Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас ирэх жилийн уяаны ажил эхэлдэг

Сэтгүүлч
11-р сарын 28 -нд

Зорилго тавьж түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөвөл амжилтанд хүрч болохыг үлгэрлэн харуулж, морь уях хүсэл эрмэлзлэлтэй зуу, зуун залууст урам зориг бэлэглэсэн нэгэн эрхмийг уншигч тантай уулзуулах гэж байна. Энэ хүн бол Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, 2018 оны Монгол Улсын шилдэг уяач Галсангийн Болдбаатар юм.

Багын найзтайгаа хүсэл сонирхлоо нэгтгэж 2015 оноос морь уяхад идэвхийлэн шамдах болсон тэрээр өнгөрсөн жил хангайн бүсийн уралдаанд их насны морь түрүүлгэж, азарга айрагдуулж, төвийн бүсийн уралдаанд шүдлэн айрагдуулсан бол өнөө жил улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, таван айраг хүртэн гялалзсан амжилт үзүүлсэн юм. Шилдэг уяачийн арга туршлагаас хуваалцахыг хүссэн уншигч таныг анхаарлаа хандуулахыг  урьж байна.

-Аз, өм дүүрэн сайхан наадсан танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа. Улсын баяр наадамд азарга аман хүзүүдүүлж, их насны морь дөрөвт хурдлуулаад, унаган хязаалангаа айрагдуулсан. Түүний дараа нутагтаа болсон Ламын Гэгээний 380 жилийн ойн бүсийн уралдаанд хар морио түрүүлгэж, хонгор азаргаа аман хүзүүдүүлэн, хүрэн халзан даагаа айрагдуулж одтой сайхан наадлаа.

-Төрийн зарлигт наадмаас нэг түрүү, таван айраг хүртжээ. Үүнээс ч илүү боломж байсан тийм үү?

-Өнөө жилийн анхны бүсийн уралдаан буюу Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд хээр үрээ хүүхэдгүй түрүүлж, дүрмийн дагуу тав ухран айргаас хасагдсан. Мөн бүсийн уралдааны үеэр улсын баяр наадамд гуравт давхисан хүрэн хязаалангийн маань хүүхэд унаад, айрагт багтаж чадаагүй.


-Жанжин ухаадаа мөн нэлээд итгэл хүлээлгэж байсан байх.

-Тийм ээ, уг нь их хурдан байсан ч энэ жил хараахан айрагдаж чадсангүй. Морио гардан уяж байгаа хүн багцааг нь мэдэрнэ шүү дээ. Тэр мэдрэмжээр Жанжин ухаа маань улсад айрагдчихаар байсан. Манай галын зарим нэг хүмүүс бүр “түрүүлчих байх” гэж байсан юм. Яагаад гэхээр гурван сунгаанд гурвууланд нь хөөрхөн зайтай түрүүлсэн. Тийм ч болохоор нь алдаа гаргахгүй гэж хаширлаад том хүүхдээр унуулсан юм. Гэтэл төхөөрөмжин дээр очоод зогсохгүй эргэцэж байгаад нөгөө тийшээ гараад хэсэг давхисан байна лээ. Тэгээд арайхийн эргүүлээд араас нэхсээр байгаад аравт орсон нь тэр.

-Би хувьдаа эхний хоёр өдөр сайхан наадаад анхаарал суларчихав уу? гэж харсан.

-Яалаа гэж дээ. Нэг насны морь ирэхэд залгаад дараагийнхаа насны уралдаанд бэлтгэдэг. Миний хувьд энэ тал дээр хариуцлага өндөртэй хүн шүү.

-Хонгор нутгийн уяачид төрийн наадмаас анх удаа гурван айраг хүртлээ. Ер нь төрийн наадамд морь айрагдуулсан уяач ч хуруу дарам цөөн л дөө.

-Баттөмөр бид хоёр анх удаа улсын наадмаас айраг хүртэж байгаа нь энэ. Төрийнхөө наадамд дөрвөн насны морьтой ирээд гурвыг нь айрагдуулж, нэгийг нь аравт давхиулж бахтай сайхан наадлаа. Уяачийн ур ухааныг шалгадаг дээд нас буюу азарга, их морь айрагдуулсандаа баяртай байгаа.

-Тэр үед уулзахад тэгтлээ догдолсон шинжгүй байсан. Сэтгэлийн хөдөлгөөн багатай юу?

-Ер нь сэтгэл хөдлөл багатай шүү. Мэдээж морь сайхан давхиад ирэхээр баярлалгүй яах вэ. Гэхдээ аливаад даруулгатай байх нь чухал.


-Төв цэнгэлдэхэд ч гэсэн ийм бодолтой орсон уу?

-Уясан морио хөтлөөд Төв цэнгэлдэхэд ороход баярлах, бахархах сэтгэл эрхгүй төрж, адуу манаж хоносон хэдэн шөнийн алжаал тайлагдчих л санагдсан. Нутаг ус, аав ээжийн нэрээ дуудуулан цоллуулж байх тэр агшинд алжааж ядарснаа мартаад сэргэх шиг болсон.

-“Унаган адуугаа айрагдуулахыг хүсдэг” хэмээх өгүүлбэрийг бараг уулзсан уяач болгон хэлдэг. Та бүхэн төрийн наадмын анхны айргаа унаган адуугаараа хүртсэн. Тэр үеийн дурсамжаар яриагаа үргэлжлүүлье.

-10-нд Баттөмөр бид хоёр наана дэнж дээр дурандаад хүлээж байсан юм. Утасны интернет гацаад тэрүүхэндээ догдолж л байлаа. Харин барианд ороод ирэхээр нь өөрийн эрхгүй огшдог юм билээ. Хүрэн үрээ даагандаа Сэргэлэн сумын ойд түрүүлээд, шүдлэндээ Цагаан хөтөл давтал эхний үрээнүүдтэй явсаар 16-д орсон. Ер нь хөлийн хурдтай мундаг адуу л даа. Энэ жилийн хувьд сунгаанаас сунгааны хооронд улам бүр урагшлаад байсан тул үзүүр лүүгээ сайн уралдана лээ.

-“Их хурд”-д уралдалгүй өнжсөн. Нутагтаа наадахыг илүүд үзсэн хэрэг үү?

-Баттөмөр бид хоёр зөвлөлдөж байгаад “Олон хүн баярлуулъя” гэдэг шийдвэрт хүрсэн. Миний хувьд өнгөрсөн жилээс эхлээд хар морио дан уяагаар Их хурдад уралдуулчихъя гэсэн тооцоо хийж, ажлыг нь хийсэн юм. Хар морь ч сунгаанаас сунгааны хооронд урагшлаад байсан л даа. Сүүлийн сунгааны дараа би Онон ахад өөрийнхөө санааг хэлтэл “Улсад мордуулсан нь дээр байх. Наадах чинь ер нь гэмтэй байна шүү” гэсэн юм. Тэгээд л улсад мордуулсан даа. Хонгор азарганы хувьд ч ялгаагүй сунгаан дээр харчихаад “Давхил нь тогтчихож. Энэ жил үзүүрт уралдах байх шүү” гэсэн.Тод манлайн хэлснээр хонгор азарга маань аман хүзүүдэж, хар морь айрагдсан.

-Тод манлайд тоогдохоор уяна гэдэг  нөр их хөдөлмөр биз. 

-Уяач хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол уйгагүй чармайлт. Ер нь залуу уяачид юун дээр гол төлөв алддаг вэ гэхээр энэ жил сайн давхисан морио хэт хайрлаад эдэлгээг нь орхигдуулдаг. Гэтэл өвлийн эдэлгээ, хаврын онд оролт хамгийн чухал нь. Би хувьдаа тийм дүгнэлт хийсэн учраас өвөл, хаврын ажлыг санасандаа хүртэл сайн хийсэн. Тийм ч болохоор зуны уяа зөв байсан.

-Их морь түрүүлгэж, айрагдуулах хүсэл уяач болгонд байдаг. Хоёр бүсийн уралдааны түрүү хар мориныхоо талаар сайхан хуучлаач.

-Их насны морь авах болсон шалтгаанаа эхлээд ярих нь зүйтэй байх. Манай халзан морийг мэдэх байх. 2016 онд соёолондоо улсын наадамд 11-д давхиад, дараа жил нь хавчиг морь сунгаануудад түрүүлж байгаад наадмаар мордож чадалгүй хасагдчихсан шүү дээ.

-Нөгөө айхтар олон морь хасагддаг жилийн наадам байх нь.

-Тийм.Соёолондоо хурдан байсан болохоор нь өвөлжин, хаваржин гар салгалгүй ажил хийж, өөртөө зорилго тавьж уясан байсан юм. Ёстой санасандаа хүртэл бэлдээд авчирсан мордуулаагүй. Тэгэхээр нь ганцааранг нь ачиж очоод Төв аймгийн Жаргалант сумын 90 жилийн ойд мордуулсан их хол түрүүлсэн. Бараг км гаруй хол түрүүлсэн байх. Тэгэхдээ хөлөндөө жаахан хөндүүр авчихсан юм. Тэгэхээр нь дахиж уралдуулалгүй амраагаад, дараа жилийнх нь хавар Говьсүмбэр аймгийн Баянталд болсон Дүнжингаравт аваад очсон 10 бил үү 11-д ордог юм. Эрлийз гэсэн шалтгаанаар эхний морьд хасагдаж гурав юм уу дөрөв дээр баригдах нь гэж байтал дахиад хасчихсан.

-Тийм товир адуу юм уу?

-Уг нь бие хааны хувьд айхтар том биш жижигхэн адуу шүү дээ. Ямар шалтгаанаар хасагдсан юм бүү мэд. Баянталын уралдааны зам жаахан хэвгий байгаад, хөлний  асуудалтай морь уруу газар хурдан нь саарахгүй явсаар байгаад хөл нэлээд эвгүйтсэн. Тэгээд дахиад өнжихөөс аргагүй болсон. Ингээд зун наадмаар уралдуулах сайн их насны морины эрэлд гарахаас аргагүй болсон юм. Би хар морио 2018 оны 5-р сарын 10-нд авсан. Сайн санаж байна. Тэр үед авсан зураг нь ч бий.

-Нэлээд хэдэн мориноос сонгосон гэдэг юм билээ.

-Дүнжингаравын дараа  таван сар гаргаад адуу ногоолж Хөлөнбуйрт авааччихаад Баттөмөрт “Хөгшин нь ганц их морь олоод ирэх үү?” гэсэн. “”Өөрөө мэд” гэсэн юм. Тэгээд л явж өгсөн дөө. Дорнодын Матадаас эхлээд Сүхбаатарын бараг бүх сумаар явж утсан дээрээ 27 морины зураг авсан байсан.

-Явж өгч. Тэр олон адуунаас сонгож болоогүй юм уу?

- Машины км заалт лав 3000 гарчихсан байсан. Хар морио авах гээд л яваад байхгүй юу. /инээв/

Тэгж яваад Сүхбаатар аймгийн Асгат суманд Нямсүрэнгийн Бат-Эрдэнэ гэж найзындаа ирж хоночихоод тэр хавиараа адуу үзэхээр боллоо. Халзанд хавраас хойш сайн давхиж байгаа нэг бор морь байгаа гэхээр нь зорьж очсон миний санаанд хүрсэнгүй.

Тэгээд “Энэ миний хайж яваа адуу биш байна” гэсэн найз маань замд “Ноднин Халзан овооны тахилгад түрүүлсэн хар морь бий. Тэрийг үзэх үү” гэж байна. Тэгээд эзэнтэй нь очиж уулзаад зорилгоо хэлсэн “Манай адуу хойгуур бий. Очоод үзчих” гэж байна. Очлоо адууг нь олдоггүй ээ. Ногоо хөөгөөд явчихаж. Өдөржин хайгаад. Сүүлдээ найз маань залхах маягтай болоод, би болохоор нэгэнт ирснийх үзчихмээр байдаг. Тэгж хайсаар олоод очсон битүү шар үстэй туранхай адуу байж байсан.

-Шар үснээсээ салаагүй туранхай адууны юу нь таныг татсан юм бэ?

-Суга цавины зай ихтэй доогуураа их алдтай. Зоо нурууны мах тачир, бариа татаа байхгүй. Суудаггүйн шалтгаан нь тэр. Мөн арьс нимгэнтэй харахад яс махны тэнцэл нь сайтай. Бөгс, цээж тэнцүүхэн. Ер нь өөрт тээр болох илүү зүйлгүй адуу. Тэгээд санаанд хүрсэн тул наймаа тохироод, ачиж авчраад адуундаа тавьчихсан. Зургаа бил үү долоо хоногийн дараа яваад очсон арай  дээрдчихсэн байсан. Гэхдээ 5-р сарын 23-нд манай бүх морьд уяандаа ороод жигдэрч байхад хар морийг барих боломжгүй байсан. Тэгээд бүр зургаан сар нэлээд гаргаад барьсан.

-Хар морийг харсан хүмүүс голонгуй байсан гэдэг үнэн үү?

-Ойшоож үзэхгүй байсан хүмүүс олон бий. “Монгол морь нэмэргүй юм биш үү” гээд шууд хэлсэн нь ч бий. Харин миний хувьд сэтгэлд багтаад байсан. Тэгээд л оролдож эхэлсэн дээ. Би хар мориндоо хөлсний ажил цөөн хийсэн. Яагаад гэхээр хоёр шалтгаантай. Нэг нь хар морь бараг тэжээл иддэггүй адуу. Тиймээс нимгэн талдаа. Хоёр дахь шалтгаан нь нарийн адуу хэрнээ сэтгэл хөнгөнтэй адуу байсан. Тиймээс тусад нь ганцаарчилж уяхаар шийдсэн.

-Сэтгэл хөнгөнтэйг нь хэрхэн таньсан юм бэ?

