Хүрэн азаргат Рэнчингийн Ням-Осор

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 04 -нд

 

Хүрэн азаргат Рэнчингийн Ням-Осор  

Сүхбаатар аймгийн Асгат сумын нэрт уяачдын нэг Рэнчингийн Ням-Осор  1931 онд одоогийн Халзан сумын нутагт малчин ард Гандан хэмээх Шарын хоёр дахь хүү болон мэндэлж, Асгат сумын Араг Санзайнд өргөгджээ. Түүнийг багад өргөж авсан ижий, аав нь өнгөрч Рэнчин гэгч өсгөж хүмүүжүүлсэн гэдэг.

Нэгдэл нийгмийн мал маллахын зэрэгцээ 1950-иад оноос хурдан морь уяж эхэлсэн Р.Ням-Осор 1970-аад оны дунд үеэс хойш арваад жил айраг түрүү алдалгүй сайхан  наадсаныг баяр наадмын цуваанаас харж болно.

Хамгийн анх 1974 онд Сүхбаатар сумын харьяат Ган шүд хэмээх Банзрагчаас авсан хонгор азаргаа  түрүүлгэн суран жолоо өргүүлсэн тэрээр 1975, 1976 онуудад улаан морио түмэн эхээр цоллуулж, гурван жил дарааллан дээд нас түрүүлгэсэн уяач болов. Улаан  морь хоёр дахиа түрүүлсэн тэр жил Р.Ням-Осорын нэртэй хүрэн даага мөн түрүүлэн түмэн эхээ дуудуулсан нь хожмын алдарт хүрэн азарга нь байлаа. Сумынхаа баяр наадамд хоёр түрүүлж, тав айрагдсан энэ хурдан хүрэн азарга бол олноо Чанга хэмээн алдаршсан Рэнцэнгийн хүрэн азарганы бие төл юм. Бүр тодруулбал Рэнцэнгийн хүрэн азарганы төл ах дүү гурван хүрэн азарга Асгат сумын баяр наадамд олонтаа түрүүлж, айрагдан хурд шандсаа гайхуулсан байдгийн дундах нь.

Нутгийнхандаа Жингээ хэмээн алдаршсан Жигмэддоржийн буурал духтай хүрэн гүү Рэнцэнгийн хүрэн азарганд хураагдах хүрэн гүү, хүрэн азарганы дундаас гарсан ууган хүрэн унага хожмоо Жингээ хүрэн хэмээх хурдан азарга болов. Харин хоёр дахь төл эр хүрэн унагыг Жингээ өөрийн хүргэн болох  Ням-Осорын том хүү Гомбосүрэнд бэлэглэжээ. Ням-Осор хүүгийнхээ нэртэй хүрэн даагыг сурган уяж, даага, шүдлэнд нь түрүүлгээд, хязаалан аман хүзүүнд хурдлуулсан байдаг. 1980 онд хавчиг азарга сумынхаа баяр наадамд аман хүзүүдээд, 1981 онд долоотой азарга дөрвөлж, 1982 онд наймтайдаа дахин аман хүзүүдэж. Ийн Р.Ням-Осорын нэр дээр хоёр түрүүлж, гурав айрагдаад Мичиджамбаад зарагдан 1983 онд есөн настай азарга айргийн гуравт хурдалж байжээ.

Энэ хүрэн азарганы үр төлүүдээс 2008 оны Алтан-Овооны төрийн тахилга наадамд /П.Мөнхжаргалын нэр дээр/ долоод хурдалж байсан МУ-ын Манлай уяач Л.Батмөнхийн хулгар хээр мориноос эхлээд сум орон нутагтаа хурдалж буй хүлгүүд цөөнгүй бий.

Дашрамд сонирхуулахад Рэнцэнгийн хүрэн азарганы өөр нэг үр /Жингээгийн хүрэн гүүний төл/Даарийн хүрэн гэх азарга төрсөн бөгөөд 1985 онд сумынхаа 60 жилийн ойд түрүүлсэн юм.

1981 онд хүрэн азарга дөрвөөр давхин айрагддаг жил Р.Ням-Осор уяачийн нэртэй хээр даага түрүүлсэн байдаг. Энэ хээр /энэ хээр үрээ Аварзэд гэгчид очин хаврын уралдаануудад олонтаа түрүүлж, айрагдсан хурдан азарга болсон гэдэг/ болон 1985 онд түрүүлсэн хүрэн даага бол хурдан хүрэн азарганых нь  үр төлүүд юм.

Ийн морь уясан он жилүүддээ хүлгийн хийморь, уяачийн ур чадвараараа илүүрхэж 13 түрүү, 20-иод айраг хүртсэн байдаг.
А.Тэлмэн

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна