Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар: Нутаг усны нэр дуудаад цоллонгуут бүх ядаргаа арилчих шиг санагдсан

Сэтгүүлч
9-р сарын 11 -нд

АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаас гурван айраг хүртсэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатарын баярын сэтгэгдлийг хүргэе.

-Хонгор нутгийн хийморийг өргөсөн Алдарт уяачид халуун баяр хүргэе.

-Баярлалаа. Морь уяж буй хүн бүхэн төрийнхөө наадамд морь айрагдуулчих юм сан гэсэн чин сэтгэлтэй хүсэлтэй явдаг шүү дээ. Тэр хүслээ биелүүлж, сайхан наадсандаа баяртай байгаа.

-Давуулан биелүүлж гэвэл онох болов уу?

-Гурван насны морь айрагдлаа. Сэтгэл өндөр сайхан байна.

-Ийм түүхэн явдал болно хэмээн төсөөлж байв уу?

-Азарга, их морь хоёртоо хийсэн ажил багцаатай  байсан болохоор горьдож л байсан. Санаснаар сайхан давхилаа. Хүрэн үрээний хувьд сунгаануудад хурдан байсан ч яах бол гэж бодож байлаа. Хүрэн үрээ манай унаган адуу. Гэхдээ нөгөө хоёр шигээ итгэлтэй байгаагүй. Гэтэл төрийн наадмын эхний өдөр анхны айргийг авчирлаа.


-Та бүхний амжилт 2006 оны баруун бүсийн наадмыг санагдуулж байлаа. Бууцагааныхан  бужигнуулах юм аа.

-Манай Бууцагаанчууд хөдөлмөрч сайхан ард түмэн. Нэг юманд зориод сэтгэл зүрхээ зориулбал тууштай байж чаддаг. Түүний үр дүн юм уу даа.

-Морь айрагдах тэр торгон мөчид ер нь ямар мэдрэмж төрдөг юм бэ?

- Эхнийх дээрээ жаахан эвгүйтдэг юм байна. /инээв/ Маргааш нь азарга, их морь айрагдахад ерөнхийдөө тайвширчихсан байсан. Харин Төв цэнгэлдэхэд ороод цоллуулж байх мөчид их догдолдог юм билээ. Хоёр, гурван шөнө мориныхоо хоолыг тааруулаад нойр дутуу ядарчихсан  байсан чинь нутаг усны нэр дуудаад цоллонгуут бүх ядаргаа арилчих шиг санагдсан. Сэргээд нээх сайхан болдог юм билээ.

-Хэдий үеэс эхлээд уяачийн эрдэмд шамдаж байгаа юм бэ?

-Миний аав уяач хүн. Би багаасаа хурдан морь унасан. Тэгээд 14, 15-тайгаасаа эхлээд морь уясан даа. Тухайн үед миний морийг унадаг байсан хүүхэд энэ байна. / биерхүү залууг заав/ Бидний багад наадам болохоос сар гаруйн өмнө морьдоо бариад уралдуулдаг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд  хөдөлмөрлөж байж үр дүнд хүрдэг болсон.

-Нутаг орондоо  уяж байна уу?

-2015 онд наашаа ирсэн.


-Та хоёрын нэгэн адил төрийн наадамд морь айрагдуулах хүсэлтэй залуус олон бий. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?

-Ерөнхийдөө өвөл хаврын уналга эдэлгээ их чухал. Түүнээс өмнө найман сар гаргаад уралдсан морьдоо тавихдаа тавилын ажлыг сайн хийх хэрэгтэй. Уяачид хариу уяа гэдэг шүү дээ. Тэндээс дараа жилийн уяа эхэлдэг гэдэг үнэн. Тэр тавилаа зөв хийгээд морио гүйцэд сайхан суллан эмчлээд анх адуунаас нь барьсан шигээ болгоод тавьбал дараа жилийн уяа зөв  эхэлнэ. Ихэнх хүмүүс улсын наадмын өмнө хийсэн ажлаас хамаарч морь давхиж байна гэж боддог. Үнэн хэрэгтээ өвлийн унаа эдэлгээ,  хаврын шинэ ногооны бяр гэгчлэн олон зүйл нөлөөлнө. Хавар эрт ногоонд гараад бярлачихсан адуу зун хурдан байдаг. Ер нь товчхондоо жилийн дөрвөн улиралд уйгагүй хөдөлмөрлөж чадвал морь тань айрагдана.

-Товч бөгөөд үнэтэй зөвлөгөө байна. Ламын Гэгээнийхээ хурдад очиж наадахаар төлөвлөж байгаа юу?

-Нутагтаа очиж наадна. Түүнээс өмнө “Их хурд” гэдэг том уралдаан байна. Морьдынхоо байр байдлыг харж байгаад сэргээд аятайхан бол “Их хурд”-даа уралдчихаад нутаг явах бодолтой байна.

-Амжилт хүсье. 

"Тод магнай"  сэтгүүл №112 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.55.188.43

    nutagiin ahaar mash ih baharhach bas ataarhach baindaa yagl minii moroodoj yawaa zvildee olnii tsagaa hel am holuur ongrog amjilt tanid

    Reply
  • 66.181.185.49

    tim shu mori seteglese uysan hun ih ydardag tom jijeg naadam hamagui mori airagdval yaj bayraldag gj bodno olon jilig zoriulah tusam ulam l amttai boldog ym morio mederch uyh neg oor mori airagdah bas oor b.dag ym shu

    Reply