������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

Аймгийн Алдарт уяач Н.ЗОЛЗАЯА: Адуугаа чанаржуулахад түлхүү анхаарч байна

Нийтэлсэн: 2018.05.14 10:00
  • http://www.todmagnai.mn/newsimage/7168201851410440.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/71682018514104410.JPG

  • http://www.todmagnai.mn/newsimage/71682018514104434.JPG

  • http://www.todmagnai.mn/newsimage/71682018514104444.JPG

  • http://www.todmagnai.mn/newsimage/71682018514104452.JPG

Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намсрайн Золзаяагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1978 оны намар Эрдэнэ сумын төвд төрсөн тэрээр 2015 оны Шилдэг уяач, сумын Алтан унаганы эзэн юм.

-Манлайнхаа /Гэсэрваань/ төрсөн нутагт /Говь-Алтай аймаг/ очиж төрийн зарлигт наадмын анхны айргаа хүртсэн баруун бүсийн уралдааны талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Зохион байгуулалт сайтай, сайхан уралдаан болсон. Баруун бүсийн уралдаанд бүх насны морьтой очоод эрлийз дээд ангилалд азаргаа, эрлийз доод ангилалд халтар даагаа тус тус айрагдууллаа. Есөн насны морьдын уралдаанаас эрлийз ангиллын морьдын уралдаан хамгийн өрсөлдөөнтэй болсон. Тэр дундаа эрлийз дунд ангиллын морьдын уралдаан онцгой байлаа. Миний хувьд хязаалангийнхаа хоолыг жаахан ихдүүлчихээд хараахан айрагдуулж чадалгүй, наймаар давхиулсан. Ийнхүү Монгол Улсын ууган Манлай уяачдын нэг Гэсэрваань гуайн төрсөн нутагт очиж наадаад хоёр айраг хүртсэнээ ихэд бэлгэшээж байгаа. 
-Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд хул азаргаа мордуулж байгаа харагдсан.
-Улс, бүсийн чанартай уралдаануудад дөрвөн удаа айрагдсан хул азаргаа “Их хурд”-д мордуулж, 10-аар давхиулсан. Улсын наадамд болохоор бор азаргаа мордуулж, 18-д оруулсан. Дараа нь Монгол уяачийн өдөрт их насны морь түрүүлгэж, соёолон айрагдуулсан. Ер нь 2016 онд сайхан наадсан шүү.
-Сум, орон нутгийнхаа наадамд морь мордуулдаг биз дээ?
-Мордуулна аа. Төв аймгийнхаа бүсийн уралдаанаас гурван айраг авсан. 
-Уяачдын дийлэнх нь л удам дамжсан байдаг. Харин таны хувьд арай өөр түүх ярих бололтой?
-Аав, ээж маань багш хүмүүс учраас морь уяж байгаагүй. Харин би цэргээс халагдаж ирмэгцээ морь уяж, 2010 оны “Дүнжингаравын хурд”-д бор соёолонгоо есөөр давхиулж байлаа. Бор соёолон маань дааган цагаасаа хойш айраг, түрүү алдаагүй хурдан буян байгаа юм. 
-Хаанахын адуу билээ?
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын адуу. Батболд гэдэг цагдаа залуу дааганд нь надад авчирч өгсөн юм. Одоогоор 40 гаруй медальтай болоод байна.
-2010 оноос хойш улс, бүсийн чанартай уралдаануудад гаргасан амжилтуудаасаа сонирхуулаач?
-Би Туваан сайдын морийг уядаг. Хул азарга маань 2014 оны улсын баяр наадамд шүдлэндээ айрагдаад, Дундговьд болсон төвийн бүсийн уралдаанд дөрөвлөсөн. 2015 онд Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд аман хүзүүдээд, ММСУХ-ны 20 жилийн ойд зориулсан уралдаанд бас айрагдсан. Мөн урдаас битүү халтар морь авч, соёолонд нь Дундговийн бүсийн уралдаанд айргийн тавд давхиулаад, хойтон жил нь хавчиг морь “Хутагтын хурд”-д дөрөвлүүлсэн. Одоогийн байдлаар улс, бүсийн чанартай уралдаануудаас нийт найман айраг хүртээд байна. 
-Бага насны голдуу адуу л танд амжилт авчирдаг юм аа даа?
-Тийм шүү. Хамгийн сүүлд баруун бүсийн уралдаанд л азарга айрагдууллаа.
-Та Туваан сайдын морьдыг хэдий үеэс уяж эхэлсэн юм бэ?
-Бор азарга маань “Дүнжингаравын хурд”-д есөөр давхихад Туваан ах Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн Батжаргал гэдэг найзтайгаа хамт ирж, оролцсон юм. Уралдааны дараа надтай уулзаж, морьдоо уяулах санал тавьсан. Тэр цагаас хойш хамтран ажиллаж байна. 
-Батжаргал ахын морьд бас энд байдаг юм уу?
-Тийм ээ, морьд нь хоёр, гурван жил над дээр байсан. Засгийн газрын тогтоолт уралдаануудад оролцож байгаагүй ч энэ хавийн уралдаануудад  сайн давхидаг  байсан шүү. 2015 оны зүүн бүсийн уралдаанд түрүүлдэг халтар азаргыг дааганд нь уяж, Багануурын наадамд гуравлуулсан. 
-Эрдэнэ сум шинэ цагийн адуу олонтой юм байна шүү?
-Бий, бий. Ний нуугүй хэлэхэд шинэ монгол адуугүй хүн уралдах боломжгүй болж байна. Тэгж бодоод саяхнаас үржил сeлeкцийн ажил түлхүүхэн хийж эхэлсэн. Хоёр гурван англи, нэг араб азаргатай. Тэдэндээ Сүхбаатар, Дорнодоос авсан болон өөрийн нутгийн шилмэл сайн гүүнүүдээ хураалгачихсан. 
-2015 оны сумын Шилдэг уяачаар тодорч, «Алтан унага»-ны эзэн болж байж. Хонь жил танд ивээл хишгээ харамгүй хайрлажээ.
-Тийм шүү. Улс, бүсийн уралдаанаас гурван айраг хүртэж, сумын Алдарт уяач цолны эзэн болоод зогсохгүй сумын “Алтан унага”-ны эзэн болсон. Манайх өвөлдөө Баянжаргалан, Малахын талаар нутаглаад, зундаа их зохиолч Нацагдоржийн төрсөн Гүнгалуутайд зусдаг. Хужир шүүтэй жинхэнэ адууны нутаг. Ийнхүү адуу малаа дэлгэр сайхан нутагт байлгахаар мал чөмөг сууна. Чоно нохой байхгүй болохоор төл ч алдахгүй. Тэр жил манайх 30-аад унага авсан юм. 
-Наадмын дундуур ярилцаж байгаа тул хэн, хэн маань сайн төвлөрөхгүй байгаа бололтой. Ярилцсанд баярлалаа. Төрийн хишигт уяач болох торгон мөчид илүү дэлгэрэнгүйгээр ярилцъя.
-За тэгье дээ.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам