������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

“Нялгын хурд” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Г.БЯМБАДОРЖ: Манай бүлээс 10 ГАРУЙ ХҮН МОРИНЫ УЯА ЭВЛҮҮЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2018.05.16 11:00
  • http://www.todmagnai.mn/newsimage/71762018516233448.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/71762018516233456.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/7176201851623358.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/71762018516233522.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/71762018516233541.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/71762018516233552.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/7176201851623364.jpg

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, "Нялгын хурд" МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Гүрийн Бямбадоржтой тус аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаарыг бэлтгэх үеэр уулзаж ярилцсанаа хүргэж байна. Тав дахь жилдээ тэргүүнээр ажиллаж буй тэрээр 1968 оны өвөл Баянжаргалан сумын нутаг Баясгалант хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлжээ.

-Таны тэргүүлдэг “Нялгын хурд” уяачдын холбоо 2013 онд Монгол Улсын Шилдэг салбар холбоогоор шалгарч байсан. Аливаа шагнал урам зориг, эрч хүч, басхүү асар өндөр хариуцлага дагуулдаг. Энэ ч утгаараа та бүхэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэлээд ажил хийсэн байлгүй. Хоёулаа энэ талаарх яриагаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй юм болов уу?
-2013 оны хоёрдугаар сард манай уяачдын холбоо хуралдаж, намайг тэргүүнээр сонгосон. Тэр жил сумын 90 жилийн ой тохиосон түүхэн хариуцлагатай он байлаа. Бид уяачдын зөвлөгөөн хийж, сургуулийн сурагчдын дунд “Аман билэг” цоллооч хүүхдийн уралдаан зарлаж, мөн наадмын асар, гарааны төхөөрөмжөө шинэчлэн нэлээд ажлыг амжууллаа. Мөн уяачдынхаа сэтгэлийн хандиваар холбоо маань шинэ байртай болсон. Энэ байр бол Монголд анхных нь. Бид байрныхаа хойморт Дамдинянсан бурхнаа залж, эрдэмт уяачид, хурдан хүлгүүдийнхээ түүхийг мөнхөлсөн. Түүхт ойн жил зүүн болон төвийн найман аймгийн хурдан хүлгүүд ирж уралдсанаас манай уяачид дөрвөн түрүү, хоёр аман хүзүү, 10 айраг хүртэж, одтой сайхан наадсан. Холбооны байрны нээлтийн үеэр гишүүд маань адуу хандивлаж, азарга адуутай болсон.
1933-2012 оныг хүртэлх түүхэн цаг хугацаанд Нялга Баянжаргалан сумын уяачид, цуут хурдан хүлэг морьдоороо монгол наадмын тэнгэр дор алдар нэрээ өнө мөнхөд дуургасан түүхийг товчоолон өгүүлсэн “Нялгын хурд” гурван бүлэг баримтат киног “Яндагфильм” продакшнтай хамтран бүтээсэн.
Мөн дэлхийн дээд амжилт тогтоох 11125 морьтны жагсаал, 4249 морины уралдаанд Баянжаргалангаас 60 гаруй уяач оролцлоо.
2013 оноос шилдэг уяач, залуу уяач, уралдаанч хүүхэд, азарга, их насыг шалгаруулдаг болсон.
2014 онд МҮОНТ-ийн сэтгүүлч Л.Цагаандалайн хамт “Адуучин” тэмцээн, “Морьтой монгол” аяны хүрээнд морьтны жагсаал хийж, 240 гаруй морьтон жагслаа.
-Холбооны торгон сүрэг өтгөрч байна уу?
-20 гаруй адуу амласнаас 16 нь цугларсан. ММСУХ-ны тэргүүн М.Энхболд даргын 2013 онд бэлэглэсэн үрээгээр азарга тавиад, хураалгаж байгаа. 2014 онд бас нэг даага өгсөн нь одоо морь болчихсон байна. Тухайн үед даага голдуухан ирсэн учраас ноднин л түрүүч нь унагалсан. Бид адуундаа сумынхаа нэрийн товчлолоор БЖ үсгэн тамга хийлгэн, тамгалсан. Холбооны адуун сүргийг аймгийн Алдарт уяач Баатарцогт маань өөрийн хүсэлтээр маллаж байгааг мөн хэлэх нь зүйтэй байх.
