд соёолон Галт суманд болсон анхны аймгийн бүсийн наадамд түрүүлсэн. Харин 2012 онд хавчиг морь өнжөөд 2013 оноос хойш бага жижиг наадамд олон айрагдаж түрүүллээ. Наймтай нэлээн зайнаас уяж, олон наадамд тавьж үндсэн давхилаа олсон. Морь өнжөөхөд наадамд уралдуулахгүй ч үндсэн ажлыг нь хийж хөнгөлөөд өнжөөх нь зүйтэй юм билээ. 
-Одоо бор морь хэдтэй юм бэ?

-Миний бор морь энэ жил 12 настай. Одоо уяхгүй байгаа. Намайг уяач болгож олон жил чамлах юмгүй сайхан давхилаа, хөөрхий минь. Амралтандаа гарахад болно оо. 
-Танайханд өөр уяач бий юу? 
-Манай удамд морь уядаг хүн байгаагүй ээ. Харин намайг моринд орсон чинь дүү нар, найз нөхөд дагаж уяж эхэлсэн. Сумын Алдарт уяач Ганбат, уяач Д.Батсайхан, Батмягмар, Батлхагва нарын найз нөхөд, дүү нар хамт морь уяж явна.
-Танайхан гал уяаны системээр ажилладаг уу?

-Морь уяхаараа л нэгдэнэ ээ. 
-Морь уясан энэ он жилүүдэд алдаа мадаг гаргаж байв уу. Залуу уяачдад сургамжтай юм даа, тийм ээ?

-Тэр энэ гэхгүй алдаа гаргах тохиолдол бий. Ихэвчлэн хоолны алдаа гаргах гээд байх нь элбэг байдаг юм шиг ээ. Би Өвөрхангайд болсон Өндөр гэгээний даншигт очоод хоолны алдаа гаргасан. Гаргаагүй бол айрагдахгүй юм гэхэд 10 дотор уралдчих байсан болов уу. МУ-ын Манлай уяач Г.Батчулуун “Алдаа гаргадаггүй уяач гэж байдаггүй юм аа. Харин гаргасан алдаагаа давтахгүй байх нь чухал” гэж ярихыг сонссон. Үнэн шүү. Алдаж болох ч давтаж болохгүй юм даа. 
-Ингэхэд та багадаа хурдан морь унадаг байв уу?
-Унаж байгаагүй ээ. 
-Таны нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлгүүд байна вэ? 

-Сүхбаатарын Мөнххаанаас Бураа Пүрэвжав агсны хүргэн Сайханбилэг гэж хүнээс ирсэн сартай хүрэн морь байна. 2015 онд Мөнххааны уяачдын холбооны тэргүүн Долгорсүрэнгийн Бат-Эрдэнэ “Найдвартай хурдан” гэж авч өгсөн адуу. Надад ирээд Төмөрбулаг суманд болсон аймгийн хойд бүсийн уралдаанд айрагдсан. Бас “Хөвсгөл хурд 2015” аймгийн анхдугаар шигшмэл хурдад наймаар давхиж байлаа. Түүнчлэн 2015 онд Өвөрхангай аймагт болсон төвийн бүсийн уралдаан, Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн ойд очиж 18-аар давхиулсан. Түүнээс хойш Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд яваагүй ээ. Үүнээс гадна миний нэг цавьдар азарга байна. Манай сумын уяачдын холбооны шийдвэрт уламжлалт дааганы уралдаан гэж болдог юм. Хоёр дахь дааганы уралдаанд түрүүлж, хул шүдлэн 2013 онд суманд айрагдсан. Энэ жил нэг даага Сүхбаатараас авчирсан нь “Дэлтэй цэнхэрийн хурд” уралдаанд айрагдсан.
-Зүүн талаас авч байна уу?

-Өөрийн унаган адуугаар уралдах зорилготой. Гэхдээ одоохондоо зүүн талаас авч байна. Бас шинэ цагийн адуу үржүүлсэн улсаас ч авна аа. 
-Уяачийн хувьд оролцсон хамгийн баяр бахдалт наадам хэзээ байсан бол оо?

-Тэр бол мэдээж 2014 оны “Хотгойдын хурд” наадам юм. Ямар ч байсан адууны төлөө 10-аад жил зүтгэсний үр дүн гарлаа. Эр хүн болж төрсний хэрэг бүтлээ л гэж бодогддог юм билээ. Үнэндээ Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд морь айрагдуулна гэдэг Галтын уяачдын мөрөөдөл, зорилго. Тэр зорилгыг биелүүлж амжилт гаргасандаа үнэхээр их баярладаг. 
-Хүүхдүүд морь унадаг уу?
-Манайх гурван охинтой. Том нь зургаа, бага нь арай сар хүрээгүй байна. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. 

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 102.91.5.138

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply
  • 197.210.77.57

    Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@g mail.com

    Reply