Монгол улсын манлай уяач Чойжмаа Цэрэндэжид

Монгол улсын манлай уяач Цэрэндэжид

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Чойжмаагийн Цэрэндэжид нь 1932 онд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн.  Одоо 78 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй.
 1952-1974 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Нефтийн үйдвэрт өрөмдөгч, жолооч, 1974-1980 онд автотээврийн 25-р баазад жолооч, 1980-1986 онд Сүмбэр сумын 32-р баазад жолоочоор ажилаж байгаад 1986 онд өндөр настны тэтгэвэрт гарч ардын аж ахуйтан болсон.  Улсад 34 жил ажилласан.
 Ч.Цэрэндэжид нь бага наснаасаа эхлэн мал маллаж өссөн, мал маллах арга ухаан, арга ажиллагаараа ард олныхоо дунд нэр хүндтэй, тэргүүний малчин юм.  Төр засгаас Ч.Цэрэндэжидийн ажлын амжилт, байгуулсан гавьяаг нь өндрөөр үнэлж Улсын Хошой аварга тээвэрчин, Атарчдын алдарт алтан медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, дөрөв, тавдугаар таван жилийн гавшгайчаар тус  тус шагнагдаж байсан. Баазын 3 удаагийн хөдөлмөрийн аварга, 2000 онд Монгол улсын Алдарт уяач болсон.
 Ч.Цэрэндэжид нь сайн малчин, уяач, төдийгүй буудлагын спортоор хичээллэж, Улсын I зэрэгтэй, улсын аварга шалгаруулах тэмцээн, бүх ард түмний спартакадаас мөнгөн медаль 2, хүрэл медаль 3-ыг тус тус авч, УБХТН-ийн Их хурал, Монголын уяачдын Их хуралд төлөөлөгчөөр оролцож бодол, санал, үгээ хэлж үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож иржээ.
 Бага наснаасаа хурдан морь сонирхон унаж, уралдаж байсан бөгөөд нутгийн ахмадуудын хурдан морь унаж уралдуулдаг байсан туршлагыг өвлөн авч, өдгөө 44 жил төрийн наадамд хурдан морь уяж уралдуулан тод манлай, торгон жолоо өргүүлэн наадамчин  олноо баясгаж яваа Монгол улсын Манлай уяач юм.
 Сүүлийн 16 жилд гаргасан амжилтаас нь товч дурьдвал 1990 оноос хойш улс хувьгалын баяр наадам, шигшмэл болон бүсийн урадаанууд, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, Дархан сум, Бор-Өндөр, Даланжаргалан, Айраг, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сум орон нутгийн наадмын хурдан морины уралдаануудад нийт 62 морь нь түрүүлж, 74 морь нь айрагдсан байна.
 Ч.Цэрэндэжидийн уясан морь нь амжилттай уралдаж бүсийн болон аймаг сумын наадмаас нийт 48 медаль хүртсэнээс 1998 онд Дорноговь аймагт болсон Данзанравжаагийн 195 жилийн ойгоор Зүүн өмнөд бүсийн наадамд Бор халзан шүдлэн 5-д давхисан, 2000 онд Хэнтий аймгийн Дархан суманд Хул халзан соёолон нь түрүүлсэн, мөн Хэнтий аймгийн Галшар суманд зохиогдсон Өвгөн ноён хардал бээс Пүрэвжав ноёны нэрэмжит төв, зүүн бүсийн Морин эрдэнийн бат оршил их наадмын түмэн агтны уралдаанд Хул халзан соёолон нь түрүүлсэн амжилтуудаараа 2000 онд Монгол улсын Алдарт уяач, 2011 онд Монгол улсын Манлай уяач гэсэн эрхэм цолыг авсан байна.
 Уяач Ч.Цэрэндэжид нь өөрөө морь уяж уралдуулахын зэрэгцээ залуу уяачдыг морь уяах арга ухаанд сургахад өөрийн авьяас  билгээ дайчлан ажиллаж байгаа олон шавьтай ахмад уяач багш хүн юм.
 Ч.Цэрэндэжид нь орон нутгийн нэр хүнд сайтай, 20 гаруй хүнийг морь уяж уралдуулах арга ухаанд сургаж дадлагажуулсан. Тэдний дотроос Ц.Мөнхжаргал, Ц.Мөнхпүрэв, Ц.Энхжаргал, Н.Батаа, С.Лувсанцэрэн, С.Сэр-Од, Л.Эрдэнэбат, Г.Очирбат,  Н.Цогбаяр, Д.Банзар, О.Март, Ч.Хүрэлбаатар, Д.Ганболд, Д.Бадамцэрэн, Н.Хосбаяр, Х.Эрдэнэ-Чулуу нар нь аймаг сумандаа алдаршиж сайн уяачид болсон нь Ч.Цэрэндэжидийн ажлын амжилтын үр дүнгийн нэг хэсэг хойч үедээ үлдээсэн уяачийн гавьяа юм.
 Ч.Цэрэндэжид нь 2000 оноос хойш  улс бүсийн чанартай наадамд түрүү-7, аман хүзүү-4, айраг-10 авснаас гадна аймаг,  орон нутгийн болон бүсийн уралдаанд нийт түрүү-70, Айраг-52 авсан амжилт  гаргаж, хурдан морины уяа сойлгыг тааруулан уралдуулж, Боржигон угшлын адууны цусыг сайжруулан ажилласан юм.