Бид “Сүлд” телевизтэй хамтарч Боржигон найрыг дэг ёс жаягийг харуулсан “Монголын гэгээ” нэвтрүүлгийг хийсэн. Энэхүү нэвтрүүлгийн үеэр нутгийн ахмадуудаараа адуу тамгалах ёсны талаар яриулж, монгол түмэндээ өргөн дэлгэр мэдээлэл өгсөн. Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр “Манай сумын дандаа хурдтай айлуудын унаган адуунууд ирсэн учраас хожмын нэгэн өдөр улс, бүсийн наадамд БЖ үсгэн тамагтай адуу зарлагдвал манай уяачдын холбооны адуу гэж ойлгоорой” гэж бодоод омогшиж байлаа.
-Энэ онд ямар, ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-2018 онд “Нялгын хурд” уяачдын холбооны 20 жилийн ой тохиож байна. Тэгэхээр бид уяачдынхаа хурлыг зарлаж, ялангуяа уралдаанч хүүхдүүд болон залуу уяачдад зөвлөгөөн, сургалтууд явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн хүүхдүүдийнхээ дунд зохион бичлэгийн уралдаан зарлана.
Өвөрхангай аймгийн уяачдын холбооныхонтой уулзалт хийж, “Морины их шүтээн”-д уяачдаа аваачих бодолтой байна. Тэнд байрлаж буй 10 морины гурав нь манай сумынх байдаг. Тийм учраас бид очиж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мэдээж 20 жилийн ойдоо зориулж боломжийн хэмжээний наадам хийчих санаа байна. Мөн Уяачдын холбооныхоо тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ.
-Баянжаргалангийнхан ч адуу, уяачдаараа үнэхээр ялгардаг шүү. Нэг сумаас байтугай нэг аймгаас ийм олон мундаг уяач төрж гарсан түүх тун ховор доо?
-Булганыхан анхдагч гэгчээр манай уяачдын холбоонд бахархалтай зүйл олон байдаг юм. 1995 онд Галын Баттөмөр ах хөдөө отрын бор гэртээ гал голомтондоо Даваахүү гуай, Баярмагнай гуай нартай очиж, уяачдын холбоог байгуулъя гэж анх санаачилж, эх  суурийг нь тавьсан түүхтэй. Энэ ч утгаараа ММСУХ-ны 20 жилийн ойгоор манай суманд морины эмблемтэй хөшөө босгосон. Хоёрдугаарт, 2011 онд манайхаас гадаадад морь анх түрүүлгэсэн. 1959 онд улсын наадмын түрүүг авч байсан. ХХ зууны Манлай азарга, их насны морьд төрсөн. Мөн дөрвөн үеэрээ төрийн наадамд морьд түрүүлгэж, айрагдуулсан уяачид төрсөн. Бахархахгүй байхын аргагүй л дээ.
 ХХ зууны найман манлай хүлгийн гурав нь танайхаас төрсөн. Хэдэн үе дамжин морины соёлоо уламжлуулан авч яваа нэлээд хэдэн ч гэр бүл байна. Тэдний нэг нь танайх, тодруулбал Гүрийнхэн. Танай удмын морины уяа эвлүүлж эхэлсэн түүх ер нь хэзээнээс эхэлдэг юм бэ. Их л дээр үеэс байх даа?
Манай аав 1923 онд Говьсүмбэрийн зүүнтээ Сансар уул хэмээх газар төрсөн. Тэр нутаг тухайн үеийн засаг захиргааны хуваарилалтаар Нялгын наймдугаар багт багтдаг байсан юм билээ. Тэгээд 1942-1947 онуудад Замын-Үүдэд цэргийн алба хааж, бичиг үсэгт суралцаад цэргийн бага дарга болон дэвшсэн байдаг. Харин дайны дараа орос цэргийн сургагч дарга, монгол цэргийн даргын хамт Өвөрмонголоор “цэвэрлэгээн”-д явсан гэдэг юм.
-Цэвэрлэгээ...
