������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

Уралдаанч Ц.Цэрэнчимэд: ТОМ БИЕТЭЙ ГАДААД МОРИО ТОМЧУУД УНАДАГ БОЛБОЛ ЗҮГЭЭР

Нийтэлсэн: 2017.12.20 09:50
  • http://www.todmagnai.mn/newsimage/686720171220101110.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/686720171220101119.jpg

Увс аймгийн Хяргас сумын уугуул, хурдан морь унаач Цогтбаатарын Цэрэнчимэдийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Хэзээнээс хурдан морь унаж хурдлуулж байгаа вэ?
-2006 онд  зургаан настайдаа унаа морь унаж сураад, 2008 оноос хурдан морь унадаг болсон. Хамгийн анх Цагаан голын бэсрэг наадамд “Увс хүнс” компанийн захирал Мөнхнарангийн хүрэн азаргыг унаж тавд оруулж байсан. Түүний дараа жил Хяргас сумынхаа наадамд Мөнхнаран ахын хүрэн азарга, өөрийнхөө хонгор хязааланг унаж уралдсан. Одоо бол уяаны ихэнх морьдыг унадаг даа.
-Өнөөдрийг хүртэл хичнээн айраг түрүү авсан бэ. Тоолж байв уу?
-Тоолж үзээгүй ш дээ. 2008 онд хүрэн азаргаа Цагаан голын наадамд айрагдуулсан. 2009 онд болохоор сумынхаа наадамд хүрэн азарга, хонгор дөнөн хоёроо гуравт давхиулаад, хул соёолонгоо тавд оруулсан. 2010 онд Баруунтуруунд болсон бооцоот уралдаанд суманд хоёр айрагдсан Отгонбаярын борыг есөд давхиулсан. Тэндээс ирээд сумынхаа наадамд Мөнхболд ахын хо /хонгор/даагыг таваар давхиулсан. 2011 онд болохоор Хяргас сумынхаа наадамд өөрийнхөө хонгор даагыг таваар давхиулаад, хонгор дөнөн  дөрвөөр давхиулсан. Тэндээсээ “Увс хурд” баруун бүсийн наадамд очиж, таван насны морь унаад их насаа 23, азаргаа 20, соёолонгоо 33, хязаалан, даага дундуурхан давхиулсан. Тэгээд тэр жилийн наадам дууссан.
-2012 онд яаж наадсан бэ?
-Хяргас сумынхаа наадамд хязаалан, шүдлэн хоёр айрагдуулсан. 2013 онд болохоор Отгонбаярын бор морийг Бухтын өдөрлөгт таваар давхиулж, Хар азаргын наадамд хонгор  даагаа хоёрт  давхиулсан. 2014 онд болохоор сумынхаа  наадамд өөрийнхөө хүрэн халзан морийг тавд, аймгийн Алдарт уяач Балжиннямын Төв аймгийн угшилтай хар үрээг дөрөвт оруулсан. Тэр хавар манай суманд зохиогдсон бэсрэг наадамд Балжинням гэдэг хүний морийг бас таваар  давхиулсан.
-Унаж байсан морьдоос чинь хамгийн хурдан нь  хэний ямар морь вэ?
-Отгонбаяр ахын бор морь. Бор морийг унаж долоон медаль авсан. Гараа сайтай морь. Надаас өмнө манай ах унаж суманд аман хүзүүдүүлж байсан. Түүний дараа Цээдээ гээд нэг ахын морийг бас унаж аман хүзүүдүүлж байсан. Харин намайг унаснаас  хойш суманд бол айрагдаагүй ээ, сумын 90 жилийн ойгоор 17-д давхисан. Өдөрлөг, бэсрэг наадмуудаас айраг, түрүү алддаггүй морь байгаа юм. Тэр жил суманд аман хүзүүдэхдээ түрүүлж яваад үзүүр дээрээ хөлөө доголгоод Шовгор хээр гээд зартай моринд дайруулж аман хүзүүдсэн. Хөл нь гэмтээгүй бол түрүүлэх л байсан байх.
-Хаа хаана уралдаж байв. Хамгийн сайхан замтай нь аль сум бэ?
-Хамгийн гоё замтай нь манай сум. Цагаан газар уралдаж байгаад бага зэрэг өгсөөд орчихдог. Хамгийн хэцүү нь  Дүмбэрэл уулын уралдааны зам. Маш их өгсөж уралддаг. Бас аймгийн уралдааны зам. Тойрог дээр булаадаг морьдын ам нь дийлддэггүй хэцүү юм билээ. Би нэг удаа булаалгаад тогтоосон.
-Хамгаалалтын хувцас хэрэглэдэг үү?
-Үгүй. Гэхдээ хэрэглэх нь зөв байх.
-Морь унахад хамгийн хүндрэлтэй нь юу байдаг вэ?
-Гарааны төхөөрөмжгүй газар зарим хүүхдүүд будилуулах гээд байдаг л их хэцүү. Бүх уралдаанд гарааны төхөөрөмж ашигладаг болоосой гэж боддог.
-Морь унах нь хүүхдэд аюултай учраас унуулахаа больё гээд байгаа шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Гадаад том биетэй морио томчууд унаад, монгол жижиг биетэй морио хүүхдүүд унадаг байвал зүгээр юм шиг санагддаг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?
-Ирээдүйд инженер болохыг хүсдэг. Хичээлээ ч сайн хийдэг.
-Өөрийн гэсэн морьтой юу?
-Суманд хоёр айрагдсан хонгор азарга бий. Тэрний дүү хоёр хонгор үрээ ч бас минийх. Булга халтар гээд бас нэг морь бий. Ер нь гайгүй довтолдог хэд хэдэн морь надад бий.
-Чиний морьд яаж давхидаг вэ?
-Булга халтар соёолондоо Баруунтуруунд очиж нэг айрагдаад, сумандаа бас нэг айрагдсан.
-Хүүхдүүд томоохон наадмын урд орой нойр хүрдэггүй гэдэг.Өөрийн чинь хувьд тэгж догдлох уу?
-Тэгнэ ээ. Маргааш яах бол гэж бодохоор нойр хүрдэггүй юм.
-2015 оны уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам