������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

Аймгийн Алдарт уяач Д.Энхболд: Сумаасаа анх удаа төрийн наадамд шүдлэн айрагдуулсандаа баяртай байна

Нийтэлсэн: 2017.11.09 09:00
  • http://www.todmagnai.mn/newsimage/675820171195835.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/675820171195840.JPG

- Таны халтар үрээ төрийн наадмын шүдлэнгийн уралдаанд дөрвөөр хурдаллаа. Та хэд дэх жилдээ төрийн наадамдаа морь мордуулж, айраг хүртэж байна вэ?
-Энэ бол миний анхны айраг. Үүнээс өмнө Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд монгол уламжлал, ёс заншил, төрт ёсоо хүндэтгэн ирж оролцож байлаа. Түүнээс хойш дөрөв дэх удаагаа төрийн наадамд морьд мордуулж байна. Ноднин улсын баяр наадамд мордуулсан даага маань 27 билүү, 31-ээр давхисан.
- Энэ жил шүдлэн насны морьдоос хамгийн олон үрээ үүлдэрлэг байдлаар хасагдлаа. Танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Төрийн наадамд Монголын ард түмний өргөн цар хүрээтэй оролцуулж байх ёстой. ММСУХ болон төрөөс энэ чиглэлийг тодорхой болгох нь зөв болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, адууны үржил, хурдыг нь сайжруулахад хүмүүс асар их мөнгө төгрөг зарцуулж байна. Тиймээс үүлдэрлэг чанараар ялгалт хийх ажлыг бодлогын чанартай явуулах хэрэгтэй байна. Яваандаа ангиллаа зарлаад, зургаан нас  болгож цөөрүүлэх болов уу гэж бодож байна.
- Та хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Би төрийн баяр наадамд уралдуулах эрлийз даага, монгол даага, хязаалан гуравтай ирсэн. Нөгөө хоёр нь  30, 40-н хэдээр давхилаа.
- Танд бол шинэ цагийн адуу байгаа л юм байна?
-Яг цэвэр азарга бол байхгүй ээ. Найз нөхдийн адуунд тавиад авсан цөөн тооны адуу бий. Тэднийгээ монгол адуутайгаа нийлүүлээд жилдээ 20 гаруй адуу уядаг юм. Уясан адуунаасаа шилж сонгож байгаад улсын баяр наадамд уралдуулдаг. Үлдсэнийг нь сумандаа уралдуулдаг.
- Халтар үрээ наадмын өмнөх сунгаануудад хэр өнгөтэй байсан бэ?
-Дунд сунгаанд л давхиулсан юм. Баянжаргалан, Чойрын тийшээ сунгаанд эрлийз, монгол гэж ялгадаггүй юм байна лээ. 150 орчим адуу давхисанаас 13 хавьцаа л ирсэн. Тиймээс тодорхой хэмжээнд ялгачихвал юмыг яаж мэдэх вэ гэж горьдож байлаа.
-Хавар уралдсан юм уу?
-Ерөнхийдөө бүсийн наадмуудад уралдуулна гээд бэлдэж байсан. Тэгээд хоёр жижиг наадамд уралдуулахад хоёуланд нь айргийн тавд давхисан.
-Уяачдын дийлэнх нь энэ жилийн наадмыг хамгийн сайхан дурсамж үлдээлээ гэж байна. Та Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр цэнгэл наадамд хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Ялгалт гэдэг зүйл уяачдын сэтгэлд нийцэж байгаа болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр манай сумаас анх удаа шүдлэнгийн айраг хүртэж байгаа юм. Тиймээс сумынхаа түүхэнд бичигдэх амжилт гаргасандаа сэтгэл маш өндөр байна.
Мэдээж уяач хүн болгон л төрийн наадамд морь айрагдуулах туйлын хүсэлтэй байдаг шүү дээ. Гэтэл зарим хүний хувьд энэ нь насан туршийн мөрөөдөл байсаар л хоцордог. Харин миний энэ мөрөөдөл биеллээ. Аав, ах нар маань бас уяач хүмүүс. Тэднийхээ уяаны эрдмийг үргэлжлүүлээд явж байгаадаа баяртай байна.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд цоллуулаад зогсож байх агшинд юу бодогдож байв?
-Морио хөтлөөд Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрно гэдэг уяач хүний насан туршийн бахархал юм байна. Сэтгэл их хөдөлж байлаа. Мөн найз нөхөд, хамт олон гээд таньдаг хүн болгон л энэ баярыг маань хуваалцлаа.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ?
-2013 онд Төв аймгийн 90 жилийн ойн наадмаар хүртсэн. 
-Хэдэн жилийн хүч хөдөлмөр танд энэ цолыг авчрав?
-Аав, ээж хоёр маань  малчин хүмүүс байсан юм. Энэ  ч утгаараа би бага наснаасаа л хурдан морь унаж, морины ажилд тусалсан. Тэгээд нэгэн хэсэг албан ажил эрхэлж, завсарлаад 2008 оноос хойш морьтойгоо ноцолдож эхэлсэн. Тэгэхээр энэ бол миний есөн жилийн хөдөлмөр.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд ямар адуугаар хүртэж байв?
-Хүүхэд байхад аав маань сумын баяр наадамд миний нэр дээр морьдоо уралдуулдаг байсан юм.  2003 оны үед аав миний нэр дээр шүдлэн үрээ айрагдуулж байлаа. Би өөрөө гардан уяж эхэлсэнээсээ хойш сумын баяр наадмаас олон айраг, түрүү хүртсэн. Аймгийн наадмуудад ч олон оролцсон. Одоо улс, бүсийн наадмуудад идэвхитэй оролцож байя гэсэн бодол тээж явна. Ер нь багаас нь их рүү нь өгсөөд л явна даа.
-Төрийн наадмын нэг айрагтай боллоо. Улсын бүсийн уралдаанаас айраг, түрүү хүртэж байсан уу?
-Байхгүй ээ. Хамгийн дээд тал нь хоёр удаа 10 дотор давхиулж байлаа. Тодруулбал, 2011 оны Архангайн Батсүмбэр суманд Тоглохын талд  болсон “Тамирын хурд”-д хүрэн соёолон морь 10-аар давхисан. Ноднин Эрдэнэтийн бүсийн уралдаанд хязаалан долоогоор давхисан. Харин аймгийн чанартай уралдаанаас 6 түрүү, 10 гаруй айраг хүртсэн. Ийм л амжилттай.
-Халтар шүдлэн маань одоо хаана уралдаж байгаа вэ?
-Өнөөдөр Өвөрхангайд мордох гэж байна.
-Та бол удам дамжсан уяач. Аав тань ямар, ямар адуугаар нааддаг байсан бэ?
-Аав маань жил болгон сумынхаа наадамд оролцдог байсан. Мөн морьдоо хөтлөөд л тойрсон сумдынхаа наадмыг зорьдог байлаа. Тэр үед би жаахан хүүхэд дагаад л явдаг байлаа. Аавын маань адууны үндэс суурь нь Заамар, Жаргалантын хойд чигийн адуунаас үүдэлтэй. Нэгдлийн адуунаас сургаж нормоо биелүүлсэнээр шагналд нь даага, үрээ авдаг байлаа шүү дээ. Аав маань тийм л замаар адуужсан хүн. Улсын баяр наадмыг зорин ирж, нэг удаа 382 азарга уралдахад манай унаган хүрэн азарга 13-аар давхиж байлаа. Аав, ах хоёр маань сумын Алдарт уяач цолтой.
- Танай гэр бүлээс хэдэн уяач төрөн гарсан бэ?
-Хүргэн дүү Очирбат маань бас морь уядаг юм. Энэ шүдлэнг хамтдаа л уялаа. Тиймээс ч сая хамтдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд орж, цоллуулсан.
- Морьтой нөхөрлөсөн эр хүний хувьд хамгийн баяр бахдал төрүүлсэн наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
-Нэг жилийн сумын баяр наадмаас гурван түрүү, нэг айраг авч байлаа. Одоогоос зургаан жилийн өмнө юм байна. Залуу ч байж. Асар их баярлаж байсан даа. Мөн энэ жил төрийн наадамд шүдлэн айрагдууллаа. Сэтгэл санаа сэргэж, урам зориг ороод сайхан байна.

А.Тэлмэн

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам