������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

Аймгийн Алдарт уяач Н.Хуушаан: МИНИЙ ХЭЭР, БОР ХОЁР ИХ СОНИН ТОХИОЛООР НАДТАЙ УЧИРСАН ЮМ

Нийтэлсэн: 2018.05.01 10:45
  • http://www.todmagnai.mn/newsimage/7161201851105539.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/7161201851105546.JPG

  • http://www.todmagnai.mn/newsimage/7161201851105558.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/716120185110568.JPG

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ахмад уяачдын нэг Хүйсийн говь дөрөвдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Намхайдоржийн Хуушааны ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1942 оны өвөл Сайн уст хэмээх газар айлын дөрөв хүүхэд болон мэндэлсэн бөгөөд АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медалиар шагнагджээ.

-Та тун ховор нэртэй хүн юм. Нэрийг тань хэн хайрласан бэ?
-Манайд хүүхэд тогтохгүй байсан юм гэнэ лээ. Хуушаан гэдэг нэж бодлын тэнэмэл ч гэмээр юмуу, нэг тийм хүн манай нутгаар явдаг байж л дээ. Тэгээд л манай аав, ээж хоёр “энэ тэнэмэл хүний нэрийг өгчихье” гэсэн юм шиг байна лээ.
-Таны дээд талд төрсөн хүмүүсийн ихэнхи нь байхгүй юм уу?
-Дээд талд Цэвэг, Рагчаа гэж байсан. Би Сэрээнэн гэж ганц эгчтэй, одоо амьд сэрүүн байна. Дүү маань Монгол Улсын их сургуулийн багш Халзан Ёндон гэж байсан. Саяхан бурхан болчихлоо.
-Танай удамд уяач хүн бий юу?
-Өвөө болон түүнээс дээш үеийнхэн уядаг байсан эсэхийг би мэдэхгүй юм. Манай аав цэргийн алба хааж, дайнд оролцож явсан хүн. Аав морь уядаггүй байсан. Хүүхдүүдээс нь би л ганцаараа морь уясан.
-Та анх унаган адуугаа уясан уу, эсхүл...?
-Би 25, 26-тайгаасаа л морь уяж эхэлсэн. Анх хүмүүсээс даага, үрээ, бүдүүн морь авч байлаа. 
-1990 оноос өмнө ямар, ямар морьд уяж, хэрхэн уралдуулж байв?
-Их хурдан бор морь байлаа. Ойр орчмын сумдын баяр наадмаас айраг алддаггүй байсан. Гэвч сумандаа ганц ч түрүүлээгүй. Тэгж байгаад Ховдын Дарвид түрүүлсэн. Манай энд Гонгорын шарга гээд цуутай хурдан морь байсан юм. Баян-Уулд тэр шарга морьтой цуг уяад очиж байсан. Хоёулаа зэрэгцэж давхисаар барианд орсон. Яг баригдахдаа шарга морь нь түрүүлж, миний бор морь аман хүзүүдсэн. 
-Бор морины уяа сойлго нь таардаггүй байсан юм болов уу. Эсвэл хадуурдаг ч юмуу, ямар нэгэн зан авир гаргах уу?
-Хадуурдаг морь биш. Уяа нь л жаахан дутдаг байсан болов уу. Нэг удаа хурдан морь унаж эхэлж байгаа долоон настай хүүхэд унуулж тавиад хадуурч байсан. Түүнээс өөр уралдаанд хадуурч байгаагүй.
-Ховдын Дарвид түрүүлдэг жил уяа сойлго нь сайхан таарч дээ?
-Уяа сойлго нь бусад жилүүдийнхээс арай л илүү байсан санагдаад байгаа юм. Миний хээр тийм ч сайхан морь биш л дээ. Гүүн хэвтэй, булчин шөрмөслөг л амьтан. Гэвч миний хээр морины уяа ид ханаад ирэхээр шөрмөсний хий нь хуруу орохоор болдог. Тэгээд л их сайн давхидаг байсан. 
-Тэгвэл бор морины уяа нь ханахаар яадаг байсан юм?
-Бор морийг багад нь чөдөрлөж уядаг байсан. Түүнээс ч болсон уу, шөрмөсний хий нь онц гарч ирдэггүй байсан юм.
-Бор морь чинь хэд хүртлээ уралдсан бэ?
-Олон жил уралдсан шүү. Баян-Уул, Дөрвөлжин гээд их, бага олон наадамд айрагдсан. 
-Бор морийг залгаад ямар морь уясан бэ?
-Бор морь уясан. Тэр бол их ааштай, булгидаг морь байсан. Хөлслөхдөө заавал нэмнэнэ.  Суманд хийсэн намрын наадамд түрүүлж байлаа. Хойтон нь сумын баяр наадмаар аман хүзүүдсэнээс нь хойш олон хүн “авъя” гээд болдоггүй. Тэгсэн манай хөгшин “Олон хүн ярьсан адуу тусгүй юм гэнэ лээ. Чи наад морио зар” гээд байхаар нь зарчихсан. 
-Хэн гэдэг хүнд зарсан бэ. Тэндээ очоод яаж давхив?
-Дарив сумын Чангарав гэж хүнд анх авсан үнээ алдалгүй л өгсөн. Тухайн үед мөнгөний ханш бага байсан л даа. Тэнд очсон жилээ дөрвөөр, хойтон жил нь уяатай байснаа үргэж үсрээд уяагаа тасдаад явчихсан гэсэн. Тэгээд морьтой хөөгөөд гүйцэлгүй, Сутайн ууланд гаргачихсан. Буулгаж чадахгүй байсаар тэр жилдээ уралдуулж чадаагүй гэсэн. Хойтон жил нь наймаар ирсэн гэлүү дээ. Уяаг нь ерөөсөө олж уяж чадаагүй юм гэнэ лээ.
-Анх та хэн гэдэг хүнээс авсан бэ?
-Манай сангийн далайн Бямба гэдэг уяачаас авсан юм. Морь жаахан гадарладаг хүмүүс “Тэр их түүхтэй морь юм гэнэ лээ” гэж ярьдаг байлаа. Учир нь, зүүн талын отор орж ирсэн юм гэнэ лээ. Гэтэл Бямба тэндээс хонгор сарваа салгаад адуутайгаа нийлүүлчихсэн. Отор нь ч төдхөн буцаад явчихсан. Гэтэл тэндхийн нэг хүн “Энэ чинь манай хонгор азарганы төл” гээд Бямбаагаас булаагаад авчихаж. Тэгээд Баян-Уул сумын эмч Өвгөнхүүд зарчихсан юмсанж. Бямба ч тэр хонгор үрээг сайн давхина гэдгийг гадарлаад л байж. Тухайн үед юмны үнэ бага байсан учир тэгээд Өвгөнхүүтэй очиж уулзаад, карбин буу өгөөд авчихсан юм гэнэ лээ. Тэгээд л тэр морь надад ирээд давхисан юм даа.
-Зүүн зүгийн оторчид нь аль аймгийн хүмүүс байсан юм бол?
-Завхан аймгаас манай Сангийн далай руу орж ирдэг байсан юм. Отор ч гэхэд бас хаашаа юм. Адуунууд орж ирж өвөлжөөд буцдаг байсан юм.
-Та анх уясан бор морио хаанаас авсан бэ?
-Завхан голын Дашзэвэг гэдэг адуучнаас даага байхад нь авсан юм. Манай нэг даага тийшээ очиж, адуунд нь нийлчихсэн, гэтэл тэр хүн цааш нь хүнд зарчихсан юм гэнэ лээ. Тэгээд оронд нь тэр бор даагыг өгсөн юм.
-Та уяж сойно гэж шинжиж авав уу, эсвэл дааганыхаа оронд л нэг морь авъя гэж бодсон уу?
-Нүдэнд туссанаа л авсан. Би ч тэр үед морь сайн таньдаггүй байсан болохоор сонирхож л авсан хэрэг. 
-Хонгор мориныхоо дараа залгуулаад ямар морь уясан бэ?
-Хээр морийг бас тэр Бямба гэдэг хүнээс авсан юм. Тэр бас их түүхтэй морь л доо. Бямба өөрөө хязааланд нь энд уралдуулахад түрүүлсэн юм. Тэгээд би авъя гэсэн боловч өгөөгүй. Олон ч хүн гуйсан юм гэнэ лээ. Гэвч өгөлгүй аймаг руу яваад, тэндээ очоод дөрвөн адуу чөдөрлөж байгаа чөдөртэй нь алдсан. Тэгээд сарын дараа нутагтаа иртэл нөгөө дөрөв нь ирчихсэн байж. Миний авдаг хээр морь бүр өрөөлтэй, сар шахам хугацаанд тийм л байдалтай явж л дээ, хөөрхий. Манай энд мал авдаг байхад би нэгдлийн няраваар ажиллаж байсан юм. Би бог өгөөд 400 төгрөгтэй болчихсон, тэрийгээ халааслачихаад мал аваад л сууж байлаа. Гэтэл Бямба жаахан халамцуу хүрээд ирдэг юм байна. “Чи миний хээр үрээг авъя гээд байсан билүү. Олон л хүн авъя гээд байгаа юм. Гэхдээ би нутагт нь заръя даа. Чи ав” гэж байна. Үнийг нь сонсоё гэтэл 3500 төгрөг гэж байна. Би ч шууд л авахаар шийдлээ. Наадам ч болох гэж байсан юм, хээр морио авч уяя гэж бодоод сүүний тэргэнд дайгдаад Сангийн далайн тэнд Гурван худаг гэдэг газар яваад очлоо. Айлаас сурагласаар яваад очтол шар үс нь наалдаад хатчихсан, хэдрэг шиг эцэнхий, хөл нь тээрмийн гол шиг нарийхан болчихсон байсан. 
-Сар шахам өрөөлтэй явчихсан юм чинь аргагүй л дээ?
-Би ч шууд эмээллээд л аваад ирсэн. Хэсэг яваад явахаа больчихлоо. Тэгэхээр нь хөтлөөд л алхчихсан. Хөтөлсөөр яваад Морьтын овоон  дээр ирээд сайхан хялганатай газар тавьчихаад овооны сүүдэрт хэвтэж байлаа.  Цангана ч гэж жигтэйхэн. Хэд сайхан хазуулж аваад Хоёр худгийг чиглээд явлаа. Хэсэг яваад л зогсчих юм. Хөтлөөд л алхлаа. Би бас их нэрэлхүү хүн л дээ. Нэрэлхээд цэгийн айлыг зүглээд л алхаад байлаа, очоод шон дээр нь ирж уячихаад хүйтэн юм залгилчихаад хэвтэж байсан чинь унтаад өгч. Хүн татаад байхаар нь сэрээд харсан чинь манай эндэхийн хүн явна. Гараад очвол хоёр сайхан тарган ат хөтөлчихөж. Түүнтэй ханьсаад Харганатай шовгор дээр иртэл морь ч явахаа болилоо. Нөгөөх маань жаахан мэдрэл дутуу хүн байсан юм. Гэтэл “Чиний морь явахгүй юм байна. Би явлаа” гээд ухасхийчихдэг юм даа. Би хойноос нь дуудаж ядаад, морио хөтлөөд л алхсан. Нэг овгор дээр гараад иртэл сайхан суль ургачихаж. Морио тавьж идүүлээд, хэсэг хэвтлээ. Тэгсэн Манхан дундуур машин гараад ирлээ. Би тэр үед нэгдлийн нярав байсан юм. Манай жолооч Сундуй мөн байна. Тосоод даллаад байсан чинь хүрээд ирлээ. “Тэрүүхэнд байгаа айл руу морио аваачаад өгчихье. Чи буцахдаа намайг аваад яваач” гэлээ. Тэгээд л айлд морио орхиод, машинд суучихсан даа.
-Хээрийгээ аваад, нөгөө хоёрыг нь үлдээчихсэн, тийм ээ?
-Тийм. Тэр жилдээ уяж чадалгүй өнжсөн. Уяхын ч аргагүй эцэнхий байсан юм. Их муудсан адуу чинь ер ахидаггүй юм билээ. Хойтон жил нь бас л их эцэнхий морь уясан. Их сунгаанд явуулчихаад хөлсийг нь хусаад зогсож байтал манай найз Пүрэв хүрээд ирлээ. “Чи яах гэж ийм морь аваа вэ. Наадахаа тавь” гэдэг юм байна. Би ч “Нөгөөдөр нартай л байвал миний морь 20 дотор ирнэ ээ” гээд хэлчихлээ. Гэтэл нөгөөх чинь “За, 20 дотор ирдэг юм бол чи үүнийг аваарай” гээд түрийвчтэй мөнгөө гаргаж, надад харууллаа. Нөгөөдөр нь миний морь таваар ирсэн юм даа.
-Хэдэн онд билээ?
-1988 он байх аа. Би ч морио барьж авчихаад, наадмын талбайн баруун хойд захад байгаа нөгөө нөхөр рүү алхлаа. Манай сэтгүүлч, Мягмар найз, тэр хоёр эхнэртэйгээ дөрвүүлээ зогсож байснаа намайг хараад түрийвчээ нуугаад сүйд болсон байгаа юм. Тийм л түүхтэй морь доо.
-Түүнээс хойш хэрхэн давхисан бэ?
-Сумандаа гурав түрүүлсэн. Баян-Уулд Ширнэн Аваргын халтар морь гэж алдартай хурдан морь байсан. Би 20 хэдтэйгээсээ улсын Аварга малчин Ширнэн, улсын Аварга малчин Жадамбаа, аймгийн Алдарт уяач Дагваа гурвыг дагаж уяж эхэлсэн юм. Ширнэн Аварга халтар, хүрэн хоёроо, би хүрэн морио уяад Баян-Уулд очлоо. Тэнд нэг ойн наадам болж байсан юм. Завхан аймагт тэр жил түрүүлсэн хээр морь ирчихэж. Дөрвөлжин сумын Гожоолой гэдэг хүний морь байсан юм. Тэгсэн Ширнэнгийн халтар, манай хээр, Гожоолойгийн хээр гурав гурвуулаа тасархай ирдэг юм байна. Тэгээд манай хээр түрүүлж, Ширнэн Аваргын халтар хоёр, Гожоолойгийн хээр гурваар баригдсан. Мөн Говь-Алтай аймгийн 50 жилийн ойн наадамд түрүүлсэн. Миний хээр морь энэ мэт томоохон наадамд тав түрүүлсэн.
-Аймгийн 50 жилийн ойн наадам хэр өргөн дэлгэр болсон бэ?
-Өргөн дэлгэр болсон шүү. Би өмнөх жил нь Ховдын Чандманьд хээр морио уяж очоод уяа их сайхан орсон болохоор бараг түрүүлчих болов уу гэж бодож байсан. Тэндхийн хүмүүс л морь дагахаас гадны хүмүүсийг дагуулдаггүй юм билээ. Тэгсэн хээр морь маань газрын дунд ороход л сугарсан гэж байгаа. Хадуурдаггүй морь гэнэт л эргээд наашаа жирийчихсэн. Хүүхэд нь татаад хүчрээгүй. Тугтай машин шахаж ядаад, тугаар ороолгоод дийлэлгүй орхичихсон. Гэтэл араас нь мотоцикльтой хоёр залуу ирээд, нэлээд сайн шахаад дундуур оруулаад тавьсан байгаа юм. Тэгээд 13-аар ирсэн дээ. Түүнээс хойш нүд нь юм үздэггүй болчихсон. 
-Хээр морь уу?
-Тийм. Хараад байдаг хэрнээ юм үздэггүй болчихсон. Уулын орой руу л хараад байх шиг байгаа юм. Тэр орой би Дагваа гэдэг хүүхэдтэй хамт явсан юм. Би ч мотоцикльтойгоо орой нь буцсан. Тэгсэн Дагваа “Үүрээр л идээд унасан” гэдэг юм. Гэвч хойтон жил нь аймгийн 50 жилийн ойгоор түрүүлсэн. 
-Зарим аймгийн тэгш ойн жил сум бүрээс тэдэн хурдан морь авч ир гэсэн үүрэг өгөөд байдаг. Та тэр үед тийм даалгавраар очив уу, эсвэл сайн дураараа очив уу?
-Манай сумаас олон хурдан морь очсон.  
-Та хээр морио түрүүлнэ гэж бодож байсан уу?
-Миний бие муу байсан болохоор хамт явж чадаагүй юм. “Тийм том наадамд яаж түрүүлэх вэ дээ” л гэж бодогдож байсан. Манай нэг банди, Дагваа гуайтай хамт авч явсан юм. Гэтэл түрүүлчихээд ирсэн. Миний бие муудаад, 2000 оноос хойш үндсэндээ уяаны ажлаас хасагдсан.
-2006 онд бүсийн наадамд айрагдсан. Тэр жилдээ аймагт түрүүлсэн юм уу?
-Би буруу санаад байж магад. 
-Та хээр морины дараа залгаж морь уяагүй юм байна. Хүүхдүүд тань залгамжлаад уясан уу?
-Манай гурван бандийн нэг нь л морь уяж байгаа. Зүүн талаас хэдэн хонгор адуу авч ирсэн. Сайн л давхиж байна. Сүүлийн үед залуучууд адууныхаа үндэс угсааг сайжруулах зорилгоор хурдан адуу олныг авч ирж байна. Энхсайханы саарал, Тэрбишийн цоохор, Анхбаярын цоохор, Хүлэгийн Мөнхөөгийн хонгор, Алтансүхийн хүрэн халзан, Төмөрхуягийн хар, Жадамбаагийн хүрэн халзан гээд олон сайхан азарга байна. Явсан газар бүртээ л нутгийнхаа нэрийг гаргаж байна. Энэ жил манай наадамд ах дүү хоёр цоохор азарга ташраараа ирсэн. Даривын наадамд бас хоёулаа дээгүүр ирсэн сурагтай.
-Таны хувьд хамгийн сайхан бахдалтай наадам хэзээ тохиосон бэ?
-Манай сумын наадам сайхан, өргөн дэлгэр болдог. Дөрвөлжин, Чандмань, хоёр Дарви,  Баян-Уулаас ирж уралдана. Манай сум ч энэ хавьдаа хурдан морьдоороо алдартай байлаа. Наадам бүр л сайхан болдог байсан даа. Миний хээр морь сумандаа гурав түрүүлсэн юм. Тэр наадам уяачийн хувьд бахдалтай сайхан үе байлаа. 
-“Хүйсийн говь” багийн үе, үеийн сайн уяачдын тухай та хэр мэдэх вэ?
-Ширнэн Аварга, Жадамбаа аварга хоёр их хурдан морьтой. Мөн Чагнаа, Ёндон гэж хоёр аварга байна. Манай говь улсын Аварга малчин олонтой. Тэдний морин дээр мөнгөөр бооцоо тавьж тоглодог байлаа. Сүүлийн үед Нанжид, Амгалан нарын хүүхдүүд нэлээд сайн морьд уяж байна. Түдэв гуай бас залуудаа морь сайн уядаг байсан. 
-Морь сайн шинждэг ямар, ямар хүмүүс байв?
-Сангийн далай багийн Бямба гэдэг хүн морь жаахан гадарладаг байсан. Манай багаас Жадамбаа Аварга морь сайн шинжинэ. Авсан морьд нь ч сайн давхидаг байлаа. Завхан гол багийн Бадарч бас морь гадарладаг байсан. 
-Таны бодлоор “Хүйсийн говь” багийн адууны бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-“Хүйсийн говь”-ийн адуу хурд сайтай. Манай суманд Завхан голын адуу арай илүү тэнхээтэй. Манай хоёр баг эндээ элсний баг гэгддэг юм. “Завхан гол”-ын Шонтоо гэдэг залуугийн хоёр халтар морь энэ жил ташраараа ирсэн.  
-Хоёр халтар эндэхийн унаган адуу юу, эсвэл говийн зэрлэг адуутай цус холилдсон юм болов уу?
-Миний дээр нэрлэсэн бүх морь манай эндэхийн унаган адуунууд. 
-Жороо морь ховор юм аа даа?
-Тийм. Манай суманд жороо морь цөөрөөд, сүүлийн үед уралдахаа ч больсон.
-Балбаатар ах “Энэ нутаг тахьгүй боллоо. Одоо манай нутаг сайн адуугүй болох нь дээ гэж өвөө минь ярьсан” гэж байна лээ. Энэ ямар учиртай үг юм бол оо?
-Тахь нутагшсан газрын адуу сайн гэж хүмүүс ярьдаг л даа. Зарим хүн тахийн азарга Монгол гүүтэй нийлснээс тийм хурдан хүлгүүд төрдөг ч гэж тайлбарладаг. Би тахийн азарга монгол гүүтэй нийлсэнийг нүдээр үзээгүй учраас хэлж мэдэхгүй.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам