Хүрэн адуугаар одтой наадагч Балжидын Цэрэн, түүний үр сад

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 10 -нд

Асгат сумын түүхэнд  нас нийлээд гурав түрүүлсэн  хоёрхон их насны морь байдгийн нь нэг нь Балжидын Цэрэнгийн Ланз хүрэн юм.1950-аад оны дундуур ид хурдалж байсан энэ цуут хүлгийн эзэн 1919 онд Асгат сумын нутаг Бөөрийн төв хэмээх газар эхээс мэндэлжээ. Хорин настай цэрэгт татагдан, долоон жил алба хаагаад 1950-иад оны үеэс хурдан морь уяж эхэлсэн байдаг. Хүрэн зүсмийн адуугаар бахтай сайхан нааддаг Б.Цэрэн сумынхаа баяр наадмаас хоёр ч удаа айраг, түрүү “бөөндсөн” бөгөөд 1954 онд нэг түрүү, хоёр айраг,1957 онд гурван түрүү, хоёр айраг хүртсэн нь баяр наадмын цуваанаа тэмдэглэгдэн үлджээ.

Б.Цэрэн уяачийн амжилтын оргил үе бол 1957 он. Тэр жил аз од нь гийсэн Б.Цэрэн хүрэн азарга, хүрэн морь, хүрэн даагаа нэг өдөр түрүүлгэн сумынхаа баяр наадмын  гурван түрүүг хүртэн, хоёр айраг нэмж ховорхон тохиох хувь тавилангийн эзэн болсон билээ.

Ийн нэг жилийн сумын наадмаа “өвөртөлсөн” Б.Цэрэнгийн уяж хурдлуулсан хүлгүүдээс гарамгай амжилт үзүүлсэн нь Ланз хүрэн морь нь. Бүрэн бус цуваагаар хүрэн морь1953, 1957, 1958 онуудад түрүүлж, 1954, 1956 онуудад айрагдаж байсан гэдэг. Б.Цэрэнгийн тухай өөр нэгэн сонирхолтой түүх яригддаг нь Сүх-Очирын хүрэн азаргатай холбоотой. 1968 онд Б.Цэрэн Сүх-Очиртой наймаа хийхээр болж, дүү Очирпүрэвээ “Хүрэн соёолон азарга аваад ир” гээд явуулж. Дүү нь очоод ахынхаа сонгосон хүрэн соёолонг голон уран хийцтэй хар морин соёолон хөтлөөд иржээ. Хар морь нь тэр жилээ сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдлаад эндсэн гэдэг. Харин голоод үлдээсэн хүрэн соёолон нь хожмоо Сүх-Очирын хүрэн гэх хурдан азарга болж, өдгөө Асгат сумын адууны суурь болох гурван том угшлын нэг гэгдэж байна.

Морь уясан арваадхан жилийн дотор авьяас билгээрээ гайхуулж, нутгийн тулхтай буурлуудаас магтаалын үг дуулах болсон Б.Цэрэн 1960-1965 оны хооронд тодорхой шалтгааны улмаас морь уялгүй өнжиж, 1966 оноос дахин уяаны эрдэмдээ шамдан айраг, түрүү олныг авсан гэдэг юм билээ.

Балжидын  Цэрэн  нэг нутгийн Очирхуягийн Адъяа гэгч бүсгүйтэй ханилан дөрвөн хүү, гурван охины ижий аав бололцсон. Бөгөөд тэдний үр хүүхдүүдээс хүү Ц.Дашдондог, Ц.Дашдаваа, Ц.Дашдорж болон зээ хүү Г.Батхолбоо, Г.Бат-Эрдэнэ, ач хүү Д.Энх-Эрдэнэ, Д.Энхжаргал нар нь дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, морь уях эрдэмд шамдан суралцахын зэрэгцээ нутагтаа морин спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй юм.

Аймгийн Алдарт уяач, хурдан морины зүтгэлтэн Цэрэнгийн Дашдондог

1954 онд Б.Цэрэн удам залгах ууган хүүгээ өлгийдөн авчээ. Модон морин жил мэндэлсэн энэ хүү бол аймгийн Алдарт уяач Ц.Дашдондог агсан байсан юм. Уяач аавын удам залгах ууган хүү морины нуруун дээр хэрсүүжиж, нутгийн нэрт уяачдын амтат хуучийг чагнан хүн болж. Эцэгтээ чөдрийн морийг нь дөхүүлж хөлд орсон тэрээр гурван жилийн цэргийн албыг хаагаад 1976 онд халагдаж ирмэгц зургаан насны морь уян сумынхаа наадамд мордуулжээ. Наадам хаяанд тулчихсан үед ирсэн болохоор эмнэг голцуухан адуунууд мордож, айраг түрүүнд багтаагүй ч ангасан сэтгэлийнхээ цангааг тайлсан нь тэр. Чухам энэ л үеэс уясан морио түрүүлгэж, айрагдуулан их асрын өмнө цоллуулж насан өндөр аавыгаа баярлуулах хүсэлд автах болов. Тэр хүслээ гүйцэлдүүлэхээр 1980 оны хавар адуучин Бямбаатай наймаа хийж, хоёр сарын цалингаараа /500 төгрөг/ шар үснээсээ салаагүй улаан даага авчээ. Таван дааганаас шилж сонгох болоход өөдөөс нь харж эвшээгээд сайныг зөгнөн байсан хонгор гүүний төл улаан даага хожмоо Цэрэнгийн улаан гэх хурдан азарга болж, том жижиг наадамд 14 удаа түрүүлж, айрагдсан байдаг. Уясан эзнээ урмаар тэтгэсэн улаан азарга бол алдарт Ц.Махбуриадын улаан азарганы төлийн төл.1982 онд хязаалан үрээ таваар давхин анх айрагдаж, 1984 онд хавчиг азарга түрүүлэн, 1985 онд сумын 60 жилийн ойгоор айргийн гуравт хурдалж, дараа жил нь аман хүзүүдэн, 1987 онд айргийн дөрөвт давхиж, 1988 онд дахин аман хүзүүдэн нийтдээ сумынхаа баяр наадамд нэг түрүүлж, тав айрагдсан юм. Улаан азарганы үр төлүүд одоо ч хурдалсаар байгаа бөгөөд Ц.Дашдондог агсны хөвгүүд Д.Энх-Эрдэнэ, Д.Энхжаргал нар унаган адуугаараа одтой сайхан наадсаар байна.

Б.Цэрэн агсны үр хүүхэд, ач зээ нар зөвхөн морь уяхад бус морин уралдааныг хөгжүүлэхэд анхаарч буй талаар дээр цухас дурдсан. Ц.Дашдондог бол Асгат сумын МСУХ–г үүсгэн байгуулагч нутагтаа морин спортыг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн морины зүтгэлтэн юм. Тэрээр 1998 онд нутгийн буурал уяачид, найз нөхдийн хамтаар сумандаа морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулан, уяачид, уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэхэд анхаарч, сумын “Алдарт уяач” цол тэмдгийг бий болгожээ. Мөн тухайн жилийн уралдаануудын амжилтыг үндэслэн онцлох уяач, шилдэг уралдаанчдыг шалгаруулж хэвшүүлсний зэрэгцээ жил бүрийн зургадугаар сарын 1-нд уяачдын холбооны баяраа тэмдэглэн тухайн онд шинээр тодорсон аймаг, сумын Алдарт уяачдын алдрыг тэмдэглэн их нас, соёолон насны морьд уралдуулах болсон юм.

Нутгийн адууг чанаржуулах нь амжилтын үндэс хэмээн үздэг байсан Ц.Дашдондог алсаа харж “Асгат” угшлын адуу бий болгох зорилгоор уяачид, гишүүдийнхээ хандиваар шигшмэл адуун сүргийг бий болгож, тухайн үедээ шинэ санаачлага өрнүүлж байв.

Адуугаа чанаржуулахын зэрэгцээ уяачдынхаа уяаны арга барилыг дээшлүүлэхэд анхаарч, томоохон наадмуудад гарч уралдах бодлого баримтлан 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд нэгдсэн зохион байгуулалттайгаар явжээ. Энэхүү уралдаанд Асгат сумаас аймгийн Алдарт уяач Г.Дуламрагчаагийн хонгор, сумын Алдарт уяач Ж.Ганбаатарын буурал морьд очиж, амжилттай уралдсан бол 2004 оны “Их хурд -3” уралдаанд Д.Чулуунбаатарын хүрэн, Б.Цэвэгжавын буган морьдтой очиж, хээр морь аман хүзүүнд хурдлан тэдний зорилго биелсэн билээ.

Түүнээс хоёр жилийн дараа Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын Хувьсгалын 95 жилийн ойд Асгат сумын 10 гаруй уяач нэгдэн гал уяа болж очсон бөгөөд Хан-Уулын өвөр, Хатан туулын хөвөө, Хүйн мандлын торгон ногоон дэвжээнээ зам цагаан сайхан наадаж, төрийн наадмыг зорих жим бий болгосон юм. Жим бий болгосон хэмээсний учир наадмын ар дээр Ц.Дашдондог хуурай дүү “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат болон хэсэг найз нөхдийн хамтаар “Мөнх бүл” нэртэй гал уяа байгуулж, өөрийн уяаны эрдэм, арга барил, туршлагаа орчин цагийн уяаны арга барилаар сэлбэж, 2007-2011 онуудад улс, бүс, орон нутгийн чанартай наадмуудад одтой сайхан наадсан билээ. Тухайлбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул “Автар” ХХК-ийн захирал С.Цэмбэлийн сарт хээр шүдлэнг Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн “Боржигон-2007” наадамд айрагдуулж, 2008 оны улсын баяр наадамд  “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбатын хээр морийг долоод хурдлуулан, том жижиг наадмаас 70 гаруй айраг, түрүү хүртжээ. Ийн хүлэг эрдэнээ дээдлэн хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Ц.Дашдондог хүнд өвчтэй байсан хэдий ч Ардын Хувьсгалын 90 жилийн ойд зорин ирж уралдан, төрийнхөө наадамд  уясан хүлгийнхээ тоосыг өргүүлээд сэтгэл амар бурхны орноо зорьсон билээ. Өдгөө түүний үйл хэргийг гурван хүү нь үргэлжлүүлэн морь уях төрийн их хэрэгт шамдан суралцаж байна.

/хүү Д.Энхмэндийн ярьсныг сийрүүлэн буулгав/

А.Тэлмэн

 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.