-Цэвэрлэгээ гэдэг нь урвасан нөхдийг илрүүлэхийг хэлж байгаа юм. Аавыг цэрэгт явсан хойгуур нь нөгөө айхтар 1944 оны бичин жилийн зуд таарч, адуу нь уруудаад, ирэхэд нь цөөхөн адуу үлдсэн байсан гэдэг. Тэр үед Боржигон хошууны Доноодой гэдэг адуучин адууныхаа араас явж хилийн орчимд очсон байгаа юм. Хойтон зун ногооноор манай аавын хамаатан бөөр Чүлтэмийн хоёр гүүг бужгар ногоон шүдлэн үрээ хураачихсан явж байсныг Доноодой гуай олж ирсэн юм билээ. Тэгж бужгар адуу энд үүссэн түүхтэй. Ингээд аавыг цэргээс халагдаж ирэхэд нь Чүлтэм ах нь адуунаасаа өмч тасалж өгсөн гэдэг.
-Бужгар гэдэг нь ямар адуу байсан юм бол?
-Их догшин, тахийн тал буюу зэрлэг адууны удамтай. Уургалахаар толгой нь дийлддэггүй, унахаар айхтар булгидаг. Аавын бужгар нь ч, монгол нь ч сайн өссөн.  Тэгээд нэгдэл нийгмийн үед бужгар адуугаа азаргаар нь нэгдэлд өгсөн юм гэнэ лээ. Тэр үед адуучин Цэрэннадмид гэдэг хүн тэр адууг маллаж байсан. Нэгдлийн хөөврийн норм тушаахад тун амар байсан гэж ярьдаг юм. Учир нь, олон адуу хяргах шаардлагагүй, бужгар адууны дааганаас нь нэг кг, бүдүүн мориноос 4-5 кг хөөвөр гарна.
-Аав тань нэгдэл нийгмийн үед ямар ажил хийж байсан юм бэ?
-Сургуулийн коминдант, агент хийж байгаад 1960-аад оноос 1975 оныг хүртэл нэгдлийн адуу, түүнээс хойш хонь хариулан сумын олон удаагийн аварга малчнаар шалгарч байсан. Манайх Хэрлэнбаян-Улааны “Отор” тэжээлийн аж ахуйн 20 жилийн ойд даагандаа түрүүлж, сумандаа хэд хэдэн удаа түрүүлсэн хурдан хар азаргатай байлаа. Тэр хараас гадна хээр, хүрэн алаг зүсмийн хурдан морьдтой. Аав минь нэгдлийн мал маллахын зэрэгцээ морио тасралтгүй уядаг байсан. Ямар нэгэн уй гашуу л тохиолдоогүй бол уяа өнжсөн удаагүй. Гэтэл өнөөгийн уяачид бол элдэв шалтаг хэлээд л өнжөөд байх юм.
-Олон хүүхэдтэй болохоор морь унах хүүхдэд санаа зовдоггүй байсан байх?
-Бид эхээс 11-үүлээ. Гурав нь эмэгтэй. Биднийг таван нас хүрэхээр нь морь унуулаад сургачихна. Жаахан томрохоор нь эмнэг даага унуулдаг байлаа.
-Та бас таван настайгаасаа хурдны морь унасан уу?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүд харчихаад “Яасан жаахан хүүхэд вэ” гэдэг байсан. Зарим жил манайх ганц, хоёр морь уясан бол бид өөрсдөө хөтлөөд сунгааны газарт очоод Далхжав гуайгаар морио эмээллүүлж мордоод сунгачихна. Адуу чанаржуу байсан болохоор сумын баяр наадамд унасан морьд маань айрагдаад л байдаг байсан.
-Та хэдэн жил хурдан морь унасан бэ?
-Жижигхэн биетэй хүүхэд байсан болохоор зургадугаар анги хүртлээ хурдан морь унасан. Тэгээд л морины бүх ажлаа хийдэг болсон доо.
Сумын наадамд дандаа тэмээн тэрэгтэй явна. Арваад хүн нэг нэг морь унадаг тул наадам дөхөхөөр бидэнд хазаар, эмээлээс авахуулаад нэлээд асуудал гарнаа. Миний санаанаас гардаггүй нэг сайхан дурсамж байдаг юм. Төв аймгийн 60 жилийн ойн баяраар сумдын наадмыг хойшлуулж, бид аймагт очиж наадлаа. Тэгэхэд жижиг Ухна гуайнхтай хамт тэмээн тэрэгтэй, морьдоо хөтлөөд явж билээ. Тэр жилийн наадмаар бусад нас нь Төв аймагтаа уралдаад, их нас нь аймгаас мордоод Буянт-Ухаад баригдсан юм. Бид их насны морьдоо тосохоор Гурвын даваагаар давж Буянт-Ухаа орж билээ. Яагаад ч юм энэ наадам санаанаас гардаггүй.
-Нэг хэсэг сургууль, соёлын мөр хөөгөөд мориноос холдсон уу?
-Би ЗХУ-ын Свердловск хотын Уралын их сургуульд оюутан байлаа. Гэхдээ зуныхаа амралтаар ирээд морьдоо уядаг байсан. 1990 онд “Монголын нууц товчоо” бичигдсэний 750 жилийн ой Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум буюу Хэрлэнгийн Хөдөө аралд болоход бид бас 100-гаад км газар тэмээн тэрэгтэй явсан. Энэ хоёр наадам л сэтгэлээс ер гардаггүй юм даа.
-Орчин цагт хаашаа ч явсан машинтай л давхиад байна шүү дээ?
-Тийм ээ, улсын наадамд хоёр удаа, “Дүнжингаравын хурд”, Өвөрхангайн Хархорин, “Их хурд-2”, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ой зэрэг том жижиг олон наадамд морьдоо машинд, мөн дөрөвдүгээр точикоос Хүйн долоон худаг хүртэл вагоноор ачиж наадаж байлаа. 2005 оны улсын баяр наадамд ааваас үлдсэн унаган адуунууд маань хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.
-Яаж давхисан бэ?
-Манай дүүгийн даага тав, миний шүдлэн 18-аар давхиж, долдугаар сарын 20 хэднээр Өвөрхангайн Хархоринд болсон Өндөр Гэгээний наадамд дүүгийн маань даага гурав, манай хязаалан 22-оор хурдалсан.
 Даваанэрэн угшлын саарал азарга хурд тарьсан гэх юм билээ. Тэр талаараа хуучлаач?
1982 онд Даваанэрэнгийн Санжаа гуайгаас саарал даага авсан нь хязаалангаасаа эхлэн хурдалж сумын баяр наадамд хоёр, гурав айрагдаж, түрүүлсэн. Азарга болоод төлүүд нь ч бас хоёр, гурваараа дарааллаад л ирдэг байлаа. Анхны төл нь болох хул үрээ гэдсэнд байхдаа манай эгчийн өмчинд очсон юм. Манай хүргэн ах Ж.Доржпүрэв түүнийг нь уяад хязаалан үрээ  “Монголын нууц товчоо” бичигдсэний 750 жилийн ойн наадамд наймаар давхиулсан. Уг нь дөрвөөр ирж байгаад барианы адагт дөрвөн адуунд бариулан наймд орсон юм. Тэр хул азарга ойр  хавийнхаа суманд олон ч түрүүлсэн. Соёолон азарга болоход нь мөнгө чанга байх үед Баттөмөр ах 25 мянган төгрөг, хазаарын мориор худалдаж авсан. Түүнтэй эх нэгтэй саарал азарга 1999 онд Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын уралдаанд Эрдэнэ суманд аман хүзүүдээд, “Их хурд-2”-т урилгаар явж байлаа. Манай дүү Бат-Очирт саарлын төл хээр азарга очсон. Тэр азарга1998 онд Баянцагаанд болсон бүсийн уралдаанд дөрвөөр давхиж, бас “Их хурд-2”-т урилгаар явсан. Тэр хээр азарганы төл хул даага 2005 онд улсын баяр наадамд айргийн тав, Өндөр гэгээний 370 жилийн ойд айргийн гурваар давхисан. Одоо 15-тай азарга бий. Төлүүд нь ч сайн давхиж байна.
-Адуу, хүн хоёр цусаа дагадаг гэдэг. Арга ч үгүй биз ээ?
-Манай сумын адуучин Цэвэгсүрэн Даваанэрэнгийн халзангийн угшлын халзан адуутай. Хурдан хүрэн халзан морьтой. Тэр хүн 2007, 2008 оны үед таарчихаад “Би чамд нэг нууц хэлье” гэдэг юм байна. “Юу вэ” гэсэн чинь “Та нар Даваанэрэнгийн халзангийн удам гээд л бахархаад байдаг. Бахархах нь зөв. Даваанэрэнгийн халзангийн угшлын адуу манай суманд олон айлд тарсан, тэр болгон давхиагүй. Танайд төл болгон нь давхиад байна гэдэг чинь танай аавын адууны суурь гүү сайн учраас л тэгж байгаа юм” гэж билээ.
-Саарал гэхээсээ илүү бор гэмээр юм биш үү?
-Сүүлдээ бор болсон юм. Бид анхнаасаа л саарал азарга гээд сурчихсан. Хүмүүс ч бор, улаан гээд янз бүрээр л хэлдэг юм. Лхагва-Очир, Доржпүрэв, Баттогтох, Бат-Очир, Бат-Эрдэнэ нарын ах дүүгийн саарал зүсмийн олон адуу хурдалсан учир Гүрийн саарлууд гэж нэрлэгдэх болсон байх аа.
-Танайхны ах дүүсээс олон хүн морь уядаг уу?
-Даваадорж ах морь уяна. 1990 хэдэн онд ачдаггүй байхад морио хөтлөөд ийш тийшээ наадам хэсээд айрагдуулаад явдаг байлаа. Мөн Баттулга дүү маань Америкт морь уяж байгаа. Ингээд Гүр гэдэг хүний найман хүүгийн зургаа нь морины уяа эвлүүлж байна.
-Ер нь Гүр гэдэг хүнээс салбарласан хичнээн хүн морь уяж байна вэ?
-Өөрийнх нь зургаан хүүгээс гадна ах, эгч, дүү нарын таван хүн морь уяж байна.
Сүүлийн үед манайхан адуугаа сайжруулаад Онон гуайн адуунаас азарга, гүү авч ирсэн. Би л гэхэд Сүхбаатарын Асгатаас 2006 онд “Макс” Ганбаагийн дутуу эргэлтэнд түрүүлгэдэг хээр морины эзэн Гомбожав гэдэг өвгөнөөс нэг даага авчраад азарга тавьсан. Манай найзын аав л даа. Тэдний хүргэн Бор Ухнаа бас хурдтай. Завханы “Сонор трейд”-ийн Энхболдын хонгор азарганы эзэн шүү дээ. Түүний зарсан 2-3 морь бүсийн наадмуудаар айрагдаад л байгаа. Тэр хүний адууны угшлаас азарга авч ирж тавьсан.
-Тэгвэл танайхны сумын баяр наадмаас авсан айраг, түрүү ч бүр тоогоо алдсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Манай бүлийнхэн сумын наадмаас жилд доод тал нь 3-4 айраг, түрүү авч байна. Галынхан л гэхэд энэ жил 30 айраг, түрүүний 11-ийг нь хүртлээ. Манай галд Галсан гуайн хүүхдүүд, том Ухна гуайнхан, манайхан гээд гуравхан бүл багтдаг юм шүү дээ.
-Нэг дүү Америкт морь уяж байгаа гэлүү. Өөрийн адуугаа уядаг юм уу, эсвэл тэндхийн морь сонирхогчдын морьдыг уядаг юм уу?
-Манай дүү “Бөх” сонинд ажиллаж байгаад 2000 онд Америк явсан юм. Тэнд очоод морин тойруулгад уяач болсон. 2008, 2009 оны үед эзэн нь арваад үрээ зарах болжээ. Дүү харж байгаад хээр гүүнээс гарсан зээрд халзан шүдлэн үрээг нь аваад үлдчихсэн юм билээ. Тэгээд “Би таны нэрийг Америкт гаргая. Хамтарч уяя” гэхэд нь “Би яах юм бэ, харин Буяндэлгэр ахын нэр дээр уралдуулж, ачийг нь хариул” гэж хэлсэн. Учир нь, Буяндэлгэр ах дүүг маань Америк руу явуулж өгсөн юм. Ингээд Буяндэлгэр ахын нэр дээр уралдуулж 2011 онд Вест Вержина мужийн Чарлес таун морин тойруулгад Монголын Сансар уул нэртэй морь түрүүлж байлаа.
-Хэддүгээр зэргийн уралдаан бэ?
-Тэрийг нь би мэдэхгүй. Буяндэлгэр ах тэгж Гадаадад анх морь түрүүлгэсэн монгол уяач гэж зарлагдаж билээ. Дараа нь Ховдын нутгийн зөвлөлийн дарга Баатарын бор морийг, ноднин “Алтай констракшн”-ы морийг түрүүлгэсэн. Мөн Цэнгэл сайдын хоёр морийг түрүүлгэсэн.
 Америкт арваад жил болчихож. Одоо ч тэндээ нэлээд төвхнөчихөө байлгүй?
Манай дүү аймгийн начин цолтой. Сэргэлэнгийн Дамбадаржаа гэж улсын баяр наадамд морь айрагдуулаад, “Дүнжингаравын хурд”-д азарга түрүүлгэсэн уяач байдаг даа. Тэдний охинтой Америкт танилцаж, гэр бүл болсон юм. Том хүү нь 10, охин нь гурван настай. Амьдрал нь тогтворжчихсон, сайхан амьдарч байна.
-Хүссэн хүсээгүй уяачид шинэ цагийн адуутай болцгоож, гаднаас ч цэвэр цусны адуу оруулж ирж байна. Та дүүгээрээ дамжуулж Америкаас адуу мал авдаг уу?
-Адуу авчирч болно. Гэхдээ бидэнд тэр үнэтэй хурдан адууг маллах цаг завтай хүн байхгүй байна.
-Танай суманд шинэ цагийн адуу хэр олон бэ?
-Баттөмөр ах, Саранхүү, Туваан, Мөнхтүвшин, Баярсайхан, манайханд гээд нэлээн айлд бий.
-Танай нутагт эрлийз адуу уралдуулдаг уу?
-Уралдуулахгүй. Үүнээс болж манай уяачдын холбооныхон муу нэр зүүж байна. Одоо бас бид ялгаж чадахгүй боллоо. Уг нь шинэ цагийн адуу жижигхэн биетэй ч давхихаараа чих нь соотойгоод, хүзүү нь гэдийгээд андашгүй. Зарим монгол адуу нь хэмжээнээсээ өндөр болчихдог, энэ бүхнийг нарийн сайн тогтоож өгмөөр байна.
-Ингэхэд та хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ. Аймаг, сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Би 2013 онд сумын Алдарт уяач болсон. Аймгийн нэг айрагтай. Жижиг наадмаас хоёр түрүү, арван хэдэн айрагтай. 
-Хамгийн өндөр амжилт үзүүлсэн буюу таныг цолонд хүргэсэн нь ямар адуу вэ?
-2014 онд хар зүсмийн даага суманд түрүүлж, Төв аймагт айргийн гуравт хурдалсан. Тэр жил нэг түрүү, гурван айраг авсан юм.
-Хүү тань шилдэг уралдаанчаар шалгарсан гэж сонссон.  Морь унаж байсан хүүхэд моринд их дуртай болчихдог. Уяна, надад адуу зүсэлж өг гэж байгаа байлгүй дээ?
-Манай уяачдын холбоо нутгийнхаа уралдаанч хүүхдүүдээс хамгийн том наадамд амжилт үзүүлснийг Шилдэг уралдаанчаар шалгаруулдаг журамтай. 2014 онд миний хүү Бэлгүтэй энэ болзлыг хангаж, шилдэг уралдаанч хүүхдээр шалгарсан. Унаган адуугаа өөрийн хүүхдээр унуулж айраг, түрүү авна гэдэг үнэхээр бахархалтай байсан шүү.
Хүүд маань дүү Бат-Очир саарал даага бэлэглэж, тэр нь их хурдалсан. Одоо Бэлгүтэй саарал гэж азарга адуу бий.
Манайх жил бүр зургаан сарын эхээр хөдөө гарч морьдоо уяж, найман сарын эхээр гүүгээ уядаг уламжлалтай. Тэр жил олон азарга уяж байгаа уяачдын дунд хусран даагатай гүү маллана гэдэг тийм ч амаргүй байсан. Ямар сайндаа л би азаргаа нэг зүгт аваачиж аргамжина. Хусран даагатай гүүгээ бусад айлын адуунаас хол гаргаж тавихад манай эхнэр Гүндэгмаа машинаар очиж авдаг байсныг манай галынхан хошигнож “Гэр бүлийн уяач” гэж байх вэ.
-Бүх юм өөрийн гэсэн цаг хугацаатай гэдэг дээ. Уях цагтаа уяж, айрагдаж, түрүүлэх цагтаа айрагдаж, түрүүлэх биз ээ. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам