Монгол улсын Манлай уяач О.Батболд: Xээр азарга аман хүзүүдэхдээ дандаа эрлийзийн ард орсон байдаг

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 10 -нд

-АХ-ын 97 жилийн ойн их баяр наадамд шүдлэн үрээгээ айргийн таваар хурдлуулсанд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Уясан хүлгээ төрийн их баяр наадамдаа олон удаа айрагдуулж,  түрүүлгэсэн. Улсын наадмын айраг олон удаа авахаар догдлох нь бага болчихдог уу? Эсвэл төрийн наадмын хишиг гэж үргэлж баярлаж бахархдаг уу?

-Ах бид хоёрын уралдаж байгаа адуу аавын маань насаараа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шим. Тэгэхээр жижиг, том наадам гэлтгүй унаган адуу маань айрагдахад ялгаагүй адилхан баярладаг. Аавынхаа бий болгосон адуугаар сайхан наадаж байна.

-Төрийн наадмын ээлжит айраг авчирсан халтар шүдлэн танай унаган адуу юу?

-Тиймээ, эцэг, эх аль ч талаасаа манай унаган адуу байгаа юм. Эцэг нь манай унаган халтар азарга. Халтар азарганы дээд удмыг хөөвөл тойруулгаас авсан 506 гэж гүүг хөгшин хул азарганд тавиад эцгийнх нь эх хул гүү гарсан. Хул гүүг тойруулга Сэртгэр азарганд тавьж халтар азарга гарсан юм. Эх нь Сохор ухаагийн төлийнх нь төл зээрд гүү. Уг нь энэ халтар азаргыг “Монкор”-ын Гэрэлт ах авсан байсан юм. Тэгээд өөр хүнд өгчихсөн байхаар нь нөгөө хүнээс нь буцааж аваад хэдэн жил болж байна. Төлүүд нь гайгүй давхиж байгаа. Халтрын төл ганц хоёр даага, үрээ сургаад уяж байгаад тавьсан. Овоо давхимаар өнгөтэй юм байна лээ. Эмнэг болохоор нь орхичихсон. Дараа жилээс уягдах байх.

-Төл нь улсад давхиад ирэхээр халтар азаргыг буцаасандаа харамссан байх даа?

-Халтар азаргыг Гэрэлт ах манай Төв аймгийн Сэргэлэнгийн Гөлгөө гуайд өгчихсөн байсан. Хээр азарганы эцэг хул азарганаас хоёр жилийн төл аваад үхчихээр нь ахыг нь олж авъя гээд л буцааж авсан нь тэр. 

-Аавынхаа олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон унаган монгол адуугаараа наадаж байгаа таны хувьд эрлийз адуутай уралдаж ард нь орох шударга бус санагдахгүй юу?

-Миний хул, хээр азарга хоёулаа л монгол адуу. Миний хээр азарга улс, бүсэд нэг түрүүлж, дөрвөн удаа аман хүзүүдсэн. Тэр аман хүзүүнд давхисан наадмыг харахаар дандаа эрлийз юмны ард орсон байдаг. Ноднин л Болдбаатарын халиуны ард орж аман хүзүүдсэн нь жам ёсны юм. Тэрний өмнө жил Эрдэнэтэд аман хүзүүдэхэд нь Гүнсэнганаагийн зээрд түрүүлсэн, улсад Тэмүүлэнгийн халтар түрүүлэхэд миний хээр аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил Махбалын халтар азарга түрүүлэхэд бас аман хүзүүдсэн. Яаж ч 50 хувийн цустай адууг дийлэхэв. 

-Энэ жилийн тухайд ч нэлээд асуудал дагуулсан ялгалт болсон?

-Хүн ялгахаар чинь яаж будилаан маргаангүй байхав дээ. Энийг шударга болгоё гэвэл хүн хэмжихгүй, хүн үүлдэрлэг байдал харахгүйгээр тусгай лазер багаж хэрэгслээр өндөр, жинг нь хэмжих хэрэгтэй. Хүн адууг яаж ч харж болно шүү дээ. Уржнан гэхэд Даваахүү гуайн Хонгор азаргыг үүлдэр тогтоодог улсууд барьж авчихаад бөөн юм болсон. Хонгор азарга цэвэрхэн, гоё азарга. Тэгэнгүүт эрлийз гээд харчихаж байгаа юм. Тэгэхээр хүн харж болохгүй, техник хэмжвэл л  шударга болно. Үүлдэрлэг байдал харъя гэхээр ялгаагүй эрлийз адуу орчихсон явж байдаг. Зарим нь бол зориуд оруулж, бас хасчихдаг ч байж магад. Тэгэхээр хүн оролцохгүйгээр, нэг хэмжээ тогтоогоод тэрийгээ холбоо нь батлаад, тэр хэмжээндээ бариулж ялгах хэрэгтэй.  

-Ярилцсанд баярлалаа.

Д.Энхтуяа

Тод магнай сэтгүүл №99 2018 он

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.