-Морьдтой нийлүүлээд уяа тойруулсан чинь толгойгоо хаялж сэрвэлзээд хөнгөн сэтгэлтэй болох нь анзаарагдсан л даа. Тиймээс сэтгэлийг нь тогтоох үүднээс ганцаарчилж ажил хийдэг болсон юм. Манай хар морь шиг нарийхан хэрнээ сэтгэл хөнгөнтэй адууг зөв уяхгүй бол хоолоо гөвчихөөд байдаг муу талтай. Тиймээс анхнаас нь сэтгэлийг нь тогтоож уях хэрэгтэй.

-Сэтгэлийг нь  тогтоож уяна гэдгээ дэлгэрүүлэн тайлбарлаад өгөөч.

-Сэтгэл хөнгөнтэй адуунд ганцаарчилж зөөлөн хөнгөн ажил хийхийг хэлж байгаа юм. Тэгээд гүйцэд сайн хөнгөрсөн хойно нь морьтой нийлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол гүйцэд хөнгөрөөгүй байхад нь өөрөөс нь илүү морьтой  нийлүүлээд давхиулчихвал халирах маяг сууна. Онон ах “Анх барьж аваад уяа тойруулан гишгүүлэхэд л ямар уяатай адуу болох нь танигддаг “гэж хэлдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл уяа тойруулахад тухайн морины сэтгэл зүй танигдана. Түүн дээр нь тулгуурлаад уяаны арга барилаа тохируул гэсэн үг. Хөнгөн сэтгэлтэй адууны сэтгэлийг нь тогтоож уядаг бол эсрэгээрээ хашин хүнд сэтгэлтэй морийг сэтгэл суулгаж уях нь зөв. Энэ жишгээр хар мориныхоо сэтгэлд нь тохирсон ажил хийгээд байсан хөөрүү зан нь дарагдаад сүүлдээ их дөлгөөн болчихсон. Ганцааранг нь ганц нэг цогиулж үзсэн болмоор санагдсан  тул Онон ахынхтай ойр буугаад хүсэн хүлээж байсан давхилаа хийсэн дээ.

-Давхил хийхийг тэгтлээ хүсдэг нь ямар учиртай билээ.

-Миний зорьж явж, олж таньсан адуу хурдан шүү гэдгийг харуулах. /сурв.инээв/

-Тийм учиртай байх нь ээ. Тэгээд таны зөв болохыг баталж харуулсан уу?

-Эхний давхилаар л тархины морьдтой гараад явчихсан. Түүнийг нь хараад “За ер нь болмоор морь байна” хэмээн уужирсан даа.

-Тийм мэдрэмж төрүүлж байсан хэр нь яагаад улсад уралдуулаагүй юм бэ?

-Тамир нь хүрэхээргүй байсан юм. Тэжээл муу иддэг болохоор сэргэлт муу. Тийм болохоор нь сүүлдээ ажлыг нь өнжөөж хийдэг болсон. Бусад морьд өдөр болгон давхил хийж байхад би хар морио зарим үед авч үлдээд, зарим өдөр нь дан цогиулчихдаг байсан. Тэгээд бяр муутай хавчиг морь улсад  уралдуулаад дэмий гэдэг шийдвэр гаргасан. Онон ах ч бас тэгж зөвлөсөн юм.

-Дан уяагаар бүсэд мордуул гэж үү?

-“Дан уяагаар уралдсан нь дээр. Хурдан нь хурдан юм. Гэхдээ улсад арай барахгүй байх” гэсэн. Тэгээд дан уяагаар Булганд уралдаж түрүүлсэн. Хангайн бүсийн дараа хамт сунгаж байсан морьдоор нь багцаа хийгээд тооцоолж үзсэн улсад айрагдахгүй ч арав дотор давхичих байсан байна лээ. Гэхдээ аль ч утгаараа өнжсөн нь зөв шийдвэр байсан. Намар нь би хар морины эзэн Эрдэнэбулганыг зорьж очиж уулзсан юм. Тэгсэн “Чи хавар авахдаа энэ жил нэг л уралдах юм байна. Харин хаана ямар наадамд тавих вэ” гээд байсан. Аргагүй  мэдэрчээ” гэсэн. Би тухайд тэгж хэлснээ мартчихсан байна лээ.

-Булганы наадмыг яагаад онцолсон юм бэ? Өөрөөр хэлбэл юугаараа хар моринд илүү нийцтэй гэж үзсэн юм бэ?

-Наанаасаа бага явдаг гэдэг утгаар нь. Газар дээрээсээ тойрог маягаар уралддаг гэхээр нь хар морио тултал нь идүүлээд тавихад хоолоор айхгүй юм байна гэсэн тооцоотой очсон юм. Тэгсэн замаа өөрчлөөд чигээрээ уралддаг болчихсон байна лээ. Гэхдээ нэг өдрийн хоолыг нь хадгалж байгаад сайхан уралдуулсан.

-Сайхнаар барах уу? Их морь түрүүлгэж, азарга аман хүзүүдүүлнэ гэдэг наадмыг авсантай дүйцэх биз.

-Урьд өдөр нь хүүхдэдээ уралдааны замаа үзүүлээд “Өгсүүр дээр азаргаа арваас нэлээд дотогш гаргаж ирнэ шүү. Тэгээд уруудахаар гайгүй ороод ирнэ” гэж захисан юм. Хүүхэд яг хэлснээр уралдсан. Хонгор азарга  уруудаад хэсэг тарласан шүү дээ. Тэгээд хөтөлсөөр байгаад хүмүүсийн үзүүр лүү орж ирэхэд халиуны хүүхэд зөв талаар нь холбоод орчихсон юм. Залгаад их морь уралдаж, бид төрийн зарлигт наадмын анхны түрүүгээ хүртэж, мөрөөдлөө биелүүлсэн дээ.

-Жилдээ нэг юм уу хоёр л уралддаг юм аа даа.

-Би хувьдаа морийг жилд нэгээс хоёр удаа л уралдуулахад хангалттай гэж боддог. Яагаад гэхээр уралдах тоолонгоор хөл муудаж байгаа шүү дээ. Нэгэнт хурдан нь тодорчихсон сайн адууг хайрлаж байх хэрэгтэй. Түүнээс зугаа болгож хаа тааралдсан газраа уралдуулаад байх нь уяачийн ёс зүйд үл нийцнэ.

-Санал нэг байна. Хар морины тэнцлийг илүүд үзсэн гэсэн. Тэгвэл хонгор азарганы шид юундаа байдаг вэ?

-Ясан хэлбэр нь гараад хөнгөрчихсөн байгаа үед нь харсан ямар ч хүн “Хурдан адуу байна” л гэнэ. Хийц сайтай адуу. Тархи толгой сайтай, мундаа сэрвээ, салтаа, мөч гээд яалт ч үгүй төрчихсөн адуу л даа. Бид хоёр соёолонд нь авсан. Анх адуунд нь очоод харахад олон жилийн хур таргатай түнтийсэн адуу л байсан.

-Ганц ч уралдаагүй битүү азарга байсан юм уу?

-Тийм. Адуу нь сайн юм, ажлыг нь зөв хийчихвэл болчих байхаа гэсэн тооцоо хийгээд наймаалцсан. Тэгээд 12 сард оруулж ирээд өвөлжин тэжээлгүй унаж эдлэхэд хавар дөрвөн сар гэхэд сайхан хөнгөрчихсөн. Гэхдээ жаахан сүүмийгээд ядрангуй болчихсон байсан тул ажлыг нь зогсоогоод тав, зургаан хоног тэжээчихсэн чинь нүд нь гялтаганаад эвтэйхэн болоод ирсэн. Тэгэхээр нь хоолыг нь хөнгөлж байгаад гурван км хэртэй газар зөөлөн цогиулсан чинь Онон ахаас авсан хээр үрээтэй цуг яваад байна аа. Урам ороод хэдэн гүү хураалгаж, ногоонд гаргачихаад 5 сарын 20-доор буцааж барьж авсан даа. Хар морь хөнгөн уяатай, бэлэн давхилтай бол хонгор азарга яргай махтай, голын бяртай суултгүй адуу.

-Энэ цаг үед аль нь илүү уяхад тохиромжтой вэ?

-Адуу болгоны уяа өөр. Уяач хүн түүнийг мэдэрч тохирсон ажлыг нь хийж чаддаг байх нь чухал. Адуу болгоны бүү хэл нэг адууны уяа хүртэл өвлийн эдэлгээ, хаврын онд оролтоос шатгаалаад өөрчлөгддөг. Уяач хүн түүнийг нь мэдэрч уяаны арга барилаа өөрчилж чаддаг байх хэрэгтэй.

-Бодож байснаас туршлагатай, мэдрэмжтэй юм. Онон Тод манлайн нөлөө бий биз.

-Байлгүй яах вэ. Тэр хүн энэ цаг үеийн хүлээн зөвшөөрөгдсөн уяач. Хамгийн гол нь мэдсэн сурснаа бусадтай харамгүй хуваалцдаг. Энэ том галын бүрэлдэхүүнд орж өөрөө туршлага судлахаас гадна морьдоо хурдан адуунуудтай жишиж сорих боломж гардаг. Хар морь, хонгор азарга хоёр улс, бүсийн уралдаанд сайн давхиж байгаа нь сайн адуунуудтай ажил хийж байсных. Морь давхил бүртээ онгойж байдаг. Тэр олон морь нэгнийхээ хөлийн чимээг сонсож тэр чинээгээрээ урагшаа зүтгэнэ. Ер нь сайн адуутай уралдаж хойно урдаа орж байж л илүү сайжирна шүү дээ. Түүнээс өөрийнхөө хэмжээний хурдтай морьдтой уралдаад байвал ахиц гарахгүй.

-Хариу уяагаар ирэх жилийн ажил эхэлдэг хэмээн уяачид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэ бол маш чухал. Наадмын маргаашнаас хийж байгаа ажил тань ирэх жилийн уяаны эхлэл болдог. Өөрөөр хэлбэл наадмын маргаашнаас ирэх жилийн уяаны ажил эхэлдэг гэсэн үг. Түүнийг уяачид хариу уяа хэмээн нэрлэдэг юм. Хариу уяанд хайнга хандаж алдаа гаргавал ирэх жилийн уяа буруудна. Тэгэхээр хариу уяагаа зөв хийх нь чухал.

-Хариу уяаг хэрхэн зөв хийх вэ?

-Уяа морьд олон сараар бэлтгэл хийсэн тул бүх булчин шөрмөс нь чангарч, дотор гэдэс нь агшчихсан байгаа шүү дээ. Түүнийг нь суллаж хэвийн байдалд нь оруулахыг хариу уяа хэмээн ойлгож болно. Хэрвээ тэр чангарсан булчин шөрмөс, ходоод гэдсийг суллалгүй тавьчихвал далан, шилэм суугаад биедээ мах муутай болчихно. Дотор өөхийг нь барах гээд өвөл ажил хийчихээр морь биедээ махгүй болчихно. Тэгээд дараа жилийнхээ уяанд амжихгүй болчихдог. Өөрөөр хэлбэл тэр алдааг засаж амждаггүй. Харин хариу уяаг сайн хийгээд тавьсан морь өвөл сайхан тарган махтай унаж эдлэхэд хүч нь буугаад, дотор онгорхой тул зуны уяанд бэлэн болдог. Миний хувьд ойролцоогоор хорь гаруй хоногт хариу уяаг хийдэг.


-Хариу уяаг хэрхэн хийх вэ гэдэгт хариулт өгсөнгүй.

-Эхний ээлжинд сайхан амраах хэрэгтэй.Амраах зуураа уралдааны явцад ямар нэг хөндүүр зовиур авч уу үгүй юу гэдгийг ажиглана. Хэрвээ тийм байдал ажиглагдвал тэрийг нь эмчилнэ. Ийнхүү хэд хоног амраачихаар сэргээд ирдэг юм. Тэгэхээр нь эхний ээлжинд сайхан хөлслөх хэрэгтэй. Морийг давхиулахад бие нь чангарч, хөлслөхөөр бие нь суларч байдаг. Тиймээс зунжин бэлтгэл хийгээд чангарчихсан биеийг нь хөлсөлж суллах хэрэгтэй. Зарим хүмүүс зүгээр уяад хөлслөөд байдаг. Миний хувьд тавьтлаа тэжээдэг. Тэгэхээр тэр хэмжээгээрээ хурдан сэргэлт аваад байх шиг санагддаг юм. Мэдээж өдөр болгон хөлслөөд байх шаардлагагүй. Хэсэг амрааж байгаад нэг хөлсөлнө. Тэгээд уяан дээрээ зогсох хугацааг багасгана. Жишээ нь өглөө 8:00 цагт бариад орой 20:00 цагт тавьдаг байсан бол өглөө 9:00 цагт бариад орой 19:00 цагт тавих гэх мэтээр. Энэ мэтчилэн аажмаар зөөллөх зуураа зун хөлсөөр алдсан эрдсүүдийг нөхөж сайн хужирлах буюу шаардлагатай гэвэл сэргэлтийн витаминуудыг хийж болно. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрөхөд морь чинь анх адуунаас нь барьж байх үеийнх шигээ цүдийсэн юм болчихдог. Тэгмэгц нь бүр тавьж болно.

-10 сар гармагц адуугаа усанд зогсоох давалгаа өрнөдөг. Энэ хэр үр дүнтэй вэ?

-Миний хувьд морь болгоныг заавал зогсоох шаардлагагүй. Доголсон юм уу хөлөндөө хөндүүр авсан, ул тавгандаа цустай  гэх мэт ямар нэг байдлаар хөлөндөө эмгэг олсон адууг 10 сар гараад, ус сэрүүсээд эхэлмэгц ширүүхэн урсгалтай голын харгиан дээр ойролцоогоор 10-аад хоног уяж болох юм. Хэд хоног усанд зогсоох вэ гэдэг нь морины тарга тэвээрэг, мөн наснаас шалтгаална.


-Зөвхөн хөлний эмгэгийн үед сойх нь зүйтэй гэж үү?

-Хүч тарга нь нимгэрдэггүй адууг бас хэсэг зогсоочиход өвөл арай цөөн хоног эдлүүлдэг юм билээ.Усанд зогсоосны дараа хануур хатгуур хийхэд тохиромжтой байдаг.

-Та орон нутагтаа морь уяж байсан хүн. Хөдөөгийн уяачид томоохон уралдаанд тэр болгон амжилт үзүүлж чадахгүй байгаа нь юутай холбоотой санагдсан бэ?

-Хэд хэдэн зүйл ажиглагддаг. Мэдээж эхний ахуй амьдралын хүчин зүйл нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл мал амьжиргааных нь эх үүсвэр хөдөөгийн малчид анхаарлаа 100 хувь уяаны ажилдаа хандуулж чадахгүй байна. Мал хуй гээд арга байхгүй анхаарал сулардаг. Үүнийг  буруутгах аргагүй юм. Харин өвлийн уналга эдэлгээний тухайд бол хэрэгжүүлэх боломжтой. Өвөл нь морио зөв сайхан эдлээд хоол гэдэсний  асуудлыг зөв тааруулж чаддаг бол хот хөдөөгийн уяаны ялгаа гэж айхтар ялгарах юмгүй л дээ. Миний ажигласнаар орон нутгийн уяачид гэдсэн дээр их алдаа гаргаад байх шиг. Хамгийн наад зах нь цараатай адууг буруу оношлоод улам бүр хоолыг нь хасаад байдаг. Гэтэл тэр нь хоол ихэдсэнээс бус гэдэс хийгээр дүүрсэн байна гэсэн үг. Энэ мэтчилэн ялгаж таних чухал. За тэгээд хийж буй ажилдаа анхаарал хандуулж, зорилго тавиад уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Түүнээс найр наадам хэсч давхихын завсар морь уяад айраг, түрүү авна гэдэг боломжгүй зүйл. Миний хувьд жилийн 365 хоногийн ихэнхийг морьдынхоо дэргэд өнгөрүүлдэг. Тийнхүү нүд салгалгүй харж, гар салгалгүй ажил хийсний хүчинд морьд маань том наадамд түрүүлж, айрагддаг.

-Та түрүү сайн морьдтой уралдаж байж илүү сайжирдаг гэсэн. Түүн шиг сайн уяачидтай ойр байх нь уяачийн хувьд илүү туршлагажих боломж болдог уу?

-Тэр мэдээж. Орон нутагтаа сайн наадаж байгаа залуучуудад хандаж хэлэхэд боломж бололцоо тань хүрвэл төв рүү дөхөөд үгүй ядаж л томоохон уяачдын морьдтой нэг удаа ч гэсэн сунгаан хийгээд үзэх хэрэгтэй. Тэгэхэд олон зүйлийг ойлгоно. Морины уяа гэдэг их нарийн зүйл шүү дээ. Хамгийн наад зах нь хаана буухаас эхлээд бүхий л зүйлийг тооцоолох хэрэгтэй болдог.

-Ямар газар сонгож буух ёстой байдаг юм бэ?

-Хүнд тавтай байх гэдгээсээ илүүтэй морины ажил хийхэд тустай газрыг олж буух нь чухал. Өөрөөр хэлбэл жаахан өгсүүр хэрнээ салхины уруу байх газрыг сонгож буух нь тохиромжтой. Тэгэхгүй бол морины чинь уяа зөв байсан ч салхины өөдөөс харсан давхилын зам сонгочихоод өдөр болгон салхи өөдөө ажил хийгээд байвал хөлс нь шургаад гарахаа байчихна шүү дээ. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй зүйлийг нэг бүрчлэн тооцож байх хэрэгтэй.

-Та хоёрыг нутаг орноороо очиход хүмүүс асууж зөвлөж байх юм уу?

-Сүүлийн гурав дөрвөн жил нутаг руугаа явж чадсангүй. Харилцаа холбоо сайжирсан энэ цаг үед нутгийнхан маань утсаар их зөвлөгөө авна аа. Гэхдээ нэг том буруу ойлголт байна. Тэр нь юу вэ гэхээр “Ямар тариа хийдэг вэ?” гэж асуусан улс л их байх юм. Манай туслах уяач залуу нондин нутаг явсан юм. Ирэхээр нь “За хүмүүс чамаас “Морь яаж уядаг юм”гэж асууж байна уу” гэсэн. “Тэгж асуухгүй байна. Харин “Ямар тариа хийдэг юм байна” гэж л их асуулаа гэж байна лээ. Тэгэхээр эндээс юу гэж дүгнэж ойлгох вэ гэхээр орон нутгийнхан төв тойрсон уяачдыг тариагаар морио хурдлуулдаг гэж боддог юм байна. Энэ бол маш буруу ойлголт. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Морь уяна гэдэг цэвэр хөдөлмөр. Хэн илүү хөдөлмөрлөж байна тэр илүү амжилт гаргадаг. Хэрвээ үнэхээр тариа хийгээд морио түрүүлгэчихдэг юм бол малын эмч нарын морьд гүйцэгдэхгүй биз дээ.

-Нээрэн л хөдөө орон нутагт явж байхад иймэрхүү асуултыг сэмхэн шургуулдаг шүү. Хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж буй хийморилог уяачаас хувийн чанартай хэдэн асуултанд хариулт авъя. Юун түрүүнд манай уншигчдад аавынхаа талаар ярьж өгөөч.

-Эхлээд өвөөгийнхөө талаар ярих нь зүйтэй байх. Миний өвөө Балжинням тэмээгээр жин тээдэг  нутаг орондоо нэр хүндтэй, нөлөөтэй хүн байсан гэнэ лээ. Нутгийн хөгшчүүлийн ярих нь өвөө морь мал уядаггүй ч хар, бор зүсмийн азаргатай сайн адуутай хүн байсан гэдэг. Манай аавын үед хар азаргатай адуу нь их хурдалсан. Манай сумын төв Баянбүрд багийн нутагт байхад нэг жилийн наадмаар өвөөгийн адууны дөрвөн хар халтар зүсмийн морь айрагдаж байсан гэдэг юм. Тэгэхээр аргагүй сайн адуутай хүн байсан байгаа биз. Манай өвөө морь мал уядаггүй ч ажилч, хөдөлмөрчөөрөө цуутай хүн байж. Тиймдээ ч найман хүүхдээ бүгдийг нь их сургууль төгсгөж мэргэжил эзэмшүүлсэн. Миний аав Галсан тэр хүний гурав дахь хүүхэд. Өвөөгийн найман хүүхдээс ганцхан аав л морь мал сонирхон уядаг байсан.

-Аав  тань ямар мэргэжилтэй билээ?

-Миний аав эмч хүн. Насаараа хүн олныхоо эрүүл энхийн манаанд зүтгэсэн. Эмнэлэгт ажиллаж байхдаа ажлаа завчлаад морь уядаг байснаа тэтгэвэрт гармагцаа хөдөө гарч мал маллах болсон. Миний хувьд айлын бага хүү. Есөн настайгаасаа эхлээд 13 хүртлээ аавынхаа уясан морийг унасан. Бид эцэг эхээс наймуулаа. Тэднээс ганц би аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяж байна.


-Галсан эмч хэрхэн нааддаг байсан бэ?

-Сумын наадам, бригадын өдөрлөг, хичээлийн шинэ жилийн уралдаан зэрэг орон нутгийн чанартай наадмуудад оролцдог. Морьд нь сайн давхина аа. Хүрэн морь нь олон түрүүлж, айрагдсан. Нутгийнхан мэднэ дээ. Бас нэг саарал морь сайн давхиж байсан. Хээр, халтар зүсмийн морьд олонтой. Намайг моринд томдоод ирмэгц аав уяхаа больж, би залгасан юм. Ааваасаа зөвлөгөө авч 21 хүртлээ долоон жил орон нутагтаа уралдаж, бага бэсрэг наадмаас түрүү, айраг нэлээд хүртсээн.

-2015 оноос морь уясан гэсэн. Тэгэхээр нэг хэсэг завсарлажээ дээ. 

-Тэгсээн. Аав ээж хоёр минь хүүхдүүдээ бараадаад хот руу нүүж, би сургууль соёл, ажил төрөл гэж явсаар арав гаруй жил морь уяж чадаагүй. 2015 онд Баттөмөрийг хамтарч уяя гэдэг санал тавихад би эхнэр хүүхэд аваад орон байр, унаа тэрэгтэй болчихсон бизнес маань боломжийн явж байсан. Амьсгаа авдаг үе байдаг шүү дээ. Яг тэр үе дээрээ Баттөмөртэй уулзтал загатнасан газар маажна гэгч болж, тэгээд л ер нь адуу руугаа шуударсан даа. Тэр үед манай хүн адууны төлөө яваад нэлээд хэдэн жил болчихсон хэр нь амжилт  төдийлөн гаргаагүй адуу мал нь эзгүйдэх маягтай болчихсон байсан юм. Тэгээд зорилго тавиад тууштай зүтгэнэ гээд уяачийн замналаа хөөсөн. Өнөөдөр түүндээ тодорхой хэмжээгээр хүрч л байна.


-Зорилго нэгт нөхдийн цаашдын үйлс нь гэгээн дардан байх болтугай. Хүлэг эрдэнийн хиймориор түмнээ цэнгүүлэх үйлсэд нь амжилт хүсье. Хонгор нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваарай. 

-За баярлалаа. Хичээнэ ээ. 

А.Тэлмэн

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.