������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

ЗАЛУУ УЯАЧ С.ДОРЖДЭРЭМ: ХҮРЭН АЗАРГАНЫХАА АМЖИЛТААР ААВ МААНЬ АЛДАРТ УЯАЧИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН

Нийтэлсэн: 2018.05.01 11:05
  • http://www.todmagnai.mn/newsimage/716220185111132.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/7162201851111310.JPG

  • http://www.todmagnai.mn/newsimage/7162201851111319.JPG

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, хоёрдугаар багийн харьяат, залуу уяач Сэмбэннямын Дорждэрэмтэй ярилцсанаа хүргэж байна. 1987 оны өвөл төрсөн тэрээр 2013 оны сумын Эрүүл мэндийн төвийн аварга, 2014 онд сумын начин, 2015 онд Шилдэг уяач болж байжээ.

-Орчлон ертөнцийн юм бүхэн өөрийн учир шалтгаан, жам хуультай байдаг. Энэ жам хуулиас шалтгаалахгүй нэгээхэн ч зүйл байхгүй. Таны уяач болсон нь ч гэсэн ямар нэгэн учир шалтгаантай болов уу гэж бодож байна? 
-Би бол гурван үе дамжсан уяач. Өвөөгөөсөө эхлэх нь зүйтэй байх. Манай аавын аав Довдон гэж лам хүн байсан. Нэгдэл нийгэм, захиргаадалтын үед хурдан хурц хүлэг уядаг хүн байв. Өвөөгийн адууны удам угшил аавд өвлөгдөж, нутаг усандаа сайхан наадаж ирсэн. Өвөөгийн унаган адуу муруй хошуутай хүрэн гээд хурдан морийг нутгийн хөгшчүүл андахгүй. 1960 оны үед өвөөгийн муруй хошуутай хүрэн морь нь сумандаа нэг түрүүлж, бага жижиг наадамд нэлээн хэд түрүүлсэн гэдэг.
-1960-аад он гэхээр нэлээн хожуу үе болох нь ээ? Өвөө тань нутаг орныхоо хийдэд шавилан сууж байсан уу?
-Тийм. Ам дамжсан яриагаар би 60 онд л гэж сонссон. Манай энд Сангийн далайн хийд гэж хойшоо Завханы Отгоны уулзвар дээр, баруун уулын өврийн хийд, дээшээ хадны суурингийн хийд, Бугатын хийд гээд дөрвөн том хүрээ байсан гээд шашин янзын их хөгжсөн газар. Хэлмэгдүүлэлтийн үед маш олон лам нарыг хоморголон барьж цаазалсан газар нь ч мөн энүүхэн урд байдаг. Хэлмэгдүүлэлт эхлэх үеэр өвөө маань хар хүн болж амьд мэнд үлдсэн. Тэр үед баг бригадын даргын алба хашаад хэлмэгдүүлэлтийг өнгөрөөсөн гэж ярьдаг. Тэгээд ардчилсан хувьсгал ялж сүм хийд сэргэхэд нас дээр гарсан ч сумынхаа хийдэд сууж байгаад 1995 онд намайг нэгдүгээр ангийн хүүхэд байхад өөд болсон доо. Өвөөгийнх гурван банди, хоёр охинтой. Манай аав дээрээсээ гурав дахь хүүхэд нь. Аав маань анхны илгээлтийн эзэн. Манай өвөө аав Довдон гэдэг хүн дээр таван хүүхэд илгээлтээр ирсний нэг нь аав байсан гэдэг юм. 
-Хоёр дахь үеийн уяач аавын тань тухайд яриагаа үргэлжлүүлье?
-Миний аав Довдонгийн Сэлбэнням гэж хүн 1964 оны луу жилд төрсөн. 1986-1989 оны хооронд цэргийн алба хааж ирээд эцгээс уламжилж ирсэн адууг улам чанаржуулан их сайн адуу бий болгосон гэж улс амьтан ярьдаг л даа. Ховд зүгийн олон тамгатай хээр азарга туувраас авч, тэрний удам төл их сайн хурдалсан. 1996 онд зуд болж адуу нэлээд үхэж манайх азаргагүй болчихсон. Хавар нь аав Марал зүг рүү яваад хонины хүүхэд унасан жижигхэн хязаалан хүрэн үрээг таньж авчраад азарга тавьж байсан түүхтэй. Тэр үед би хоёрдугаар ангийн хүүхэд ийм адуу давхидаг юм уу гээд дургүйцэж байсан.
-Хонины морь хурдан хүлэг болсон түүхийг ярьж өгөөч?
-1999 онд хавчиг соёолон азарга энд анх гуравлаад, тэр жилээ хойшоо яваад Засгийн газрын тогтоолтой Отгонтэнгэрийн улсын тахилгад дөрөвлөсөн. Манай сумын улс, бүсийн чанартай наадмын анхны айраг тэр. Тэрнээс хойш хүрэн азарга их олон айрагдаад, 2009 онд сургуулийн ойд уралдаад зодог тайлсан. Саяхан хоёр жилийн өмнө 23 насандаа өөд болсон. Хүрэн азарганы амжилтаар л манай аав Аймгийн Алдарт уяачийн болзлыг хангаж байсан.
-Хүрэн азарга 10 жил уралдахдаа нийт хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Улс, бүсийн наадмаас нэг айрагтай. Манайх аймгаасаа хол болохоор хөлөөр нь хөтөлдөг байсан тэр үед аймагт очиж чадаагүй. Завхан аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд эндээс хөтөлж очоод мордуулахын өглөө нь хөл нь доголчихоод уралдаж чадаагүй ирж байсан юм. Өөр том наадамд явж чадаагүй дээ. Азарга 12,13 хүрээд ирэхээрээ ерөнхийдөө харих талдаа болчихдог юм билээ. Сумын бага жижиг наадамд 17,18 айрагдсан байдгийн долоо нь түрүү байдаг. Отгон руу их олон наадсан. Отгон сум 10 зааныхаа ой хийхэд тэнд очиж түрүүлээд даагаар байлуулсан.
-Аав тань хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байсан бэ?
-Манай суманд 2007 онд анх аймгийн Алдарт уяач цол олгож, дөрвөн хүн энэ цолыг авч байсан. Тэрний нэг нь манай аав, одоо талийгаач болсон авга эгчийн нөхөр Батдэлгэр, Хувран, Чилхаасүрэн байсан. Тэгээд энэ дөрвөн хүн дараа жил нь 2008 онд аймгийн Алдарт уяачийн наадмаа өргөн дэлгэр хийж байлаа.
-Хүрэн азарганы төлүүд хэр хурдалсан бэ?
-Сайн адуу олон төрдөггүй юм шиг байна лээ. Хүрэн азарганы төл хоёр шарга, нэг хараар азарга тавьсан. Эргээд цусанд нь оруулахаар аав селекцийг нь зохицуулж байгаа. Ер нь төл азарганууд нь ч их хурдан байгаа. Хүрэн азарганаас хойш шарга азарга залгаж гарсан. Шарга азарга энэ суманд нэг түрүүлж, ес айрагдсан. Сургуулийн ойгоор хүрэн азарга зодог тайлж байхад манай сум ганц айраг авсан нь түүний төл хар даага. Манай наадамд тойрсон сумдаас их ирдэг юм. Тэр хар үрээгээр бас азарга тавьсан байгаа. Дараагийнх нь Хүрээмаралын аймгийн Алдарт уяач Ум гэж олон сайн бүгээн адуутай хүнээс халиун гүү авчирч хүрэн азаргандаа тавиад эр шарга унага гарч байсан. Түүгээр бас азарга тавиад байгаа. Хүрэн азарганы хамгийн сүүлийн төл нь Балжир гэж манай худын алаг гүүнээс гарсан халзан даага бий. Тэр халзан энэ жил нэлээн хэд айрагдаад байна.
-Ер нь уягдаж байгаа азарганд цөөн гүү хураалгадаг.Тэгээд хүсэхэд хясаж байгаа юм шиг гарч байгаа төлүүд нь охин голцуу байдаг. Хэр төл сайтай азарга байсан бэ?
-Яг адилхан.Хүрэн азарганы төл охин голцуу, эр төл алаг цоогдуу л гардаг байсан. Уягддаг азарга байсан хэрнээ их олон гүүтэй, ороо ихтэй. Тэгээд дээрээс нь үр төлийг нь авъя гэсэн улсууд гүү тавьдаг. Уягдаж байхдаа ч гэсэн арваад гүүтэй байдаг байсан. Маш өвөрмөц уяатай. Өдөрт зургаагаас дээш цаг уядаггүй, битүү нэмнэж хөлс авч үзээгүй. Орой дөрвөн цагийн үед л адуунд нь тавиад, өглөө нар гарахад адуунаас бариад уячихдаг. Тийм хөнгөн уяатай азарга байсан. Төлөөс нь түрүүний ярьсан гурван азарга, бас гайгүй сайн морьд гарсан. Манай аавын дүү Түмэндэмбэрэлийн хүрэн морь байна, бор морь байна. Гал төл морьд бол цөөвтөр. Бас үр төлийг нь ийш тийш нь их зарсан.
-Ийш тийшээ зарагдсан төлүүд нь яаж давхидаг вэ. Сураг ажиг байна уу?
-Миний мэдэхээр Марал руу манай аавын найз МУ-ын Сайн малчин Нямсүрэн гуайн хүү Дэрэмд хүрэн азарга очсон байдаг юм. 2011 онд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, дотрын эмч Дорждагва гэдэг хүн зорьж ирээд хүрэн азарганы чинь төлнөөс авъя гээд хээлтэй, зарим нь унагалчихсан долоон гүү, нэг морь авч байсан. Тэд нарын үр төлүүд нь Говь-Алтай аймагт очоод сайн байгаа, бүр дахиад авмаар байна гээд байгаа.
-Адуу гаргасан тухайд тийм байж. Гаднаас адуу авч цус сэлбэж байв уу?
-Говь-Алтай руу адуу өгснийхөө дараа адуу маань арай л цус ойртоод байгаа юм шиг санагдаад Хүрээмаралаар явж Чагнаа, гөөгөө Магнай зэрэг айлаас олон гүү цуглуулж ирсэн. Хүрээмарал сум ер нь хурдны өлгий сум. Намайг жоохон хүүхэд байхад л Маралын морьд их хурдан, одоо ч хурдан байна л даа. Сүүлийн үед шинэ цагийн уяанд яалт ч үгүй зүүн талын адуугүй бол болохгүй болчихсон байна. 2012 онд манай нутгийн уугуул, Дорнод аймгийн Булган сумын Халзан гэж хүн манай суманд 17,18 үрээ авчирснаас хоёр азарган үрээ авч азарга тавьсан. Алаг азаргыг нь манай сумын Засаг дарга Баясгалангомбо авч өгсөн. Одоо гүү хураачихсан байж байгаа, тэрнийг уяж оролдохгүй төлийг нь авах санаатай. Хүрэн азаргыг нь би өөрийнхөө нэр дээр авсан. 2012 онд шүдлэн үрээ аваад, 2013 онд хязаалан гурав уралдаж гурав түрүүлсэн. 2013 онд манай энд хангайн бүсийн уралдаан болж, тэнд долоогоор орж байсан. Өмнө нь сумандаа түрүүлчихээд байсан юм. Соёолон үрээ Гурвалбулагт очиж бас долоогоор орсон. Тэгээд хойшоо Завханы Отгоны 90 жилийн сорилго наадамд айргийн тавд давхиад, наашаа ирж хоёр жижиг наадамд түрүүлсэн юм байна. Ноднин сумынхаа 90 жилийн ойд наймаар давхиулчихаад, хавчиг азарга өнжөөд, сая Халзан хангайн бүсийн сорилгод нь аман хүзүүдээд, яг наадамд нь 12-оор орсон.
-Уяачийн гараа уралдаанчаас эхэлсэн байх гэж бодож байна?
-Хурдан морь унаж байсаан. Гэхдээ хүрэн азаргаа бол унаж байгаагүй. Багадаа моринд хүнддүү ч байсан юмуу унаагүй юм. Манай аавын хамаатны Түвшин гээд жижиг биетэй хүү унадаг байсан. Би Төмөрбаатар гэж хүний халиун соёолон үрээг унаж түрүүлгэж байсан. Оныг нь сайн санахгүй байна. Тэрний дараа жил нь Гурванбулагийн Баатар гэж хүний хээр азаргыг аман хүзүүдүүлээд, Гурванбулагийн Даваацэрэн баатрын наадамд очиж талийгаач хүргэн ах Батдэлгэрийн хүрэн азаргыг унаж гуравлуулж байсан. Унаач байхдаа нэг иймэрхүү л амжилтай уралдсан.
-Тэгээд хэдий үеэс уяачийнхаа гарааг эхэлж байв?
-Би 2009 онд Говь-Алтайн анагаахыг төгсөж ирснийхээ дараа энд ганц хоёр сар ажиллаж байгаад Дарханы анагаахад сурахаар явж байсан юм. 2010 онд төгсөж ирээд, 2013 онд айл гэр болж байсан. Тэр жилээсээ л морь уясан даа.
-Богинохон ч гэлээ энэ хугацаанд ямар амжилттай, айраг, түрүү хэдтэй наадсан байна вэ?
-Гайгүй амжилтууд гаргаж байна аа. Хоёр жилийн хугацаанд хүрэн азаргаа 5 түрүүлгэж, 4 айрагдуулсан байна. Энэ жил нас нийлж байгаа азарга л даа. 2014 онд МУ-ын Алдарт уяач Хорлоодойн адууны угшилтай хонгор даага авсан. Авсан жилээ өнжөөд ноднингоос уягдаж 7 уралдсанаас 3 түрүүлж, 4 айрагдаад байна. Энэ жил манай суманд “Баянхонгорын шигшмэл хурд 2” гээд уралдаан болсон. Энэ уралдаанд зорьж очиж сумынхаа анхны айргийг шүдлэнгийн айргийн таваар хонгор үрээгээрээ авсан даа. Тэгээд манай суманд болсон сумын зүүн хойд талын уулын нэрээр нэрлэсэн “Халзан хангайн хурд” Баянхонгорын хангайн бүсийн уралдааны сорилгод нь гуравлаад, уралдаанд нь дөрвөөр давхисан. Бас зүүн талын адуу их сонирхож уяж эхэлж байна. Ноднин зүүн аймгуудаар явж, Дорнодын Булган суманд дээр ярьсан Лэгдэнжавын Халзан гэж хүн дээр очоод ирсэн. Тэр хүний адуу их сайн л даа. Гэр бүлийн хүнийх нь аав МУ-ын Алдарт уяач Баавай Гонгор гэж хүн байдаг юм билээ. Тэдний адуу манай суманд хэд хэд ирсэн. Тэр хэрээр манай сум шинэ цагийн адуутай, хурдтай болж байна. Бүсийн чанартай наадмуудаас айраг авдаг болчихлоо. Гараад уралдахад бололцооны, нүүр улайхааргүй. Өмнө нь бол бусад сумынхан ирээд манай наадмыг бүгдийг нь аваад явчихдаг байсан. Одоо бол өөрсдөө л авдаг болчихсон.  Залуучууд ч морь их уяж эхэлж байна. 2015 онд зүүн тийшээ надтай явсан 4-р багийн дарга Баасансүрэн гээд залуу бид хоёр нэлээд хэдэн төгрөгний адуу худалдаж авсан л даа. Тэрний буян их гарч байна. Тэр найзын маань үрээ сумандаа аман хүзүүдсэн. Тэгээд морь ганц нэг айрагдаад ирэхээр урам ороод ирдэг юм байна.
-2015 онд сумын Шилдэг уяач болж байсан юм байна.Өнгөрсөн жил одтой сайхан наадав уу?
-Өнгөрсөн жил сумын наадамд шүдлэн үрээ түрүүлгээд, нэг бооцоотой наадамд аман хүзүүдүүлээд, Хүрээмаралд очиж 10 гаргаад, хойно нэг наадамд тавлуулаад, Баянхонгорын шигшмэл хурдад айргийн тавд давхиулсан амжилтаар оны шилдэг уяач болсон. Моринд дуртай өвгийнхөө удмыг залгуулж яваагийнх гайгүй амжилт гаргачих юмсан гэсэн хүсэл эрмэлзэл байдаг. Тэр ч үүднээс зүүнээс адуу авч, шинэ цагийн уяанд гайгүй дадаад, байнгын тэжээл маллагаатай уралдаж байгаа. Манай энд саяхнаас л тийм уяа орж ирж, залуучууд ч гайгүй дадаж эхэлж байна.
-Таны товч анкетаас харахад 2014 онд сумын Начин болсон гэсэн байна. Бас барилддаг байх нь ээ? 
-Барилдах бол манай аав, ээж хоёрын талаас удамтай л даа. Аавын талаас хамгийн том цолтой хүн гэвэл Цэдэн-Ишийн Шийрав гээд хүн байна. Онцгой байдлын харьяаны Аврагч биеийн тамирын спорт хорооны дасгалжуулагч, аймгийн Арслан цолтой. Манай ээжийн удамд бол сумын цолгүй залуу ховор байна. Би болоод манай дүү нар ч бас бүгд цолтой, бөхийн спортод элэгтэй гэр бүл. Нэг нь жудо бөхийн дасгалжуулагч. Одоогоор аймгийн цолтой хүн байхгүй байгаа ч цаашдаа болох байх аа.
-Танай суманд нутаг орондоо хамгийн олон жил барилдсан чансаатай ямар бөхчүүд байдаг вэ?
-Сумын наадамд 11 түрүүлсэн Даваажав гэж хүн байлаа. Их сайхан бие хаатай, сайхан бөх байсан юм. Нэлээн олон бандитай, банди болгондоо нэг нэг даага авч өгсөн гэж яригддаг. Тэр үед түрүү бөхийг даагаар байлдаг байсан. Тэр хүн саяхан өөд болсон юм. 
-Миний асуух асуулт энэ хүрээд жаргаж байна. Төгсгөлийн асуултыг танд нээлттэй үлдээе.
-Манай Баянбулаг сум бол аймгийн төвөөсөө нэлээн алслагдсан, дэд бүтэц хөгжсөн ийм сум л даа. Баянхонгорын хамгийн хойд талын сум. Хойд талаараа Завханы Отгон, баруун талаараа Уйлан, баруун урд талаараа Дэлгэр, урд зүгээрээ Гурванбулагтай хиллэдэг. Энэ нутагт адууны өв соёлыг хадгалах, хурдан адуу бий болгох тал дээр сүүлийн үеийн залуучууд маш идэвхтэй, санал санаачлагатай зүтгэж байна. Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн Жадамбаагийн Мөнхсоёл гээд ах байдаг. Тэр ахдаа санал тавиад, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр анхаарч ажиллах бодолтой байгаа. Шинэ цагийн адууны тал дээр манайх хоцроод байна. Бусад нь хэдийнэ эхэлчихсэн байна. “Хонгорын шигшмэл хурд-1” наадамд хоёр азарга Баацагаан, Баян-Овоонд өгсөн, “Хонгорын шигшмэл хурд-2” наадамд бас Хүрээмарал, Галуут, Баацагаан гуравт шинэ цагийн адуу өгөхөөр болсон л доо. Тиймээс бид нар 2015 оны 12 сарын хуралдаанаараа шинэ цагийн адуу авъя, хөрөнгө санхүүгээ босгоё,  дэмжлэг туслалцаагаа авъя гэж санал гаргачихаад байж байгаа. Нэлээн ч олон уяачид дэмжсэн. Нутаг адуу зүүн талаас яалт ч үгүй хоцроод байна. Мэдээж гайгүй давхиж байгаа нутаг адуу ч бас бий л дээ. Жишээлбэл 2014 онд Гурванбулагийн хангайн бүсэд манай сумын нутаг морь түрүүлснийг дурдах хэрэгтэй.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам