МУ-ын Манлай уяач Б.Жанчив: Миний аав улсад соёолон түрүүлгэж байсан

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 31 -нд

-Аав тань морь уядаг байсан нь таныг уяач болоход нөлөөлсөн байх?
Тэгэлгүй яахав. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Банзрагч гэдэг хүн байсан. Манай аав олон сайхан хурдан азаргатай, морь их сайхан уядаг байж билээ. Би аавыгаа дагаж уяач болсон хүн дээ. Өнөөдрийг хүртэл аавынхаа зааж сургасан номын дагуу л морь малаа уяж байна. Хүүхэд байхдаа аавынхаа уясан хурдан морийг унадаг байлаа. Аавын маань уясан хурдан морь аймаг сумынхаа наадамд олон удаа айрагдаж, түрүүлж байсан. Харин улсын наадамд нэг түрүүлж хоёр айрагдсан байдаг юм. Улсын наадамд соёолон түрүүлгэж байсан хүн шүү дээ. Олон хурдан зээрд хонгор азаргатай, өвөг дээдсийн маань хурдан буян Буурлын удам гэж улсын наадамд түрүүлж байсан алдартай хурдан хээр адуунууд байсан.
Удам дамжсан хурдан буянгуудынхаа ачаар бусдын адил гадна дотноос хурдан адуу цуглуулах шаррдлагагүй байсан байх. Та унаган хурдаараа уралддаг уу?
- Эцэг өвгөдийн маань үлдээсэн хурдан хүлгүүдийн үр төл одоо адуунд маань байгаа. Гэхдээ адууны цусыг сэлбэж байх ёстой. Ялангуяа хурдан морины цусыг сэлбэхгүй бол чанар мууддаг. Хэдийгээр адуу маань хурдтай ч цус сэлбэх зорилгоор Дорнод Сүхбаатар зэрэг аймгуудаас азарга авсан. Унаган хурдаас гадна цус сэлбэсэн адуунууд маань ч гэсэн хурдалж байна.
Д. Онон Тод манлайтай нэг нутаг усных юм байна. Туршлага солилцож, асууж зөвлөх юм бишгүй л гарна биз?
-Бид хамаатан улсууд, ах дүүсийн хүүхдүүд. Манай ээжийн талын хамаатан байгаа юм. Тэгэхээр би хоёр талдаа удамтай уяач байгаа биз. Ууган зохиолч Д.Нацагдорж бас манай удмын хүн. Ээжтэй маань ойрхон хамаатан гэдэг. МУГЖ Эрдэнэцэцэг миний төрсөн эгчийн хүүхэд.Манай удамд алдартнууд олон бий. Онон дүү бид хоёрын хувьд бие биенээсээ асуух зүйл байлгүй л яахав. Хүн ер нь би мундаг хүн болчихлоо гэж бодож болдоггүй. Тэгвэл нийгмээсээ хоцорно. Алдар цолтой ч цолгүй ч бай насан туршдаа суралцаж байдаг. Тэр утгаараа асуух юм хэн хэнд маань байлгүй яахав. Адуугаа солилцоно. Онон дүүгийн хувьд морин тойруулгаас хэд хэдэн адуу авч өөрийнхөө адуутай цус сэлбэн үнэхээрийн хурдан адуунуудыг бий болгож байна. Уяач нар андахгүй л дээ.
Танай удамд Онон гуай, та хоёроос өөр морь мал уядаг хүн байгаа юу?
-Бий, бий. Дүү нар дүүгийн хүүхдүүд гээд морь уяна л даа. Манай Ононгийн хүүхдүүд ч уяна.  Алдарт уяач Сугар манай хамаатны хүүхэд байгаа юм. Энэ мэтчилэн залуус моринд орж ирж байнаа. Манай хүү бас завсар зайгаараа морь уяна.
Нээрэн нэг үе та хоёр чинь нэг галд морьд уядаг байсан байх шүү?
-Гал болж уядаг бүр хожуу үеийн юм шүү дээ. Эхэндээ бол хүмүүс бие дааж уядаг байсан. Анх талийгаач Пунцагбалжир, Онон, Жийгээ гээд манай хүргэн, Сэргэлэнгийн бужгар Ганбат бид нар бөөгнөрч нэг хоёр жил морь уясан. Дараа нь Дуламсүрэн То? манлай, алаг азарга нь улсад түрүүлж байсан Дарамрэнцэн нартай хамтарч нэг хэсэг уясан. Одоо төмөр замчид нэг гал болоод морь уяж байна.
Мориныхоо уяа сойлгыг та өөрөө тааруулах уу? Эсвэл туслах уяачид даатгах уу?
-Би өөрөө уялгүй яахав, уяач хүн мориныхоо уяа сойлгыг тааруулахгүй юм бол өөр хэн тааруулахав. Монголчуудын малтайгаа харьцах тэр шинжлэх ухаан чинь хаана ч байхгүй ховорхон эд шүү дээ. Дэлхийн өөр хаана ч малтайгаа ингэж нэгэн цул болж, ойлголцдог ард түмэн байхгүй. Цаг үе нийгмээсээ шалтгаалаад нэг үе морь малтай харьцдаг хүн цөөрсөн нь үнэн. Бүгд л сургууль соёлын мөр хөөснөөс болоод эцэг өвгөдийнхөө уламжлалаас бага зэрэг хөндийрсөн тал бий. Тиймэрхүү хүмүүс хүнээр морио уяулдаг. Мэддэг нэгэнтэй нь хамтарч, хамжиж дэмжиж суралцаж байгаа хэлбэр юм  л даа. Би энэ жилээс тэтгэвэртээ гарсан. Албаны ажлаас чөлөөлөгдсөн хүн ихэнх цагаа хөдөө мал дээрээ л өнгөрөөж байна. Морь гэдэг чинь жилийн дөрвөн улирлын байнгын арчилгаа, маллагаа шаардаж байдаг амьтан. Гэхдээ адуучид бий. Тэдэндээ заавар зөвөлгөө өгнө. 
Та ч гэсэн нэгэн үе сургууль соёлын мөр хөөсөн үү? Ингэхэд моринд илүүтэй анхаарч, цаг зав гаргах болсон нь хэзээнээс вэ?
-Өө тэгэлгүй яахав. Ажил төрөл улсын алба тасалдуулахгүй гээд амралтаараа л морь малтай харьцдаг байсан. Гэхдээ цаг үе нааштай болсон 90-ээд оны үеэс мориндоо илүүтэй анхаарах болсон. Түүнээс хойш улс бүсийн наадмаас 15 айраг, гурван түрүү хүртсэн байдаг юм. Улсын цолонд тооцогддоггүй жижиг наадмаас бол зөндөө айраг, түрүү хүртэж байсан. Зөв бодолтой халуун хошуутай амьтан түшсэний буянаар 2002 МУ-ын Алдарт уяач цолыг хүртэж энэ жил Манлай боллоо.
Энэ алдар цолонд хүрэхэд тань ямар хүлэг илүү үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Ер нь улсын наадамд айрагдаж, түрүүлсэн адуунууд олон бий л дээ. Тэдэн дотроос Хулан хээр азарга маань хамгийн олон айрагдаж, түрүүлсэн нь. Эх тал нь Хэнтийн гаралтай, эцэг тал нь морин тойруулгын угшилтай адуу байгаа юм. Улсын болон даншиг наадмуудад нэг түрүүлж, долоо айрагдсан хурдан буян. Онон дүүгийн маань бэлэглэсэн адуу байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна